Гэрлээ асаая, АН-ЫНХААН!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 36 секунд
Гэрлээ асаая, АН-ЫНХААН!!!

Гэрлээ асаая, АН-ЫНХААН!!!

Дэлхийн улс орнуудын хүн амын голч насыг харуулсан “Dadaviz” сайтын газрын зурагт Монголыг 20-29 насны ангилалд оруулжээ. Энгийнээр тайлбарлавал гурван сая монголчуудын тэн хагас нь тухайн наснаас дээш, үлдсэн хэсэг нь түүнээс доош настай гэсэн үг.

Ардчиллын замналд шилжээд 27 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Монгол Улсын тэн хагас иргэн амсхийх завгүй ажиллаж, хөдөлмөрлөх идэр залуу насандаа яваа ч суурин дээрээ хий эргэсэн хэвээрээ л суугаа нь нууц биш. Энэ нь мэдээж нэг л 

зүйлтэй холбоотой. Тэр нь залуустаа боломж олгохгүйгээр өнөөх л танил болсон дүрх төрхтэйгөө урагшаа алхдаг “Би чадна” гэх сэттэлгээ. Ялангуяа, улс төрийн нам, хүчинд энэхүү сэтгэлгээ улам ужгирсаар удаж байна. Ганцхан жишээ дурдахад ирэх УИХ-ын сонгуульд АН, МАН болох хоёр том намын нэр дэвшүүлэх хүмүүсиин жагсаалтаас харж болно. Эцсийн шийдвэрийг намуудын Бага хурал, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гаргах ч УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдийн хар зурагт төдийлөн өөрчлөлт орохгүй, “косметик хагалгаа” хийгээд өнгөрөх болохоор зориуд онцолж иш татсанаа энд тодотгох хэрэгтэй.

Парламентын сонгуулийг жижигрүүлсэн 76 тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулах тогтоолын төслийг УИХ-аас баталж, алх цохьсон өдрөөс АН, МАН-ын горилогчид өөр, өөрсдийн тойргоо бараадаж, намууд нэр дэвшигчдийнхээ хар зургийг зурж, жагсааж эхэлсэн байдаг.

Тэрхүү жагсаалтаас харахад 76 тойргоос гарын арван хуруунд л багтах цөөн тооны залуусыг нэр дэвшүүлэхээр зураглажээ. Эрх баригч АН гэхэд гурван мандаттай Өвөрхангайн тойрогт УИХ дахь Бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчигийг нэр дэвшүүлэх төлөвтэй байна. Чингис хааны нутаг болтлоо хэл ам дагуулан байж гурван мандаттай болсон Хэнтий аймагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлэх мэдээлэл байгаа ч энэ нь бараг боломжгүй хувилбар. Учир нь, сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоор болсон ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Хүдэр-Ян, М.Хүдэрбаатарын урдуур гишгэж тус тойргоос нэр дэвших магадлал нь өндөр.

Намын дарга нь жижиг намуудад тойрог амлаж эгнээндээ нэгтгэсэн учраас АН-аас ам асууж, Хэнтийд нэр дэвших нь Б.Хүдэр-Яны хувьд нээлттэй болохоор тэр шүү дээ. Үлдсэн хоёр тойрогт аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар өрсөлдөх ньтодорхой болохоор М.Хүдэрбаатарт боломж гарах нь хомс. Дарханаас гэхэд аймгийн хорооны дарга Г.Баянмөнх хэмээх залуу нэр дэвших мэдээлэл бий ч АН-ын даргаас, З.Энхболдоос дэмжлэгтэй Н.Мөнхдашийн нэр сонсогдож эхэлсэн. АН залуусаа биш хууччуулаа сонгоно гэвэл Н.Мөнхдаш нэр дэвших нь тодорхой. Залуустаа арай боломж олгосон гэж харж болох ганцхан тойрог байгаа нь Ховд. Энд Иргэний шилжилт хөдөлгөөн, гадаадын иргэн харьяатын газрын даргаар ажиллаж байсан Б.Пүрэвдорж өрсөлдөхөөр эртнээс бэлтгэлээ базаасан. Өргөдлөө өгсөн цаг хугацаа, Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй түүний хувьд бусдыгаа бодоход тойргоо хууччуулдаа алдах магадлал бага. Эндээс харахад УИХ-ын сонгуульд хоёрхон хүн АН-ын залуу үеийг төлөөлөх нь.

МАН-ын хувьд харьцангуй залуустаа боломж олгох бололтой. Жишээ нь, Архангайд Уул уурхайн сайд Г.Тэмүүлэн нэр дэвших нь бараг тодорхой болсон. Түүний араас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Л.Одончимэдийн хүү О.Одбаярыг Говьсүмбэр аймагт нэр дэвшүүлэхээр нам дотроо ярилцаж байгаа юм билээ. Хэнтий аймагг гэхэд Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нарын нэр дуулдаж буй. Ах нар нь болох Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар зайгаа тавьж өгөхгүйгээр Хэнтийгээс нэр дэвшсэн тохиолдолд Н.Учрал нь Баянзүрх дүүрэгт хүч үзнэ гэх. Л.Оюун-Эрдэнийн хувьд ч ялгаагүй Хэнтийд өрсөлдөхгүй бол Баянзүрхэд Н.Учралын хамт нэр дэвшихээр зэхэж буй юм билээ. Нөгөө талаар АН-ынхан бүлгийн даргадаа зориулж Хэнтийд нэг мандат нэмж хуваарилсныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эсэргүүцэж “Гарамгайбаатараа чамайг унагаах хүүхэд бэлэн байгаа шүү” хэмээн хэлсэн байдаг. Хатуу үгтэй ч, хашир туршлагатай эрхмийн хэлсэн энэ үгийн ард Л.Оюун-Эрдэнийг Баянзүрхээс бус Хэнтийгээс нэр дэвшүүлэх сэдлийг намынхандаа өгсөн тухай “бор шувуу” саарал ордноор хэдийнэ нисч эхлээд буй.

Дөрвөн мандаггай Чингэлтэй дүүрэгт гэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нарын хоёр ч залуу нэр дэвших магадлал өндөртэй байгаа. Тэдний араас Сонгинохайрхан дүүрэгт ИТХ-ын дарга Х.Нямбаатар зэрэг УИХ-ын сонгуульд МАН-ын залуу үеийг төлөөлж долоон хүн нэр дэвшихээр байна. Эндээс нэг юм харагдаж байна. Юу гэхээр монголчууд ялангуяа Монголын парламентад шинэ үеийн төлөөллөөр цус сэлбэх цаг нь хэдийнэ болжээ. Үүний цаана залуу үеийн төлөөлөлтэй эсэх нь мэдэгддэггүй атлаа ганцхан хүний автораар албан тушаалын наймаа, бялуу хуваарилалтад ордог, орж ирсэн Б.Жаргалсайханы БНН, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Эх орон”, С.Оюуны ИЗНН, М.Энхсайханы МҮАН зэрэг намыг дурдвал олон. ХАмгийн сүүлд Н.Энхбаярын гэсэн дан ганц хүний өмч болсон МАХН-ын жишээ хуучраагүй байна. Ингэж бичсэнээрээ УИХ-ыг бүхэлд нь залуусаар дүүргэ гээд байгаа юм биш л дээ.

Мэдээж парламентын тогоонд олон жил чанагдсан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Р.Амаржаргал, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд гээд сайн хуульчид, эдийн засагчид, аливаа асуудалд буурь суурьтай ханддаг, түүнийгээ залуу үедээ үргэрлэдэг улстөрчид хэрэгтэй. Дээлийн шинэ, хүний хуучин нь дээр гэж үг бий. Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг муу, сайн хэлүүлж ирсэн ч Монгол төрийн бодлого шийдвэрийг аль болох зөв зам руу нь залуурдаж ирсэн бусдаасаа илүү оймс элээсэн хүмүүс УИХ-д байх нь зүйн хэрэг.

Гагцхүү өөрт хуримтлуулсан мэдлэг чадвараараа бус даргын цүнх барьж гүйснээрээ Монгол төрийн босго давдаг уламжлал манай тогтолцоонд ужгирсанд л асуудлын зангилаа оршиж байна. Улс төр бол багийн тоглолт. Түүнээс биш хэдэн хүн нийлж суугаад хэн нэгнийхээ ашиг сонирхолд нийцүүлж төрийн бодлого шийдвэр гаргахыг хэлэхгүй билээ. 1990 оны ардчилсан хувьсгал бол хэсэг бүлэг хүний бус Монголын нийт ард түмний ялалт. Энэ хувьсгалын оролцогч нь нам гэхээсээ Монголын бүх ард түмэн.

Харин өнөөдөр тэрхүү ялалт ард түмэнд бус хэсэг бүлэг хүний эрх ашгаар л хязгаарлагдах болов. Ялангуяа АН-аас ийм дүрх төрх илүү тодорч байх шиг. Ардчилсан нийгэмд хэн нэгнийг халж солих нь ердийн үзэгдэл. Гэхдээ хэсэг бүлэг хууччуул нь өөр хоорондоо солигдохын нэр биш. Коммунист, дарангуйлагч нийгмийн хүчтэй удирдагч нь сэлэм эргүүлдэг ардын баатар байдаг бол, зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэм бүхий хөгжиж байгаа улс орны хүчтэй удирдагч нь сайн эдийн засагч, сайн менежер байдгийг Зүүн Азийн орнуудын удирдагчдын жишээ бэлхнээ харуулна. Гагцхүү төрийн бодлого шийдвэрийг гаргахдаа тулга тойрсон хэдэн хүний буйр сэлгэсэн тохироо, албан тушаалын наймаа гэхээсээ шинэ залуу үеийн төлөөллөөс татан оруулж цус сэлбэж байх нь үүний эхлэл болох учиртай. Тэглээ гээд аль нэг намын хууччуулыг гудамжинд гаргаж лааз өшиглүүлэх гэсэнгүй. Харин ч шинэ залуу үедээ зөвлөгөө өгөөд явах нь өөрсдөд нь гэхээсээ нийт монголчуудад хэрэгтэй. Нам доторх энэхүү цус сэлбэлтийн түүчээг ардчиллыг хамгийн ихээр ярьдаг ч гэрлээ асаалгүй удсан АН-ынхан өөрсдөө, дотроосоо эхлүүлбэл илүү гоё харагдах гээд байгаад хамаг учир байна. 

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Алтай констракшны барьсан ”Нархан” хотхоны гадна хана ганцхан өдрийн хүчтэй салхи бороонд нуржээ
Алтай констракшны барьсан ”Нархан” хотхоны гадна хана ганцхан өдрийн хүчтэй салхи бороонд нуржээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.