Улс төрийнхний “Гоол”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 48 секунд
Улс төрийнхний “Гоол”

Улс төрийнхний “Гоол”

Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Энэ амархан. Эмзэглэх зүйл байхгүй. Билэгдлийн тоогоо бариад энийг хийчихвэл цэнгэлийн манлайд хүрнэ гэх утгатай санал хэлж явсан түшээд бий. Зоригтой ч юм шиг тэнэг ч юм шиг ийм хөнгөн мэдэгдлүүд аль ч улс төрд байх л үзэгдэл. Биелэхдээ бас удна. Харин Үндсэн хуулийн цэцийг тааллаараа цэгцэлж нүүр хагарсан намынхан улирал хүрэхгүй хугацааны дотор 20 жилийн ардчиллын утга учрыг алдуулах алхмуудыг хийж байна. Яагаад гэсэн олон нийтийн гайхшралд яаж ийгээд дахин засаглахын төлөө гэсэн энгийн тайлбар үлдээд байна.

 

Цэц гэдэг манаачийг нь чихгүй нүдгүй мэт болгож аваад Үндсэн хуулиа шатрын хичээл шиг тайлбарлаж суудаг боллоо. Хууль хэлбэрэлтгүй хоёрдмол утгагүй байх ёстой гэсэн наад захын эрх зүйн мэдлэгтэй хүний эгдүү хүрмээр дүгнэлтийг Цэц гаргаад байгаа нь хамгийн том асуулт.

 

Үндсэн хуулийн Цэц 2012 оны тавдугар сард сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн эцсийн шийдвэр гаргаж байсан. Одоо бол зөрчсөн болоод явчихлаа. Энэ шийдвэр нь 4 жилийн өмнөх алдаагаа засч байгаа юм уу. Нэг бол алдаагаа бүр лавшруулж байгаа хэрэг үү. Засч байгаа бол дэндүү орой. Хэтэрхий гэнэтийн байна. Олон нийт энэ шийдвэр дээр уламжлал ёсоор хоёр хуваагдаад эхэллээ.

 

Жагсаалтын гишүүд буюу сонгуулийн хувь тэнцүүлсэн хэлбэрийн тухайд шүүмжлэл хардлага байсан. Иргэдийн саналыг хадгалах жалга довны талцаанаас зайлсхийх гээд төлөөллийн ардчиллыг илүү хадгалах талаас нь пропорциональ тогтолцоог дэмжих хэсэг байсан. Нөгөө талдаа хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор ороод ирэх тойргоос зугатсан үнэн “дуртай” гишүүдэд зориулсан гэдэг талаас нь олон нийт жагсаалтыг эгдүүцэж байсан. Эхнээсээ үндсэн хуулиа давуудуулсан хуулийн заалтаар ороод ирсэн жагсаалтын гишүүд нүүр бардам байх төвөгтэй болсон. Тойрог байхгүй. Амлалтын өргүй тэд намдаа бол насаараа төлөх өртэй болчихсон гэхэд болно. Эвсэл задрах ба задлах гол дүрийн баатар болж байсан нэр бүхий гишүүд ард нь нэхэлтэй тойрог байхгүй тул тоох ч үгүй л томорч байсан үг мэдэгдэл хуучраагүй. Энэ бол жагсаалтын гэх тодотголтой гишүүдийн наад захын сул тал болж харагдсан.

 

Одоо томсгосон тойргоор явчихад яг хуулинд нийцнэ гэж суугаа хуульч түшээд дотор хүнтэйгээ, итгэл үнэмшилтэйгээ салам зөрчилдөж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд жагсаалтаар гар амар Их хуралд орж ирсэн тул намдаа өртэй.

 

“…Монголын хуульчид академик асуудалд хэт анхаарлаа хандуулж амьдралаас тасарч ирсний шалтгаан нь Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллага өөрөө практик асуудал шийдэх шүүх засаглалд хамаарах институц бус харин улс төрийн байгуулал байхаар заасан Үндсэн хууль, Үндсэн хуулийн процессийн эрх зүйтэй шууд холбоотой…” гэсэн хуульчийн тайлбарыг дахин иш татах нь эцэг хуулийг нэрийн хуудас шиг ашиглах болсон энэ цагт үнэнд нийцсэн тайлбар болж байна.

 

Хоёр томын энэхүү Цэцийн гараар хийлгэж буй сонгуулийн тогтолцооны гэнэтийн ухралт иргэдийн гэхээсээ бусад намын бухимдлыг төрүүлж байна. Сурталчилгааны 18 хоногт зөвхөн нэр дэвшигчдээ ялуулаад төр барих хэмжээнд их хуралд гарах найдлага үндсэндээ байхгүй. Гуравдагч хүчнүүд болон нөлөө бүхий бие даагчид эвсэхээр нууц уулзалт хийж бараг ялах хар зураг буулгаж байсан сонгуулийн шинэ фронт үндсэндээ нээгдэхгүй болж байна. Тэд намд өгөх саналын фонд буюу жагсаалтаар орж ирээд бүлэг байгуулж чадсан “Шударга ёс” эвслийн амжилтыг шинэчлэх найдлага тээж байсан.

 

Үүнийг нь “горьдов оо” болгох хүч түрсэн алхмыг давчуу зайнд тулгаж байгаад хийлээ. Аавынхаа нэрийг барьж хулгай хийхтэй зүйрлэж болох энэ алхам төгс хийгдвэл хэтдээ буруу жишгийг нутагшуулж, хуулиар хуурахыг арга барил болгож Үндсэн хуулийг хүчгүй болгох Монголчилсон загварыг дэлхий нийтэд харуулсан ичмээр жишээний нэг болно.

 

“…Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуулиар хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна…” хэмээн Цэцийг цэгцлэх ажиллагаан дээр хуульчид энэ мэдэгдлийг хийж байсан. Харин бусад нь тоох ч үгүй тус тусдаа ам хамхиж амин чухал сэдэв даргынхаа томилгооны тухай ухаанаа шавхаж суусан. Гэтэл өнөөдөр үл тоож зайгаа бариад байсан мэдэгдлээ бараг хуулж бичээд давтаад сууж байна.

 

Ийм л намууд төрийн эрх барилцаж буй бөгөөд дахин төрийн эрх барихын төлөө тэмцэлд хуулиа гууль болгоод сууцгааж байна даа.

 

Хээгүй хэлэхэд инээдтэй юм болж байх юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 64.2 хувийн өндөр дэмжлэгтэйгээр “Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй” хэмээсэн ба чуулганаар хэлэлцээд эхэлсэн. Үүгээр харах юм бол Цэцийн шийдвэрийг эцэслэх чуулганы хуралдаанд одоогийн жагсаалтын 28 гишүүн үүдэнд сууж байх болж байна. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах тухай хэлэлцэх нь жагсаалтын хэдийг хэрхэх тухай хэлэлцсэнтэй адил. Их хурал дүгнэлтийг хүлээгээд авчихвал тэд нийлж хурал зарлаад гишүүнээсээ “баяртай” гэх болоод байна. МАХН-ын завсарлага тохироо яаж ч дууссан байлаа Цэцийн дүгнэлт олон маргааныг дагуулсаар үлдэнэ.

 

Төрийн дээр МАНАН суучихаад байна гэдэг бол нэг талдаа улс төрийн мэдэгдэл. Бодит амьдрал дээр аль ч нам нь ялахын тулд яахаас ч буцахаа байснаа харуулж байна. Бие биенээ бохир аргаар намнах юу ч биш. Үндсэн хуулийг бөмбөг болгож жижиг багуудын хаалганд дүрэмгүй гоолдож эхэллээ. Цэц гэдэг хаалгач нь бас цайрчихсан. Ирмэсэн талаас өнхөрсөн бөмбөгийг зөөлхөн түлхээд өөрийнхөө хаалганд оруулчихдаг болжээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Б.Энх-Амгалан: Сайн талыг нь хаяад мууг нь сэвдэг зуршилтай болж дээ
Б.Энх-Амгалан: Сайн талыг нь хаяад мууг нь сэвдэг зуршилтай болж дээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.