Элсэлтийн шалгалт “террор”-т өртсөнийг хамгаалахад тань 24 цагийн хугацаа өгье!
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Таны төрөлх сургууль болох МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэгчид шударга үнэний “террор”-т өртөөд байна.
Эрхэм сайд та өөрөө МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1994 онд төгссөн, 2006 онд магистр хамгаалсан гэдгийг намтраас тань харлаа. Бас Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин байснаасаа хойш энэ салбарын яамнаас огт салаагүй “зуун дамжин” ажиллаж байгаагийн хувьд элсэлтийн шалгалтын авлига, луйвар хаанаа болдгийг мэдэхгүй байх ямар ч боломжгүй. Одоо төгссөн сургуулиа элсэлтийн шалгалтын луйвраас аврах цаг боллоо. Боловсролын салбар таныг сайдаар өргөмжлөх бус энэ салбарт хайртай эсэхээр чинь шалгалт авч байна. Онлайн болчихоор бүх авлига алга болчих мэтээр Ашигт малтмалын хайгуул олборлолт хийх, газар олгох, барилга барих зөвшөөрөл олгох гэхчлэн бүх салбар цахимжиж эхэлсэн ч луйвар байсаар байна. Ерөөсөө авлига цахимжчихаж. Шалгалтын программ интернэтээр дүүрэн, үнэ төлбөргүй байсаар байтал заавал ийм буруу программыг мэдсээр байж сонгож Монголын ирээдүйн хуульчдыг бэлтгэх шалгалтыг авч байгаа нь зориуд үйлдэж буй гэмт хэрэг биш үү?
Энд чухам юу болоод байгааг Та мэдээгүй байх учиргүй. Гэвч сануулъя. Гэхдээ алдааг засахад Ганцхан Хоног үлдсэнийг онцгой анхаарна уу! Учир нь маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 23-нд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ ангид элсүүлэх шалгалтыг мөн л цахимаар авахаар бэлтгэж байна.
Одоогоос нэг сарын өмнө буюу 2020 оны наймдугаар сарын 24-нд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид элсүүлэх шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Уг элсэлтийн шалгалтыг онлайнаар авах болсон тухай бүртгэгдсэн е-mail хаягаар мэдэгдэхдээ “cc” хийж явуулсан болохоор тоолж үзэхэд тэр өдөр 208 хүн шалгалт өгсөн байдаг. Шалгалт тухайн өдрийн 11.00 цагт эхлээд 11.50 цагт дууссан. Цахимаар ирсэн мэдээлэлд 11.50 цагт хаагдана гэж мэдээлсэн боловч хариултаа зөв хадгалж илгээхгүй бол хариулт тэглэнэ гэдгийг огт сануулсан мэдэгдсэн зүйлгүй байв. Ингээд 11 цаг 47 минут гэхэд хариултууд эрчимтэй ачааллаж эхэлсэн. Гэвч заримынх нь интернэтийн хурд зэргээс ч шалтгаалсан уу, уншиж амжихгүй байсаар 11.50 цаг болж хариултыг хүлээн авах цаг дууссан. Бүртгэгчдэд е-mail хаягаар ирүүлсэн хэдэн үгээс өөр шалгалтын өдөр хэн ч заавар өгөөгүй.
Ингээд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлэгчдийн ихэнх нь хохирсоноо мэдэж, 100 гаруй хүн энэ учраа тайлбарлаж гарын үсэг цуглуулаад сургууль дээр очсон. Сургуулийн захиргаан дээр очоод юуны өмнө зориулалтын шалгалтын программ биш асуумж авдаг программ байна гэдгийг хэлсэн. Асуумжийн программаар шалгалт авахаар шаардлага хангахгүй. Шалгалтын программ бол цаг явж байдаг, хэдэн асуултаас хэдэд нь хариулж гүйцэтгэл хэдэн хувьтай байгаагаа мэдэж байдаг. Жишээ нь 50 асуулт ирэхэд 20-ийг нь би хариулчихсан, 30 асуулт үлдлээ, надад ийм хугацаа үлдсэн байна гэдэг мэдээллээ хараад шалгалтаа өгч байдаг. Гэтэл зүгээр л 50 асуулт, сонгож дуусаад нэг удаа илгээх товч дарна. Сануулах дохио байхгүй. Илгээсэн товчоо дарахгүй бол илгээгдэхгүй гэдгээ ч бүгд мэдэж байсан эсэхийг бүү мэд.
Үүнийг элсэгчид МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зохион байгуулалт муу байсантай шууд холбоотой гэж үзэж байна. Гэтэл МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамаагүй, МУИС-ийн Мэдээлэл, технологийн албанаас гаргаж өгсөн шалгалтын программ гээд байдаг. Тэр нь google soft-ийн google forms-ийн MacroSoft-ийн хувилбар бөгөөд асуумжийн энэ программ нь шалгалтад огт тохирохгүй. Жишээ нь ямар нэг Event-д оролцохдоо энэ form-ийг бөглөөрэй гээд цаг заахгүй бөглүүлдэг тийм л программаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургуульд элсэх шалгалт авсан нь “но”-той. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиралтай уулзах гэтэл байгаагүй, МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал элсэлтийн шалгалт өгөөд хохирсон хүмүүсийн төлөөлөл уулзаад шалгалтыг дахин зохион байгуулахаар болсон. Ингээд “Илгээж амжаагүй хүмүүсийн шалгалтыг дахин авах, өгөөд оноогоо авч тэнцсэнийг хохироохгүй. Хугацаандаа сонголтоо хийсэн боловч интернэтийн ачааллаас болж хариултаа илгээж чадаагүй бүх оноогоо тэглэсэн хүмүүс шалгалт өгөхөөр болсон.
Гэтэл дахиад асуудал гарч ирсэн. Шинэлэг болгох гэж хийсэн зүйлүүдийн нэг нь шалгалт өгч дуусахад шалгуулагч хэдэн оноо авснаа шууд хардаг болсон. Үүнийг нь ашиглаад ирсэн линкээр хоёр удаа нэг дээр нь нэр, регистрийн дугааруудаа бичээд хариулт бичээд, нөгөө дээр нь нэр, регистрийн дугаараа бичихгүй, асуултад ч хариулахгүйгээр илгээгээд “оноогоо харах” сонголт хийхэд бүх хариулт зөв, хүссэн оноогоо авч болоод байна. Энэ бол программын алдаа.
Яг энэ үеэр МУИС-ийн бусад сургуулийн шалгалтыг ч ийм программаар авсан бол бүгд л “но”-той. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эчнээ ангид элсүүлэх шалгалт энэ сарын 23-нд товлогдсон. Мөн л өмнөхийн адил онлайнаар, алдаатай программаар шалгалтаа авах гэж байна гэж элсэлтийн шалгалтад бүртгүүлэгчид бухимдаж байна.
Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулиас гаргасан шалгалтын агуулга нь элсэгчдэд зориулсан гэхэд дэндүү хүнд, хэрэв эдгээрийг мэддэг байсан бол бид энэ сургуульд элсэх шаардлагагүй гэж тэд ярьж байгаа юм. Тус сургуулиас элсэгчдэд зориулж 25 мянган төгрөгөөр гарын авлага тараасан ч түүнийг уншаад Та өөрөө тэр шалгалтыг өгөөд үзээрэй. Уучлаарай гээд уначихаад гараад ирэх вий.
Тэгэхээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн боловсруулсан шалгалтын агуулга, МУИС-ийн Мэдээлэл, технологийн албанаас гаргасан шалгалтын программ аль аль нь энэ удаагийн элсэлтийн шалгалтыг будилуулж байна. Үүний цаана юу нуугдаж байна вэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган нараас асууя!
МУИС-ийн захирал Баянжаргалын Очирхуяг нь өмнө нь яг энэ асуудлыг буюу Сургалт, оюутан хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан болохоор хаанаа, ямар булхай гарч, хэнийг хэрхэн хохироож байгааг сайн мэдэх учиртай. Энэ алдааг даруй засахгүйгээр шалгалт авч тоглох хэрэггүй. Учир нь Монголын ард түмэн МУИС-ийн Хууль зүйн сургуульд Танаас ч илүү хайртай. Тус сургуулийн багш нараас ч илүү энэ сургуулийг хүндэтгэдэг юм. Бохирлож байгаа нь “танайхан” бөгөөд аргаа нарийсгаж мэддэгээ мэддэггүй царайлж зориуд ийм будилаан хутгаж МУИС-ийг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг доромжилж байгаад гутаж байна гэдгийг яаралтайгаар сануулж авах арга хэмжээг чинь хором тоолон хүлээе! Цаг тоолж эхэллээ!
Нийтлэлч: Оргилмаа