Лидергүй намын "Лойдор"-уудын бодлогоос залуус ичиж байна шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
Лидергүй намын “Лойдор“-уудын бодлогоос залуус ичиж байна шүү

Лидергүй намын “Лойдор“-уудын бодлогоос залуус ичиж байна шүү

“Хонхны дуу” эгшиглэж, хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм цогцлон бий болсоор даруй 25 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд ардчилал, ардчиллын амин чухал зүйлсийг ганцхан намын бүтээл мэтээр өмчирхөж ирсэн нь Ардчилсан намын хамгийн том алдаа байлаа. 25 жил гэдэг хүнээр бол эрийн цээнд хүрч, амьдрал ахуйгаа тэгшилж, буурь суудаг нас. Тэгвэл 25 жил ардчиллыг өмчилж, ардчиллаар бамбай хийж ирсэн Ардчилсан нам эрийн цээнд хүрээгүй, амьдрал ахуйгаа тэгшлээгүй, буурь суугаагүй л байна. Зөв бодолтой, зөв сэтгэлтэй хүн энэ намд олон бий. Эдгээр зөв бодол, зөв сэтгэлийг зүглүүлэн чиглүүлж, удирдан зохион байгуулах хүн харин байхгүй байгаа нь харамсалтай. Мөн мэдлэг боловсрол, оюун ухаан, бие сэтгэлээ энэ анмд зориулсан олон залуу бий. Тэдгээр залуусыг манлайлан уриалж, үлгэрлэн жишээлэх хүн байхгүй байгаа нь нэнэ харамсалтай. Одоогоос 25 жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж, өлсгөлөн зарлаж, үхэх сэхэхээ үзэлцэж явсан ах нараа дүү нар нь алд дэлэм хүндэлдэг. Харин ингэж хүндэлсний хариуд ах нар дүү нар руугаа нулимдаг, дэлбэ “амбаарддаг” ийм зарчим Ардчилсан нам дотор шургалсаар удаж байна. Улс төрийн нам байтугай тогтоол ус ч шинэчлэгдэж, сэлбэгдэж байдаг жамтай. Өнөөдөр намын толгойд суугаа “эрхэм ах” нарын авир хэрээс хэтэрч байгааг ний нуугүй хэлэх нь зөв биз ээ. Таалсан нэгнээ өөд нь татаж, таалаагүй нэгнээ доош хийх нь ардчилсан нийгмийн мөн чанар уу? Намаа шинэчилье гээд зүтгэж байгаа залуусаа дэмжихийн оронд хавчиж, хяхаж байгаа нь ардчилсан нийгмийн мөн чанар уу?

Өнөөдөр өөрсдийгөө намын лидер хэмээн ойлгож хүмүүс бол угтаа намын “лойдор” болчихжээ. 2012 оны сонгуулийн дараа 34 хувьтай байсан рейтинг гуравхан жилийн дотор 14 хувь болтлоо буурлаа. Бүхэл бүтэн 20 хувиар буурсан намын нэр хүндэд хэн буруутай вэ. Мэдээж өнөөдрийн намын “лойдор”-ууд... “Чингис”, “Самурай” зэрэг бондын мөнгөөр эх орондоо юу хийсэн бэ? Юу бүтээсэн бэ “эрхэм ах” нараа... Хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар бодит ажил хийсэн үү? Эсвэл хэдэн үхмэл цэцэг, хогийн ногоон уут болгоод дууссан уу? Та нарын энэ шоучин, худлаа улс төржилтөөс залуу үеийнхэн чинь үнэхээр залхаж гүйцлээ. Залхахаас гадна хамгийн гол нь ичиж үхэх нь... Залуусаа дэмждэггүй, хэдхэн хүний хүрээлэлд байдаг Ардчилсан намыг ямар ирээдүй хүлээж байгаа нь тун ойлгомжтой. Ирэх жилийн сонгуулиар өнөөх л хэдэн “лойдор”-ууд тойргоо хувааж аваад өрсөлдөнө. Тэгээд сөрөг хүчнийхэнд далаараа цэвэр тавиулна. Ийм олиггүй зүйл болохоос өмнө чадвартай, чадалтай залуусынхаа итгэл рүү ус цацаж байхаар санасан сэдсэн зүйлийг нь дэмжээд явж болдоггүй юм уу, эрхэм ах нараа...

Монгол төрийн жолоо атгаж байгаа эрхэм ах нарын буянаар эх орон минь дампуурахад хүрлээ. Ирэх жилээс бондын хүү төлөгдөөд эхлэхээр монголчууд, ард түмэн бүсээ чангална. Энэ үед бид мэтийн залуус та нараас үхтэлээ ичнэ. Ийм л шинэчлэлгүй, ардчилалгүй намын залуус бид одоо хаачих вэ... Нөгөө сайхан яриад байсан ардчилал чинь хаана байна аа, ах нар аа...

Ц.Анир

Улс төрийнхний “Гоол”
Улс төрийнхний “Гоол”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.