Б.Ганзориг: Тэрбум модны 41.5 саяыг тарьсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
11 минут 58 секунд
Б.Ганзориг: Тэрбум модны 41.5 саяыг тарьсан

Б.Ганзориг: Тэрбум модны 41.5 саяыг тарьсан

Ойн салбарын 100 жилийн ой энэ онд тохионо. Тиймээс салбарын хүрээнд өнгөрсөн ажлаа дүгнэн, цаашид ажлын үр бүтээмжид дахин нэг шат ахих зорилгоор Ойн салбарын үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж буй. Энэ талаар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзоригтой ярилцлаа.

-Ойн агентлаг байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд та бүхэн хэрхэн ажиллав?

-Манай Ойн газар нийт дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Удирдлагын хэлтэст байгууллагын дотоод үйл ажиллагааг хариуцдаг Захиргаа удирдлага, хяналт мониторинг мэдээллийн технологи гэсэн хоёр хэлтэс бий. Мөн мэргэжлийн хоёр хэлтэс болох Ойн нөөц, Ойн нөхөн сэргээлтийн хэлтсүүд ажиллаж байна. Ерөнхийдөө ойн нөхөн сэргээлтийн хэлтэс нь ойжуулалт, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбоотой ажлыг хариуцдаг. Бусад чиглэлийг манай ойн нөөцийн хэлтэс хариуцан ажиллаж байна.

-Гуравдугаар сард дэлхийн ойн өдрийг тэмдэглэдэг. Энэ жил ямар санал санаачилга дэвшүүлээд байна вэ?

-Жил бүр Олон улсын Ойн өдрийг гуравдугаар сарын 21-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. НҮБ-аас 2024 оныг “Ой ба Инновац” гэсэн уриа дор зарласан. Ойн салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлд санаачилга дэвшүүлээд байна. Бид гуравдугаар сарын 5-нд төрийн ордонд “Ой 9+” Ойн салбарын үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Манай салбарын хувьд маш их онцлогтой жил тохиож байгаа юм.

-Энэ жилийн чуулганаар ойн салбарт тулгамдаж буй ямар асуудалд анхаарах вэ. Салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар хэмжээнд байна вэ?

-“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэх зорилт бий. Энэ бол бидний хамгийн том “Ой+9” хэмээх зорилт юм. Цөлжилт, газрын доройтол бууруулах чиглэлээр арга хэмжээг нэн даруй хийж гүйцэлдүүлэх шаардлагатай. Төр хувийн хэвшлийн түншлэлээр энэхүү том ажлыг төр дангаараа төсөв гарган шийдэхэд хүндрэлтэй. Тиймээс эдгээр зорилтын хүрээнд чуулган зохион байгуулахаар төлөвлөсөн. 2021 онд бид Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж ойн салбарын анхны чуулган хуралдсан билээ. Энэхүү чуулганаар гаргасан зөвлөмж найм, дэд арга хэмжээ 24 байсан. Тиймээс энэ жилд ес болон түүнээс дээш болгож нэмэгдүүлэх зорилго тавиад байгаа. Ерөнхийдөө ойн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилт юм.

-Монгол орны ойн салбарт нэн тулгамдаж буй асуудлыг хэрхэн тодорхойлсон бол?

-Салбар бүрийн зовлон болоод буй хүний нөөцийн асуудал ч мөн бидэнд тулгараад байна. Манай салбарт ажиллаж буй мэргэшсэн боловсон хүчний тоо цөөн. Гэтэл бидний баримтлах бодлого, төсөв хөрөнгө, үйл ажиллагааны далайцыг харвал хүн хүчний асар их дутагдалтай байгаа нь харагддаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө гарсан. Өдөрт 2000 га талбай ойжуулахад 10-12 мянган хүн, хүч шаардлагатай. Гэвч техник, технологи, механиктаа тулгуурлан дээд хүчээр нь ажиллуулах, нэмэх нь тооцоод үзвэл 4-5 мянган хүн өдөр, шөнөгүй ажиллахад энэхүү хөдөлгөөний зорилт биеллээ олох боломжтой гэж харагдаж байна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөл­гөөний явц, үр дүн ямар байна вэ. 2030 он гэхэд тэрбум модоо бүрэн хэмжээнд тарьж амжихаар байна уу?

-2030 он гэхэд тэрбум мод тарих боломжтой гэж харж байгаа. Бидний гаргасан төлөвлөгөөнд модны ургалтын хувь, амьдралын урт, амжилттай ургах хувь зэргийг тооцоолон 1.5 тэрбум мод тарихаар төлөвлөсөн. Энэ оныг дуустал бэлтгэл ажил болгон тарих модоо бэлтгэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмж, ойжуулах газар сонгох, сонгосон газрыг хамгаалах ажил өрнөж байгаа. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сонгосон газарт мод тарихаас өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг ажлууд багтсан. Ийнхүү бэлтгэл ажлын жилүүд өнгөрлөө. Одоогоор тэрбум модны 41.5 саяыг тарьсан үзүүлэлтэй байна. Энэхүү ажилд “Эрдэнэт” үйлдвэр манлайлан том амлалт авч ажиллаж байна. Мөн “Эрдэнэс Таван толгой”, “Оюу толгой” зэрэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлан оролцож байна. Бусад санал санаачилгын хүрээнд гаднын хөрөнгө оруулалт татах, хувь хүмүүс өөрсдийн хөрөнгөөр ойжуулалт хийж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бугант нандин” ХХК гэхэд өөрсдийн болон гаднын төсөв хөрөнгө оруулалтаар навчит болон шилмүүст модны гурван сая орчим тарьц, суулгацыг арчилж ургуулаад байна. Тиймээс дараагийн жилүүдээс томоохон ойжуулалтын ажил хийгдэх боломж бололцоо дүүрэн байгаа нь харагдаж буй. 2030 он гэхэд ямартай ч тэрбумаар тоологдох мод тарих юм. Түүнээс хойшид ч энэхүү ажил үргэлжилсээр байх болно. Тарьсан модонд усалгаа, арчилгаа шаардагдаж байдаг тул зорилгодоо хүрээд зогсох учиргүй.

-Мод тарих ажлаас гадна ургуулсан модыг арчлах, хортон шавжтай тэмцэх ажил чухал шүү дээ. Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Тэрбум мод тарихаас гадна одоо байгаа ойн модыг түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, арчлах, зохистой ашиглах ойн аж ахуйн арга хэмжээ зайлшгүй шаардлагатай. Сүүлийн жилүүдэд тодорхой зүйлийн хөнөөлт шавжуудын идэвхжил явагдсаны улмаас нэлээдгүй га талбайд голомт үүссэн байдалтай байна. Энэ нь тухайн ойн хөнөөлт шавжийн идэвхжил өндөр байснаас гадна короно вирус гарсан хоёр жил огт тэмцлийн ажил явуулаагүйтэй нэг талаараа холбоотой. Судалгаагаар 700 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүссэн. Тиймээс энэ хэрээр тэмцлийн ажил явуулах шаардлагатай гэсэн дүн мэдээ гарсан. Өнгөрсөн жилүүдэд 275 мянга орчим га талбайд улсын болоод орон нутгийн төсөв хөрөнгөөр хамгаалах ажил хэрэгжүүллээ. Үүнд Рио Тинто компанитай хамтран “Эрүүл ой” төсөл хэрэгжүүлж байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 330 орчим мянган га талбайд тэмцлийн ажил хийнэ. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн дагуу сумын удирдлагууд байгалийн нөөц ашигласны орлогоос зарцуулах, аймгийн төсөв зэргээс нийт хүлээлттэй байгаа дүн бол 400 мян.га талбай байна. Нийт 700 мян.га талбайн 270 мян.га талбайд тэмцлийн ажил хийж, үлдсэн бүх талбайг хамарсан хөнөөлт шавжаас хамгаалах арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Манай орны аль хэсгээр хөнөөлт шавж тархаад байна вэ?

-Хөнөөлт шавжийн голомт үүссэн талбайг тогтоох, хөнөөлийн голомтыг тогтоох судалгааг жилд хоёр удаа хийдэг. 2023 оны тайлан мэдээллээс харвал хамгийн их голомтот талбай Архангай, Хөвсгөл аймагт ногдсон. Ерөнхийдөө шилмүүст ойн сан бүхий талбайн дийлэнхэд ой хөнөөлт шавжийн голомт бүртгэгдсэн байдалтай байна. Голомт илэрсэн бүх газарт тэмцлийн ажил явуулдаг.

-Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд хэдий хэмжээний төсөв тусгагдсан байгаа бол?

-Энэ жилийн хувьд ойжуулалт хөтөлбөрийн зардал нэлээдгүй өссөн дүнтэй байгаа нь эргээд ажлыг шуурхай зохион байгуулах том хариуцлага гэж ойлгож болно. Ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд энэ жил 45 тэрбум төгрөг батлагдсан. Төсөв төлөвлөгөөг боловсруулах явцад 20 орчим тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд, 20 орчим тэрбум нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, нөхөн сэргээлтийн ажилд, үлдсэн хэсэг нь бусад ойн аж ахуйн арга хэмжээнүүд тусгагдсан.

-Говь, хангай нутаг нь хөрс болоод ургах модны төрлөөрөө өөр байдаг. Энэ ялгаа заагийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд хэрхэн харж байна вэ?

-Модыг ямар зорилгоор тарих гэж буйгаас шалтгаалан төрлийг сонгох, газар, орчныг сонгодог. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тухайн орчинд ургаж буй унаган модны зүйлийг тарих юм. Говийн бүсэд харгана, заг, хайлаас, сухай зэрэг модыг тарих бол хангайн бүсэд нарсан, шинэсэн, хуш, жодоо зэрэг зүйлээр нь ойжуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн.

-Нийгэмд шүүмжлэл дагуулдаг нэг асуудал бол самар түүх явдал. Энэ жил нөөцийг хэрхэн тогтоосон бэ. Хууль журамд өөрчлөлт орсон уу?

-Жил бүр самрын ургалтын байдалд үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр тодорхой нөөц ашиглах хэмжээнд байгаа тохиолдолд зөвшөөрөл өгдөг. Бусад тохиолдолд ахуйн зориулалтаар буюу иргэд хэрэгцээндээ зориулан түүдэг. Жил бүр самар түүнэ гэсэн ойлголт байхгүй. Өнгөрсөн жил гэхэд тодорхой газруудад үйлдвэрлэлийн нөөц илэрсэн газарт зөвшөөрөл олгосон. Модонд самар ургасан л бол тухайн жил олборлолт хийх боломжтой гэдэг буруу ойлголт байдаг. Биологийн нөөцийн хувьд ан амьтад идэш тэжээлдээ хэрэглэх, ахуйн зориулалтаар хэрэглэх зэргийг тооцоолон нөөцийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, судалгаагаар нөөц тогтоосон газар л түүх боломжтой гэсэн үг.

-Улсын хэмжээнд үрийн нөөц хэдий хэмжээнд байгаа бол?

-Үрийн нөөцийг тогтоох, мод бутны цэцэглэлт, жимслэгчийн байдалд үнэлгээ өгөх судалгааны ажил хавар зуны улиралд хийгддэг. Энэ жилийн хувьд шинэс, шилмүүст төрлийн модны үрлэлт харьцангуй муу байлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд их үрийн жил тохиогоогүй. Ойрын хоёр жилдээ их үрийн жил тохионо гэх нөхцөл байдал ажиглагдаж буй. Үрийн нөөцийн хувьд тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөсний дараа 12 орчим тонн үрийн нөөцтэй байсан. Одоогоор нөөцөд 400 орчим кг үр байна.

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.ОЮУН: ЭКО ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ ЗААЛТ ТУСГАЖ БАЙГАА
А.ОЮУН: ЭКО ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ ЗААЛТ ТУСГАЖ БАЙГАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.