МАН найман жил засаглахдаа яагаад юу ч хийсэнгүй вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 54 секунд
МАН найман жил засаглахдаа яагаад юу ч хийсэнгүй вэ?!

МАН найман жил засаглахдаа яагаад юу ч хийсэнгүй вэ?!

Эрх баригч МАН сүүлийн найман жил засаглаж, Монгол төрийг удирдаж байна. 2016 онд засгийн эрхийг авч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсноос хойш, он гарсаар найм дахь жилийнхээ сонгуультай золгож байна. Ингэж найман жил засаглан, ард түмний итгэлийг хүлээн дараалсан хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч улс орны хөгжилд нэмэр болохоор ганц ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Хэдэн мухар төмөр зам л тавилаа. Өөрөөр хийсэн бүтээсэн юм алга. Харин АН-ын үед 100 хувь эх орны мэдэлд авчирсан Эрдэнэт үйлдвэрийг хураан авч, мөн тэртээ тэргүй ажил нь хууль журмынхаа дагуу явж байсан Оюутолгойн далд бүтээн байгуулалтыг өөрсдөө явуулсан мэтээр шоу хийсэн. Өөрөөр гийгүүлсэн юм үнэндээ байхгүй. Эрдэнэтийг булаан авсан шигээ Салхитын мөнгөний ордоос аваад аль л мөнгөтэй, өнгөтэй бүхнийг төр дээрэмдэж авсан. “Эрдэнэс Таван толгой”-д бүрэн эрхт төлөөлөгч томилоод л, орон нутгийн гэгдэх Ажнай Бат-Эрдэнийн “Таван толгой”-д мөн л бүрэн эрхт төлөөлөгч томилоод. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, өөр юу байна, бүх л газрыг булаан авч, данс тооцоог нь атган, өөрсдийнхөө төлөөлөгчдөө томилсон. Ард түмэн Ардын намыг юу ч хийсэнгүй, дээрээс нь нүүрсний хэргээс аваад улс орноо тонон дээрэмдэж, чоно борооноор гэдэг шиг Ковидоор далимдуулан байгаа бүхнээ цөлмөснийг хорсолтойгоор ярьж байна. Үнэхээр л эрх баригч энэ нам эх орноо элгээр нь бүрмөсөн хэвтүүлчихлээ.

Сонгогч олон итгэл хүлээлгээд байхад олны итгэлийг яагаад зүтгэлээр хариулж болдоггүй юм бол, яагаад засгийн эрхийг авчихаад улс орныхоо төлөө юу ч хийдэггүй юм бол гээд нарийн ажиглаад байхаар МАН-ын цаана Орос байдаг юм шиг байна. Тиймдээ энэ намын ярьсан, хэлсэн бүхэн хий хоосон үг байдаг бололтой. Ард түмэндээ хүнийрхүү сэтгэлээр хүйтэн хандаад байдгийн учир нь үүнтэй холбоотой юм шиг байна. Бүгдээрээ бодъё л доо. Төмөр зам, цахилгаан станц, усан цахилгаан станц гээд улс орны жинхэнэ гол стратегийн том том төслүүд яагаад энэ олон жил яригдаад эцэст нь үлгэр болоод жаргав.Ховдын Эрдэнэбүрэнгийн УЦС мөн Шүрэн, Эгийн голын УЦС, Багануур, Тавдугаар цахилгаан станц гээд манай ярьсан бүхэн Оросын болоод Оросыг хамгаалагч МАН-ын улстөрчдийн эсэргүүцэлтэй тулаад хөдөлдөггүй. “Багануурын цахилгаан станцыг танай намын нөхөд зогсоосон. Тэд арай тагнуул биш биз дээ. Хоёр УЦС-ын ажил өнөөдрийг хүртэл яваагүй. Цахилгаан эрчим хүчээ нэмэгдүүлэхээр хийсэн оролдлого болгоныг үгүйсгэдэг бүхэл бүтэн бүлэгтэй болчихлоо. Энэ хүмүүс ямар зорилготой вэ” гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал чуулган дээр МАН-ын нөхдөөс ам асууж байсан.

Эрдэнэбүрэнгийн УЦС аль 1960-аад оны дунд үеэс яригдсан ч одоо хэр нь ажилд ороогүй байна. Хэрвээ энэ станц ажилд орвол баруун аймгууд эрчим хүчээр хангагдана. Эгийн голын усан цахилгаан станц ямар эсэргүүцэлтэй тулж ирснийг бүгд мэдэж байгаа. “Байгаль нуур сүйрнэ” гээд оросууд тэгнээд хэвтчихдэг. Оросоос манайд ирсэн сэтэртэй бүхэн “Монголчууд нэг ч цахилгаан станц болон УЦС барьж болохгүй. III цахилгаан станцыг чинь бид өргөтгөж өгөхөд анхааръя. Эрчим хүчний хэрэгцээг чинь Галуут нуурын УЦС-аас хангах болно” гэж хэлэхэд манай эрх баригчид үг дуугүй толгой дохидог. Хоёр жилийн өмнө Засгийн газрынх нь орлогч В.В.Абрамченко гэдэг авгай ирээд ташаа тулан даналзаад юу болов. “Тусгаар улс байна даа, өөрсдөө станцаа мэддэггүй юм уу” гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай улс 1990-ээд оны эхээр Монголоос ОХУ руу орсон ямар нэгэн гол нуур дээр УЦС баривал Оросын талаас зөвшөөрөл авахаар гэрээ байгуулсан. Тиймээс Эгийн голын УЦС дээр Оросоос зөвшөөрөл авах ёстой” гэж хэлж байсан. Зөвхөн Ч.Хүрэлбаатар ч биш Ардын намын эрх баригчид бүгд Оросоос асууна гэдгээ хэлнэ. Оросууд бүр сүүлдээ усны нөөц бий болгохыг ч хорьж цагддаг болсон. Хэдэн жилийн өмнө Улз гол дээр инженерийн байгууламж барьж байна, усны нөөц бий болгож байна гэж яаж дарамталж байлаа.

Цахилгаан станц болоод УЦС-ын тухайд ийм хөөрхийлөлтэй, өрөвдмөөр арчаагүй үнэн дүр байдал харагдаж байна. Тэгвэл Монголд үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” ураны компанийг мөн л оросууд болиулж, Монголыг хөгжүүлэх барууны хөрөнгө оруулалтыг таслан зогсоосон. Үүнийг хийсэн хүн нь тухайн үед Ардын намын дарга, Ерөнхий сайд байсан С.Баяр. Тэрбээр 2008 оны хавар Орост айлчилсныхаа дараа шууд Мардайн ордтой танилцаж, тэндээсээ нисдэг тэргээр Чита руу Краснокаменскт Приаргуны уурхай, химийн үйлдвэрт зочилсон байдаг. Түүнийг Оросын ураны “Росатом”-ын С.Кириенко авч явсан байдаг. Приаргуны химийн үйлдвэр бол хуучин Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг хийдэг байсан газар. С.Баяр Приаргуны үйлдвэрт очоод ирснийхээ дараа ҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулж, цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн тухай хуулийг батлуулсан. Энэ бүхнийг Оросын үгээр хийсэн нь хэнд ч тодорхой. Канадын “Хан ресурс” Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгч 350 сая ам.доллар нэхэмжлэхэд, мөнгийг нь бид төлчихнө гэж оросууд хэлсэн ч төлөөгүй. Сүүлдээ хуульч гаргаж өгье, арбитрт ялагдахгүй гэсэн ч тэр бүхэн худлаа болж манай улс 70 сая ам.долларын өрөнд унаж байсан. Тэгвэл Америкууд Мянганы сорилтын сангаар дамжуулаад манай төмөр замыг хоёр болгож, хос төмөр зам тавих ажил Да.Ганболдыг Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга байхад шийдэгдсэн байсан ч Орос болиулсан.

“Мянганы сорилтын сан манайд 188 сая ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгоё гэсэн шийдвэрт хүрээд, хоёр жил гаруй хөөцөлдсөний эцэст энэ төсөл батлагдаад гарын үсэг зурагдчихсан, яг хэрэгжиж эхлэхийн даваан дээр Оросын тал эсэргүүцсэн. Хамтарсан аж ахуйн нэгж учраас гадаадын гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг хийлгэхгүй гэсэн болзол тавьсан. Өөрийнхөө нутаг дээр байгаа төмөр замыг шинэчлэх асуудлыг Монгол Улс өөрөө мэддэггүй. Бид стратегийн ордуудаа түшиглээд аль улс руу юу зөөх, ямар үнээр худалдахаа 100 хувь бие дааж шийдэх бололцоогүй болоод байна” гэж Да.Ганболд тухайн үед харамсалтайгаар хэлж байсан. Хос төмөр замтай болж бидний хараанаас алдуурах нь гэдгийг оросууд мэдээд, төмөр замын дарга В.И.Якунин Монголд сандран ирж байсан. “Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг” гээд шууд болиулсныг бид мэднэ.

Хэрвээ 2010-аад оны үед өргөн нарийн хос төмөр замтай болчихсон бол Монгол Улс өнөөдөр Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Америк, Европын бүх оронтой төмөр замаар дамжин холбогдох хөгжлийн хамгийн том үүр уурхай нээгдэх байлаа. Гэвч энэхүү алтан боломжийг бид Оросын үгэнд автаж алдсан.“Богдхан” төмөр зам гэж бас нэг тод жишээ байна. 2014 онд Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн дагуу “Богдхан” төмөр замыг тавихаар тохирсон. Рашаант өртөөнөөс Богд уулын урдуур тойрч Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн болон Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин 170 км үргэлжлэхээр ТЭЗҮ нь батлагдаж, шаваа тавьсан ч одоо хүртэл сураг чимээгүй. Сүүлд, Зам тээврийн сайд С.Бямбацогт “Богдхан төмөр замын төсөл өндөр үнээр хийгдсэнийг шалгахаар бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон” гэж мэдэгдсэн. Уул нь энэ төмөр зам экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, хотын түгжрэлийг 57 хувь бууруулах, Хөшигийн хөндийн дагуул хотуудын бүтээн байгуулалт эрчимжиж, тээвэр логистик бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах ач холбогдолтой байсан. Сая хотод тэг зогсолт болоход 47 удаа галт тэрэг нэвтэрсэн нь гол нөлөө боллоо гэдгийг албаныхан хэлж байсан. Гэтэл хотын түгжээг бууруулах Богдхан төмөр зам бас л оросуудын биднийгээ могдорлох ээлжит үлгэр байв уу. “Бид хийгээд өгье, бидэнтэй л хамт бай” гэж оросууд хэлдэг. Ардын намынхан тэр үгэнд нь итгээд “орос ах” хийгээд өгнө гээд хий хоосон горьдож хөөрцгөөдөг. Нөгөөдүүл нь хийсэн ч юм байхгүй, эцэст нь Монголын бүтээн байгуулалтын том ажлууд дээр өгүүлсэнчлэн таг зогсдог. Ардын намыг ард нийтээрээ сонгосноор улс орон ийм байдалтай явж ирлээ. Тэгэхээр Оросын үгнээс гардаггүй, Монголдоо юу ч хийдэггүй энэ намыг дахин сонгож төрийг удирдуулах хэрэг байна уу. Ер нь оросуудын байгуулж өгсөн нам ч гэж ярьдаг. Бүтээн байгуулалт гээд үзэхээр АН-ын үед л бүх ажил бужигнаж эхэлсэн байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд яаж ажиллаж байлаа.

Ганцхан жишээ хэлэхэд ихэнх аймгийг нийслэл хоттой засмал замаар холбож, “гудамж” төслөөр хот өнгөө засч, Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлж Токио, Сөүлтэй өрсөлдөх шинэ Улаанбаатарыг бий болгохоор зүтгэж байв. З.Энхболд Таван толгойг ард түмэнд үлдээсэн, Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийсэн, Эрдэнэтийг эх орондоо авчирсан гээд өнөөдөр ард түмнийг хоногийн хоолтой нь залгуулж байгаа энэ бүх ажлыг ардчиллынхан дөрвөн жил засаглахдаа хийсэн байдаг. Ардчиллынхан ажил хийгээд, бүтээн байгуулалт өрнөөд ард түмний цалин цаваг нэмэгдээд, амьдрал өөрчлөгдөөд ирэнгүүт Ардын намынхан сурснаараа дагуулж гуядах ажлаа эхэлдэг. Амьдрал дээшилсэн хүмүүсийн омог дээр АН-ыг яаж тонгорч шороонд булахаа МАН-ынхан сайн чадна. Тэгээд л төрийн сэнтийд гараад ирдэг. МАН засагласан найман жилд татвар нэмэгдэж, цалин буурч, ард түмний нүдний гал бөхөхийг бид харж байна.

Авлигажсан улс хэрхэн яаж дампуурч болдгийг бид биеэрээ мэдэрч байна. Хот маань автобус унаа ч байхгүй өвлийн хүйтэнтэй золгож, гудманд гуйлгачин мэт чичирсэн ард түмнээ харахад хөөрхийлөлтэй байна. Ийм улсад хэн аж төрөхийг бодох юм бэ. Япон, Солонгос гарах гэж нийтээрээ зүтгэж байгааг буруутгах аргагүй. Тиймээс монголчууд минь ирэх оны сонгуулиа бодолтой хийгээрэй дээ. МАН-ын цаана Орос байдгийг мартаж болохгүй. Орос биднийг огтоос хөгжүүлдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ яг үнэндээ бол Орос биднийг хөгжүүлэх үүрэггүй. Дэлхийн түүхэнд ах дүү улс гэж байдаггүй. Монголыг хөгжүүлнэ гэдэг Оросын эрх ашигт өөрт нь хохиролтой. Харин орос ах нар хийж өгнө, тэд л биднийг хөгжүүлнэ гэж итгэн хөөрцөглөж тэнэглэдэг МАН-аас салах хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танин мэдэх чанар - №3
Танин мэдэх чанар - №3
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.