ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 23 секунд
ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв

ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв

Б.ДАМДИН-ОЧИР

Монголын телевизүүдийн толгой контентуудын нэг нь яахын аргагүй “Ийгл”-ийн “Бүрэн зураглал” байдаг юм. “Мандухай цэцэн хатан” киногоор хийсэн “Бүрэн зураглал” одоо ч үзэгчдийн дунд яригддаг. Мэргэжлийнхэн үнэлсэн, үзэгчид таашаасан, судлаачид үгээ хэлсэн. Бараг л судалгааны хэрэглэгдэхүүн, түүхийн баримтат товчоон гэдэг.

“Бүрэн зураглал” гурван жилийн өмнө улс төр рүү хазайж тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг оролцуулж байв. Гэхдээ М.Энхболдын гэх тэр нэвтрүүлэгт маш олон ховор зочин уригдаж бизнес эдийн засаг, хууль эрх зүй, урлаг соёлын талаар ярьсан. Товчоор хэлэхэд тэр нэвтрүүлэгт оролцогсдын үгэнд Монголын төр будаа идмээр олон санаа байсан юм. Тэр утгаараа бас л үзүүштэй нэвтрүүлэг болж үлдсэн.

Харин хэдхээн хоногийн өмнө манай УИХ-ын дарга Г.Занданшатарын “Бүрэн зураглал” хэдэн өдрийн турш хоймор эзлэв. Ерөнхийлөгчөөс эхлээд сүм хийдийн тэргүүнүүд хүртэлх зочид тэр нэвтрүүлэгт уригджээ. Тэр дотор Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга гээд сонирхол татсан зочид бас байв. Бас АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн экс Ерөнхий сайд улсын ирээдүйг өөрийнхөө өнгөрсөнтэй ярьж суусан. Нэг үгээр, манай УИХ-ын даргын нэвтрүүлэгт яллагч, яллагдагч хоёр оролцоод сууж байв.

Хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл гэвэл манай УИХ-ын дарга Г.Занданшатарын “Бүрэн зураглал”-ыг үзээд юу хэлэх гээд байгааг нь, энэ нэвтрүүлгийг “алж” орсны бодлогыг ойлгож чадсангүй. Манийхаас арай өндөр “антенн”-тай үзэгчдэд зориулсан байж мэднэ л дээ. Гэхдээ л түмэнд ойлгогдох төрийн хүний бодлогыг тэндээс олоогүй. Үнэнээ л хэлье. Манай УИХ-ын дарга “Бүрэн зураглал”-даа бүх сэдвийг багтаах гээд төөрөөд давхичихав уу гэж л ойлгосон.

Тавилт нь танил. Бярдсан. Зодсон. Гоёсон. Хийц сайтай. Тийм нэг нэвтрүүлэг болжээ.

Магадгүй, манай УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг хүнийг Монголын улс төрд товойлгох, удахгүй болох УИХ-ын сонгуульд нэмэр өгөх, удирдаж байгаа УИХ-ынх нь унасан нэрийг босгох гээд олон санаа зорилго энэ нэвтрүүлгийн цаана байсныг үгүйсгэхгүй. Мань эр ч тиймэрхүү хүлээлттэй маягтай, тун чиг сэтгэл хангалуун зураглаж сууна лээ. Ингэж л харагдсан.

Гэтэл дээр дурдсан Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын “Бүрэн зураглал” ийм зорилготой ч агуулга нь том байсан юм. Ялгаа нь энэ.

Бас манай УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүрэн зураглал”-даа хорвоогийн бүх сэдвийг багтаасан ч хамгийн чухал нэгийг мартсан байна лээ.

Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байхаас эхлээд УИХ-ын дарга болсных нь дараа, өнөөг хүртэл өндрөөсөө буугаагүй байгаа нэг том сэдэв бий. Тэр бол өөрийнх нь даргалдаг УИХ-ын талаас дээш хувь нь нэр холбогддог ЖДҮ-гийн хэрэг юм.

Энэ хэргийн талаар хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хаврын чуулганы нээлт дээр “...УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн дөрөвдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрээр “Эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ. УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье” гэв.

Энэ асуудалд манай УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр ч дуулддаг. Зургаа ч бил үү, хэд ч билээ компанид зээл авч өгөхөөр ярьсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Ойр дотныхон нь өмөөрөх болохоороо “...Тэр үед дарга маань УИХ-ын дарга биш ЗГХЭГ-ын дарга байсан” гэдэг юм. Тэр тайлбарыг сөргөвөл манай УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн хэлснээр “...Иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой” байтал ЗГХЭГ-ын даргаас дэвшээд УИХ-ын дарга болсон нь бас л ойлгомжгүй үсрэлт болж харагдана.

Ингэж аль ч утгаараа манай УИХ-ын дарга Г.Занданшатарт ЖДҮ-гийн хэрэг хамаатайгийн цаагуур хамаатай болж байгаа юм.

Харамсалтай нь манай УИХ-ын дарга энэ сэдвийг алгасчээ. Зүй нь тэрээр УИХ-ынхаа 40 биш гэхэд 20 гишүүн суулгаж байгаад ЖДҮ-гээ ярьж, ядаад “...Уучлаарай” гэсэн бол “Бүрэн зураглал” нь бүтэн болох байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонгуулийн сурталчилгаанд юуг хориглох вэ?
Сонгуулийн сурталчилгаанд юуг хориглох вэ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.