Манай ажлын орчимд автомашин ачилтын компанийнхан жижүүр аятай өдөржин эргэлдэж өнждөг юм.
Манай оффисын нэгдүгээр давхарт “Чингэлтэй дүүргийн татварын алба байрладаг, үйлчлүүлэгч олонтой. Харин гадаа автомашины зогсоол байхгүй. Бичиг баримт бүрдүүлэх, лавлагаа авах гэж яарч сандарсан иргэд гадаа машинаа түр тавиад эргээд гарахад ачаад арилсан байна. Ядахад дуу чангаруулагчаар зарлахгүй. Шууд л ачна, ачсан бол үг сүггүй зугтана.Бүр нэг дээрэмчин сэтгэхүйтэй.
Өчигдөр үдийн дараахан ачилтын компанийнхан нэг машиныг яаран сандран ачаад зугтах гэж байхтай таарав. Настай эмэгтэй тэднээс чаргуулдан гүйж, нялх хүүхэдтэй хүн гарч ирж байна шүү дээ, машиныг буулгачих л даа хэмээн гуйж, сүүлдээ хашгирч, чарлав. Мөн “Яагаад дуу чангаруулагчаар дугаарыг нь хэлээд сануулж зарласангүй вэ” хэмээн гомдоллож байна. Гэвч тэд нохой хуцсан чинээ ч тоохгүй давхиад явчихлаа. Энэ байтугай эмнэлгийн гаднаас, гашуудлын цуваанаас хүртэл ачаад аваад явчихдаг “монголгүй” амьтаст юундаа ч найдаж, юу ч хүсэх билээ дээ. Нэг талаас, зогсоолгүй газар автомашинаа тавьсан иргэн буруутай л байх. Гэтэл нөгөө талаас зогсоол байгуулах газар үлдээлгүй цөлмөсөн үе үеийн Хотын дарга нар бүр ч буруутай. Гэтэл хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Харин иргэд хэдэн бор төгрөгөөрөө байнга торгуулдаг. Бас нэг гайхмаар зүйл нь тухайн автомашины эзэн гараад ирж байхад сануулаад, эсвэл торгуулийн хуудас бичиж өгөөд машиныг нь өгөөд явж болно. Цахим үйлчилгээ нэвтрүүлж ч болох шүү дээ. Гэтэл тийм үйлчилгээ, харилцаа гэж огт байхгүй. Зарим үед бухимдсан иргэд ачилтын компанийн ажилчидтай барилцаж авч, зодолдож байгаа харагддаг. Тэр байтугай, автомашинаас зүүгдэж чирэгдэж юм юм л болдог. Хүн бүхэн шүүмжилдэг, энэ тухай асуудал хөндөөгүй, бичээгүй нэг ч хэвлэл байхгүй. Огт шийдэгддэггүй энэ асуудлыг хэн нэгэн амь насаа алдсан хойно, эсвэл ноцтой осол гарч, олон хүн хохирсны дараа л шийдэх гээд муу ёрлож хүлээдэг юм биш биз дээ. Хотын удирдлагууд, Тээврийн цагдаагийнхан, ачилтын компанийнханд хүн чанар, зөв хандлага хэзээ бий болох юм бол доо. Зогсоож болдоггүй дээрмийн бизнес нь том эрх мэдэлтнийх юм уу, тийм бол хэнийх юм бол доо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН