ТҮҮХ, СОЁЛЫН 200 ОРЧИМ ДУРСГАЛЫГ ХАМГААЛТАД АВЛАА
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 50 секунд
Б.Батзориг: Тролл хаягуудын зорилго нь төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг

Б.Батзориг: Тролл хаягуудын зорилго нь төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг

Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой тролл хаягуудын талаар ярилцлаа.

-Нийтийн сүлжээнд хуурамч буюу тролл хаягуудаас үүдсэн асуудлууд шүүмжлэл дагуулдаг. Тролл хаягуудаас үүдсэн сөрөг үр дагаврын талаар ярихгүй юу?

-Хуурамч хаяг болон хуурамч “бот” хаяг гэж хоёр янз байдаг. “Бот” хаяг нь энгийн түвшинд бизнесийн байгууллагууд тодорхой платформууд дээр зөвшөөрөл аваад, нэг дор олон хаягийг хянах эрхийг олж аван тэндээ ёс зүй, хувь хүний нууцлалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл үүнийг буруугаар ашиглаад хуурамч “бот” хаягууд үүсгэдэг. Энэ нь бусдыг залилан мэхлэх, мөн нийгмийн уур амьсгалыг өөрчлөх, хуурамч мэдээлэл түгээх зорилготойгоор программуудыг ашигладаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тодорхой давтамжтайгаар, ижил цаг хугацаанд, ижил мессэжийг маш их хэмжээнд нийтэд түгээдэг. Тухайлбал, фэйсбүүк, телеграм хаягуудаар тодорхой давтамжтайгаар явдаг. Гэхдээ энэ нь программчлагдсан өгөгдлөөр давтамжтай явдаг. Үүнтэй холбоотой манайхаас маш олон иргэн зочид буудлаас баригдаад, их хэмжээний гар утсаар хуурамч мэдээлэл түгээдэг байсан нь илчлэгдсэн. Гадаад орноос манайд хяналт сул байдаг юм байна гээд оруулж ирж ажиллуулж байна гэсэн үг. Сүүлийн үед арай гайгүй болсон. Харин хуурамч хаяг нь программын дагуу биш, хувь хүн зориудаар хаяг нээгээд ажиллуулдаг. Улмаар хувийн өс хонзонгоо авах зорилгоор тодорхой хүн рүү, эсвэл байгууллага руу дайрдаг. Энэ тохиолдолд манайд хууль эрх зүйн орчин бүрдсэн. Залилан мэхлэх байдлаар бусдын хувийн мэдээллийг аваад ашиглавал хувь хүний нууцыг задалсан, мөн түүгээр нь далимдуулаад банкны карт руу нь ороод мөнгө авбал энэ нь залилан мэхлэх гэмт хэрэг болно. Үүнийг нь ашиглаад бусдыг айлган сүрдүүлээд байвал “Далайлган сүрдүүлэх” гэмт хэрэг болно. Эдгээр мэдээллээ ашиглаад олон хүнд төлбөр төлж, нийтэд түгээдэг гэсэн үг. Тролл хаягууд нь тухайн нөхцөл байдалд буюу үйл явдалтай уялдаатай байдаг. Тиймээс хуурамч хаягуудыг нийлүүлээд тролл хаяг болгоод ашиглаж байгаа нь зохион байгуулалттай гэмт хэргийн буюу мафийн шинжийг агуулдаг. Учир нь түүнийгээ орлогын эх үүсвэр болгож, байнга гэмт хэрэг үйлдэх замаар цалинждаг гэсэн үг. Энэ нь заавал ч үгүй том гэмт хэрэгтнүүд байх албагүй байдаг. Тухайлбал, Улсын дээд шүүгчийг томилох үеийн мэдээлэл явбал тухайн хүнийг томилуулах сонирхолтой хүмүүс байвал түүнийгээ ажиллуулж эхэлнэ гэсэн үг. Харин иргэдийн үзэл бодлоо солилцох талбар нь өөр. Нөгөө талдаа илт худал мэдээллийг зохион байгуулалттай түгээхээс үүнийг ялгах хэрэгтэй. Иргэд өөр өөрийнхөөрөө сэтгэдэг учраас тодорхой асуудал дээр нэгдсэн байр суурьтай хүмүүс олон байдаг. Тэр хүмүүс саналаа нэгтгээд, өөрийнхөө үзэл бодлоо нэгтгээд, дэмжээд явж байвал үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж болохгүй. Энэ бол цэвэр үзэл бодлоо илэрхийлж байгаа талбар. Харин олон нийтийн буюу массын хандлагыг өөрчлөх, улс төрийн тодорхой шийдвэрт нөлөөлөх зорилгоор бот программ ашиглуулах, эсвэл хуурамч хаягууд дээр тролл хаягууд үүсгэх бол гэмт хэрэг.

-Гадны улс орнууд тролл хаягуудтай хэрхэн тэмцдэг юм бол?

-Сүүлийн үед ганцхан Монголд биш, олон улсад хуурамч “бот” хаягтай яаж тэмцэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Фэйсбүүк, инстаграммд хуурамч хаягуудыг илрүүлэхэд асар их зардал гаргадаг. Тэгэхээр эрх зүйн орчинд яаж хязгаарлах вэ, 24 цаг хянадаг төрийн механизмаа яаж бүрдүүлэх, иргэдэд тэр хаягуудыг яаж таних вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг мэдээлэл маш ойрхон давтамжтай, адилхан агуулгатай, бүр цэг таслалгүй цацагдаад эхэлбэл энэ бол зохион байгуулалттай хуурамч мэдээлэл явж байна гэж хардаж болно. Гэхдээ энэхүү мэдээлэл зөв мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй.

Гэвч манайд тролл хаягуудаар дандаа буруу зорилгын үүднээс, эсвэл төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх зорилгоор ийм мэдээлэл цацаж байдаг. Хуурамч хаягийг олон улсад блоколдог юм билээ. Олон хүн блоклогдоод эхлэхээр ажиллаж чадахгүй болдог.

-Сөрөг үр дагавраас нь ярихгүй юу?

-Зорилгоосоо шалтгаална гэсэн үг. Бусдын хувийн мэдээллийг авах зорилготой “Үүн дээр “like” дараарай. Энэ мэдээлэл рүү ороорой” гээд цацаад тэр лүү нь оронгуут хувийн мэдээллийг нь маш хурдан татаад авчихдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүний бусдаас нууж явдаг зүйлийг нь олоод авчихдаг гэсэн үг. Дараа нь тэрийгээ ашиглаад дарамталдаг. Мөн төрийн шийдвэр тодорхой, судалгаа, шинжилгээ, олон түмний хэлэлцүүлэг дунд олон талын байр суурийг сонсож байгаад явах ёстой байтал хуурамч хаяг, “бот”-ууд нь хүмүүсийн оюун санаанд нөлөөлөөд эхэлдэг. “Худлаа үгийг мянга давтвал үнэн болдог” гэдэг шиг хүмүүс бодит байдлыг буруугаар ойлгоод авчихаар шийдвэрт нь нөлөөлдөг. Тэгэхээр шийдвэр нь буруу гардаг. Энэ нь төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тролл хаягуудын зорилго нь шунахай, өс хонзонгийн, эсвэл төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг. Мөн сонгуулийг будлиантуулах гэх мэт бүгд цаанаа гэмт хэргийн зорилготой. Тийм учраас манай тагнуул болон цагдаагийн байгууллага дээр кибер гэмт хэрэгтэй тэмцдэг нэгжүүд ажиллаад явж байгаа.

-Фэйсбүүк орчинд тролл хаягууд асар их байдаг?

-Твитер, Фэйсбүүкийг харахаар Твитер дээр байхгүй зүйл Фэйсбүүк дээр явж байдаг. Тэгэхээр олон нийт мэдээллийг зөв, буруу гэж ялгадаг боловсрол, сонгуулийн боловсрол, хүний эрхийн мэдрэмж, санхүүгийн боловсрол гэх зүйлүүдийг л оновчтой байдлаар хүргэх ёстой. Гэхдээ хүргэнэ гээд шоудаад, реклам цацаад байж болохгүй. Нэгэнт л цахим платформ дээр цацагдаж байгаа учраас тэр мэдээллээ хүмүүс ялгах л хэрэгтэй. Гэвч хүмүүс ялгахгүй хохироод байдаг. Энэ тохиолдолд хүмүүс хуулийн байгууллагад хандах ёстой. “Улс төрийн зорилготой, улс орны эрх ашгийг зөрчөөд байгаа энэ хаягуудыг шалгаач” гэвэл шалгаад манайх мэдээллүүдээ хаадаг. Гэхдээ хаалгах гэхээсээ илүү тэр хүнийг нь олж шийтгэхгүй бол дахиад байрлалаа солиод явдаг. Манай улс бусад орныг бодвол и-мэйл хаяг нээхэд чөлөөтэй байдаг. И-мэйл хаягийг л чөлөөтэй нээхээр тэрийгээ дагаад бүх платформууд нээгдчихдэг. Жишээлбэл, Солонгос улс ардчилсан улс, тэнд заавал иргэний бичиг баримтаар и-мэйл хаяг нээдэг. Иргэний бичиг баримтаараа и-мэйл хаяг нээчихсэн тохиолдолд бизнесийн байгууллага гэдгээ хэлбэл олон хаягийг удирдах эрхээ авчихдаг. Нөгөөх нь буруу зорилготой байдаг. Түүнчлэн нэг компанийг дампууруулах, улс орны шийдвэрийг өөрчлөх, эсвэл нэг хүнийг гутаан доромжлох агуулгатай. Харин хувь хүн өөрийн хаяг дээрээ янз бүрийн юм бичиж байвал тэр хүний үзэл бодол юм. Гэхдээ илт худал, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж болохгүй. Энэ хаягаараа бусдыг гүтгэвэл “тэнэг, дүүрцэн” хүн гэсэн үг. Тэгэхээр энэ хяналтыг л зохицуулаад өгчихдөг байх хэрэгтэй.

-Манайд тролл хаягаас болж шийтгүүлсэн тохиолдол байдаг юм болов уу?

-Манайд ингэж шийтгүүлсэн тохиолдол одоогоор би олж үзээгүй. Гэхдээ энэ нь цаанаа бизнес, хуурамч мэдээлэл түгээгээд, мөнгө хийгээд байдаг. Тэр хүний хувьд мөнгө аваад хийх нь эрсдэлгүй, ашигтай байна гэсэн үг. Үүнийг ашиггүй болгох нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа юм. “Намайг барихгүй юм чинь яадаг юм” гэвэл үйл ажиллагаа нь өргөжөөд л байна гэсэн үг. Энэ төрлийн хэргийг шалгаад, шүүхээр эцэслэчихсэн зүйлийг манай хуулийн байгууллагууд мэдээлэх ёстой.

Г.БАЛГАРМАА

Цаг агаар бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ
Цаг агаар бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Сэтгэгдэл ()
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!