Сонгогчдоосоо урваж, тойргоо сольсон "нүүдэлчид"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 38 секунд
Сонгогчдоосоо урваж, тойргоо сольсон “нүүдэлчид“

Сонгогчдоосоо урваж, тойргоо сольсон “нүүдэлчид“

УИХ-ын сонгуулийн тойрог зарим нэг нэр дэвшигчийн хувьд  хувьд эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд бол нөгөө нэг нь тойргоо  сольж сонжиж шинжиж явна гэнэ.  Дундговь аймагт ажилладаг танил маань “Олигархууд аав ээжийн нутаг хэмээн  хайр зарлаж явна. Аргагүй л сонгууль ойртжээ” хэмээн жиргэжээ.  Ер нь сонгууль дөхөхөөр л нутаг устайгаа мэддэг  иймэрхүү хүмүүс гэвэл Монголын улс төрчид.

2020 оны сонгуулиар  сонгогчдоосоо урваж, тойргоо сольж байгаа МАН-ын гурван гишүүний нэр ус тодорхой болсон.  Тэд бол нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон Сү.Батболд, Ц.Цогзолмаа, Эрдэнэтийнхний итгэлийг өвөрлөн Их Хуралд ирсэн Д.Дамба-Очир нар. 

Мөнөөх Дундговьд аав ээжийн нутаг хэмээн хайр зарлаж яваа “олигархи”-ууд гэж С.Батболд, Д.Дамба-Очир нарыг хэлсэн хэрэг.  Ц.Цогзолмаа энэ жил нутгаа бараадаж Ховдод очиж нэр дэвшихээр ярьж  байгаа.

Хэн тойргоо сольдог нь тодорхой.  Худал амалсан, тойрогтоо юу ч хийгээгүй, сонгогдсоноосоо хойш эмээлээ авсан морь шиг 4 жил сураг  тасарсан, эргээд уулзах улаан нүүргүй болсон түшээд л тойргоо  сольдог.  Товчхондоо тойргийн хэдэн арван мянган хүний итгэл, сэтгэлээр тоглогчид. Харин үүнийхээ төлөө хариуцлага үүрэх ёстой атал өөр тойргийг тойглож, тэнд аврагч бурхны  дүр эсгэж явна гэдэг  дахиад хэдэн мянган сонгогчдын итгэлээр тоглох гэж байгаа,  уг чанартаа гэмт үйлдэл.

 Нэр дэвшигч тойргоо солих нь  намынхаа нүүрийг улайлгаж, чихийг халууцуулж, нэрийг нь шавар шавхайтай хутгаж буй хэлбэр.  Ийм хүмүүстээ  МАН хариуцлага тооцож, дахин нэр дэвших эрхийг нь хязгаарлах ёстой атал харин ч өөгшүүлж өөр тойрог өгч байгаа нь шударга ёсонд үл нийцнэ.

Нэгэн зууны түүхтэй, Монголын улс төрийн ууган хүчин  МАН-ын нэр дэвшигчид нь ингэж тойргоор тоглож “тэвэг өшиглөж” явна гэхээр энэ нам  маань төлөвшиж, хариуцлагажиж чадсан уу гэх эргэзээг  төрүүлж байна.  Ийм  байдал нь сонгогчдоо татах биш үргээсэн  явдал болж байна.  Сонгуулийн өмнө муухай л харагдаж байна даа, У.Хүрэлсүх дарга аа.

Энэ парламентын анхны “урвагч” Д.Дамба-Очир

МАН-ын олонхи болсон парламентад  тойргоосоо хамгийн түрүүнд нүүр буруулсан  хүн бол Д.Дамба-Очир.  Эрдэнэтийн сонгогчид  төрд илгээсэн элч төлөөлөгчөө дөрвөн жил  овоогоо сэтэртэл харуулдаж,  амалсан нь ажил хэрэг болно гэсэн горьдлого хүлээлттэй  өнөөг хүрэв. Харамсалтай нь нэгэнт сэтгэл нь урвасан  тэр  хүн ирсэнгүй, харин ар хударгаар нь Дундговийн тойргийг “аавын нутаг” хэмээн усалж ирэв.

Бас болоогүй ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдон Улсын прокуророос Их хурлын гишүүнээс түтгэлзүүлэх санал  аваад  тэсч үлдэх эсэх нь ч дэн дун өнөөдрийг хүргэж буй нэгэн. Оюутолгойн асуудлаар Парламент хэлэлцэж, шийдвэр гаргах учиртай нууцын зэрэглэлтэй баримт бичгийг  УИХ-аар хэлэлцэхээс өмнө гадны хөрөнгө оруулагч Рио Тинтод аваачиж өгч үндэсний эрх ашгаас “урвагч” гэдгээ нотолсон.

Нэгэн цагт Лүнгийн замыг там болгож явсан Д.Дамба-Очир  энэ сонгуулиар Дундговийн сонгогчдыг  урвуулна гэдэг юу л бол.

Давхар дээлтэй даналзаж явсан Ц.Цогзолмаа тойргоосоо ороолов

Ц.Цогзолмаагийн хувьд ажил амьдралын  цөөнгүй жилээ Сүхбаатар дүүрэгтэй холбож, өгөөж буяныг нь хүртэж явсан нэгэн. Сүхбаатарчууд түүнийг Засаг даргаараа ажиллуулж, дараа нь УИХ-д итгэл өгөн сонгож байв. Уг нь тэр дүүрэгтээ танигдсан, дахиад ирэхэд дэмжиж туслах бэлээхэн бааз суурьтай хүн. Гэвч цаг цагаараа  байдаггүй. Судалгаагаар түүний рейтинг  дүүрэгт  тун доогуур гарчээ. 

Өнгөрсөн дөрвөн жил амалсан нь ажил болсонгүй, сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлсэнгүй.  Уг нь УИХ-д ирээд давхар дээл өмсөж, даналзаж явсан ч танхимынхаа эсрэг санал өгч  сайдынхаа суудлаас сэгсрүүлсэн нэгэн.

Сүхбаатар дүүргийнхээ сонгогчдоор туг  тахиад дахиад хууль тогтоох байгууллагад эргэн ирэх хүслээ биелүүлэхээр төрөлх нутгийнхандаа “үлгэр” ярихаар сэтгэл шулуудаад байгаа нь энэ.

Намаа ялагдуулж,  улсаа өртэй үлдээсэн “Ерөнхий сайд”  С.Батболд

С.Батболд нийслэлийн Сүхбаатар дүүргээс нэхэлтэй юм шиг сонгогддог цөөн хэдэн гишүүний нэг. Дөрвөн уулын дунд, Хүн чулууны хонхорт хамт байгаа хэрнээ  сонгогчид нь сонгосон түшээгээ дөрвөн жил  олж уулзсангүй хэмээн гомдоллож байна билээ.   Түүнийг тойрогтоо ирвэл түүхий өндөг шидэж угтана хэмээн ярьж яваа сонгогчтой ч таарсан.

С.Батболдыг хүмүүс  бараг мэднэ дээ. Тойрогтоо байтугай  төрийн ордонд ч цөөхөн үзэгддэг УИХ-ын “хэлгүй” гишүүдийн нэг.  Гэхдээ Ерөнхий сайдын албыг хашиж үзсэн зайтай эр.  

2012 оны сонгуулийн өмнө БНХАУ-ын "Чалко" компаниас 350 сая долларын зээл авч “Эрдэнэс Тавантолгой”-г  өрийн барьцаанд үлдээж, өөрөө намаа сонгуульд ялагдуулснаар Ерөнхий сайдынхаа албаа  өндөрлөж байв. Батболдын “баас”-ыг  арилгах гэж “Эрдэнэс Тавантолгой”  нүүрсээ 6 жил үнэгүй зөөсөн юм даг.   

Хуучин түүх, гэхдээ эргэн сануулахад  Бороогийн алтны ордыг Канадууд зарж,  Монголын алтны  хүүдийг эргүүлж сэгсэрсэн хүн гэж түүнийг ярилцдаг юм.

Иймэрхүү дүр төрхтэй гурван хүн тойргоо солихоор сэтгэл шуударсан бололтой.  Сонгууль гэгч  худал хоосон амлалт гэдгийг ах намын гурван гишүүн  үйл хэрэг, үйлдлээрээ ийнхүү нотолж, хөлийг нь дөрөөнд  хүргэсэн өмнөх тойргоо огоорч байна. 

Төрийн төлөө сэтгэлгүй, эрх мэдлээ эд хөрөнгө болгох холын шунал, ойрын хараатай хүмүүс  л ингэж шатрын хүү шиг тойргоос тойрогт нүүдэл хийдэг биз.  Тэд орон нутагт хөрөнгө оруулалт,  хөгжил хөдөлгөөн амалж гарч ирдэг ч  үнэн хэрэгтээ ийм л байна. Харин сургуулийн дээвэр, эмнэлгийн будаг, соёлын төвийн хөгжим гэхчлэн  аар саархан аж ахуйн ажлаар амиа аргацааж, улсын төсвөөр тухайн орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, шав тавих ёслолд  урилгагүй очиж тууз хайчилж “эзэн”-ий дүр бүтээдэг аж.

...Сонгогчдоосоо урвах нь  аль ч талаасаа Монголын сонгуулийн хамгийн муухай эд эсийн  нэг.  Тухайн гишүүн нэр дэвшсэн тойрогтоо хэр ажилласан, нам болон өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрхэн хангасан,  тойргийнхоо тулгамдсан асуудлыг шийдсэн эсэх, хуулиа яаж сурталчлав гэхчлэн шалгуур үзүүлэлтийг нь харж  дүгнэж байж дахин сонгогдох эрхийг нь олгодог болмоор байна.  Өөрөөр хэлбэл нам дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргахад гол харгалзах үзүүлэлт нь сонгогчдын үнэлэлт дүгнэлт байх учиртай. Тэгснээс тойргоос тойрог дамжин хулхин дээр  цэцэг ургуулж явдаг гишүүддээ  нам нь хариуцлага тооцохын оронд өөр тойргоор “урамшуулаад” байх нь шударга ёсонд үл нийцнэ.  Ирсэн шигээ явж чадахгүй ч наад зах нь сонгогчиддоо учир байдлаа хэлж, талархлаа илэрхийлж сурах нь улс төрийн соёл, хүний ёсон мөн.

Сонгогчдоосоо урваж, тойргоосоо дүрвэсэн хэсүүлч нөхдийг дахин сонгохгүй байвал төр цэвэрших нэг боломж мөнөөс мөн.

Г.Тулга

Х.Тэмүүжин, Д.Долигжав нар цагдаагийн мөрдөн байцаагчид тайлбар, мэдүүлгээ өгнө
Х.Тэмүүжин, Д.Долигжав нар цагдаагийн мөрдөн байцаагчид тайлбар, мэдүүлгээ өгнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.