Дэлт цагаан азарга /Өгүүллэг/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 53 секунд
Дэлт цагаан азарга /Өгүүллэг/

Дэлт цагаан азарга /Өгүүллэг/

Барах цадахгүйн бараан орчлонд хүн мэндлэхдээ хар, хор, хайр гуравтай хамт төрчихдөг юм билээ. Би гэдэг амьтан чинь эрдэнэт савнаасаа тасран унахаасаа эхлээд л хан хорвоогийн хачин жигтэй явдлуудтай учирч эхэлсэн гэдэг. Энэ бүгдийг ярихаа азнаад эр биед хүрч эхнэр авсан цагаасаа ярья. Эрт цагийн уламжлалаа дагаад эцэг эх маань удам угсаа сайтай айлын нэгэн бүсгүйг өндгөн сүй тавьсан ерөөлт хань чинь гэж зүслэн заахад нь улирч баларсан ёс заншил хэмээн тас зөрж байгаад харахад нүд дүүрэн мах мариа сайтай өндөр цагаан бутач бүсгүйг гэргий болгон авлаа.

Энэ өдрөөс хойш зовлон жаргал хоёр цулбуур нэгсэж цэл хүйтэн ус мэт амьдрал урссаар...
Авсан авгайд минь авааль нөхөр миний ааш зан, ажил төрөл ер таалагдах юм нэгээхэн ч үгүй. Yнэндээ би гэдэг амьтан хараал жатга хүрсэн хар заяатай гэлтэй.

Айл болсон арваад жилд бүтэлтэй юм хийсэн нь хуруу дарам цөөн. Усанд явбал халтирч ойчоод усаа асгачихна. Мах хөшиглөвөл гараа эсгэчихнэ. Унаа унавал нурууг нь авчихна. Ууж идвэл агсам тавина. Авгайнхаа өвөрт ч аятай унтаж үл чадна. Хүнд гар хөлөө дээр тавилаа, хачин эвгүй тэвэрлээ, гайхам чанга хухирлаа гэх мэтээр арван жилд аль муугаа дуудуулсаар байгаад амьд явах шаардлагагүй гэдгээ ойлголоо...

Гэтэл нэгэн овсгоот эр хорвоог орхихыг хүсэгчдийн хүсэлтээр хүн иддэг аймшигт шувуу бүтээсэн сураг дуулдлаа. Очдог хэрэг ээ! буян нь дэлгэрч насаа нэммэр нь ийм сайхан ажил хийх нь тэр вэ! Ваа тосоор гоож гэж.

... Арайхийн өнөө газраа ирлээ. Хавь ойрд нэлээд хэдэн хүн би чамаас түрүүлнэ, би чамаас түрүүлнэ гэж маргалдаж маагалдаж байлаа.
За хөө алийн болгон урагшгүй унхиагүй явах вэ! Хорвоогоос хагацахдаа нэг сэргэлэн зан гаргая гэж бодон өнөө хэд маргалдаж байх хооронд хамгийн түрүүнд гараад зогсож орхилоо. Гэтэл өнөө махчин шувуу маань намайг тойруулж бусдыг идэж орхилоо. Yгүй ер өө!, энэ муу мангас хүртэл намайг голж байна гэнээ. Уур хүрсэн ч гэж жигтэйхэн. Хашгирлаа. Ээ! Ээ! чи яасан арын хаалгатай мангас бэ! хө төлбөл төлөх мөнгөнөөсөө хоёр дахин илүүг төлье! (Yнэндээ надад тийм их мөнгө байхгүй л дээ! Ажлын хөлс хэдэн бор юмнаасаа авгайгаасаа нуун далд хийснээ хойд насанд хүрэх замын зардалд зарцуулсан минь энэ дээ! Гэтэл өнөө шувуу би хүн иддэггүй ээ гэв. Хүн иддэггүй ээ саяын эргэн тойрон чинь байсан юу юм бэ! Луйварчин минь одоохон намайг идээд аль! Идэхгүй бол чинь заргалдана даа. Шувуу дахин хэллээ. Би хүн иддэггүй ээ тэд нар чинь хүн биш! Та харь даа. Хариад харин хүнтэй нөхөрлөөрэй! гээд нүднээсээ ширхэг сормуус "Ес заншил" гэсэн өнгөлөг цзнхэр номын хамт өөдөөс шидэж орхиод дэвэн дэвсээр далд орлоо. Одоо яалтай ч билээ. Yйлийн үртэй өнөөх эхнэртээ л очьё доо! Буцах замдаа буурал аав ээжээрээ дайрлаа. Хөөрхий тэр хоёр минь ач зээгээ тойруулчихаад үүнийг ч аргадаж, түүнийг ч зандарч суулаа.

Хайртай дүүгийнхээ харь орноос дагуулж ирсэн хачин гоё бэрээ өнөө сормуусаараа харлаа. Тэгтэл юу харагдсан гэж сананаа! Бараан зах дээр багагүй үнэ хүрдэг сагсгархан үстэй жаахан хар хав дүүгий минь ам хамрыг долоолон сууна. Ахиулаад цааш хартал гэрээр дүүрэн нохой: муур, гахай тэр битгий хэл арслан чоно хүртэл хоорондоо архиралдан хэмхэлдэж эжий минь нохойны аманд хоол хийж энэ гахайны хоншоорыг цэвэрлэж, мань арслангийн үсийг самнаж архируулан хүрхэрүүлэн сууж байх юм. Ээ бүү үзэгд!

Гэнэт миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн гүйн гүйсээр гэртээ харьтал эцэг эхээс зөрж суусан өнөө сайхан эхнэр зуух тулгаа онгичин үнс тоос бужигнуулан хаагуур тэнэж яваад ирэв хэмээн хараан зүхэн шувууны өгсөн номыг булаан авч гал руу шидэж тэнэг бүдүүлэг, соёлгүй мал шиг адгуус гээд л бууж гарлаа. Би энэ ер нь ямар амьтан байдаг бол гэж санаад сормуусаараа хараадахлаа. Ээ алтаар урсмар! Эхнэр минь дэл сүүл нь сугсалзсан сунагар цагаан азарга гал голомтыг минь цавчланхан цамнаж байв аа хөөрхий.

"Утгын чимэг" 1997 оны шилдэг бүтээлийг хүргэлээ.

ЖАГЗАМЫН САРАНТУЯА

“..Утаа арилсангүй” гээд түүнтэй лав хариуцлага ч ярих боломжгүй
“..Утаа арилсангүй” гээд түүнтэй лав хариуцлага ч ярих боломжгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.