Б.Энх-Амгалан: Сайн талыг нь хаяад мууг нь сэвдэг зуршилтай болж дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 20 секунд
Б.Энх-Амгалан: Сайн талыг нь хаяад мууг нь сэвдэг зуршилтай болж дээ

Б.Энх-Амгалан: Сайн талыг нь хаяад мууг нь сэвдэг зуршилтай болж дээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та ямар нэг байдлаар онгоцтой холбогдчих юм. Новосибирскт онгоц буулгасан гэх яриа байдаг бол онгоц угсарна гэж ярьдаг л гэнэ, онгоцоор аялал жуулчлал хөгжүүлнэ л гэнэ. Яагаад ийм үл бүтэх зүйл ярьдаг юм бэ?

-Үл бүтэх зүйл биш л дээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц муу хөгжсөн, хүн ам цөөтэй манай улсын хувьд онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг захиалгат нислэгт жижиг, дунд оврын агаарын хөлөг ашиглах нь цаг хугацаа эдийн засагт хэмнэлттэй. Дээр нь үр ашигтай, найдвартай, байгаль орчинд ээлтэй, түргэн шуурхай гээд олон давуу талтай. Би биш мэргэжлийнхэн хэлээд байгаа юм. АНУ, Канад, Япон улсууд бага, дунд оврын онгоц аялал жуулчлалдаа ашигласнаар олон давуу талыг олж харсан гэсэн судалгаа хэвлэгдсэн байдаг.

Хамгийн сонирхолтой нь байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс буурсныг онцолсон байна. Иймд энэ зөв гарц биш үү гэж хэлсэн санаатай. Манайд ч бас хэд хэдэн бага оврын нисэх онгоц, нисдэг тэргүүд үйлчилгээ үзүүлдэг. Намайг сайд байхад Говь-Алтай аймгийн Алтай, Хэнтий аймгийн Дадал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ зэрэг алслагдсан сумдад жижиг оврын онгоцны буух хөөрөх зурвас байгуулах эдийн засгийн үр ашгийг тооцох шийдвэр гарч, Алтай сум, Бугат сумын, Тахийн талын буух хөөрөх зурвасыг засварлан туршилтын нислэг хийсэн. Машинаар аймгийн төвөөс Алтай сум ороход 7-8 цаг явдаг, өндөр уул даваа хавцал туулдаг энэ газрыг агаараар бага оврын онгоцоор аймгийн төвөөс 30-40 минутанд туулж байсан. Тухайн үед нэг зорчигчийн тийз 60.000 төг болох тооцоог манайхан гаргасан.

Ер нь байгалийн аялал жуулчлалд, богино дунд радиуст, бага оврын онгоц үр дүнтэй мэргэжилтнүүд хэлж байсан. Сэтгүүлч надаас аялал жуулчлал хөгжүүлэх гарцын талаар асуусан. Би цаашид гадна дотны аялал жуулчлал хөгжихөд түлхэц болох болов уу гэж саналаа хэлсэн. Түүнээс биш ард түмний амьжиргаа, улс орны эдийн засаг, дэлхий нийтэд цар тахал, дайн дажин ямар хор хохирол авчирч байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ.

Онгоц засах угсрах тухайд бол үр дүнгийнх нь талаар би тоо баримттай хэлж байсан. Одоо ч миний цахим хуудас дээр байгаа. Бас мушгиад унах биз, больё.

Монгол Улс 50 дахь “Боинг”-оо засч 11 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа гэсэн мэдээ бий. “TBC-2MC”, “Tsesna” болон бусад жижиг оврын онгоцыг манайд угсрах боломж байгааг засварын төвийнхөн хэлдэг. Муу хүмүүсийн ашиг сонирхол орчихгүй бол яваандаа нисэхийнхэн маань болгоно биз дээ. Новосибирск бол намайг НИТХ-ын төлөөлөгч байх үеийн асуудал. Хангалттай тайлбар өгсөн. Манай зарим нөхөд хуруу нэмэхгүй хошуу нэмэхдээ гаргууд, сайн ололттой талыг нь хаяад муу талаас нь сэвдэг зуршилтай болж дээ.

-Приус яриад байсан уу?

-Машиндаа ч биш, түүнийг жолоодож яваа ухвар мөчид зарим хүнд л байгаа юм. Бас л аялал жуулчлалтай холбоотой асуудлаар ярьсан. Бид гэр орондоо хогоо хаяад байдаггүй биз дээ. Голын эх, ойн сав газар, нүдэн булгуудаа арай болгох юм. Та зүгээр л Өгий нуурын эргээр Туул голын орчим яваад үз. Эх орондоо эрх чөлөөгөө эдэлж байгаа юм байлгүй дээ, үг сонсохгүй доромжилдог болжээ. Үр хойчдоо архины шил, пивоны лааз, хог новшоор дүүрсэн байгаль дэлхий битгий үлдээгээсэй. Зөв амарч, аялдаг, байгальд хайртай хүмүүс бий. Тэднийг үгүйсгээгүй. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоё гэж миний хэлээд байгаа нь энэ салбараас орлого олж хөгжих тухай юм. Үеийн хэдэн нөхөд нийлж гол дээр архидах, үүргэвч үүрсэн нэг гадаад айлын хоол буудаад явах тухай асуудал биш.

-УИХ-ын гишүүний хувиар ямар хууль дээр ажиллаж байна?

-Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн Ажлын хэсгийг ахлан ажиллаад УИХ-аар эцсийн хэлэлцүүлэг хийсэн, дараа нь Далайн тээврийн тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллалаа.

-Бас нэг зүйл бий. Та Нарансэвстэй-Мазуншань боомтыг нээлгэхгүй маргаан дэгдээж байна. Түүнийг нээхээр нутаг орон чинь хөгжинө биз дээ?

-Нутаг орны хөгжлөөс би л хойш татаад байна уу. Хэдэн тайлбар хэлье. Нэгдүгээрт, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр гурван гишүүн санаачлан оруулж ирсэн асуудал. Ингэхдээ цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд энэ боомт уул уурхайн экспортыг дэмжих чухал ач холбогдолтой учраас нүүрс, төмрийн хүдэр зөөнө гэсэн. Цээл сумын Таян нуурын төмрийн хүдрийн ордын баялгийг Бургастайн боомтоор хятад руу гаргадаг. Зам нь бүрэн дуусаагүй, тоос шороо татуулаад хөрс ургамал сүйтгээд явж байна. Эндээс 900 орчим км зөөлөн эмзэг хөрсөөр давхиад их говийн дархан цаазат газрыг дайраад Мазуншань руу төмрийн хүдэр гарахгүй гэж хэлсэн.

Ховдын Дарви сумын Хөшөөтийн чулуун нүүрсний ордоос 311 км өөрсдийн тавьсан засмалаар яваад Булган боомтоор хил гардаг. Тэгэхээр 1000 гаруй км шороон замаар явж, Мазуншань гаргана гэдэг эдийн засгийн хувьд үр ашиггүй. Өөр энэ хавьд экспортод ашиглах томоохон орд байхгүй. Дээр нь энэ газар маш зөөлөн хөрстэй, цэрд ихтэй. Зуун тоннын машин байтугай зургаан тонны “Зил-130” цөмрөөд явахад хүнд байсныг нутгийн жолооч нар ярьдаг. Үүнээс гадна айл нутагладаггүй, нэн ховордож улаан номд орсон зэрлэг амьтдын тархац нутаг, байгаль дэлхий өөрөө өөрийгөө хамгаалсан онгон дагшин газар юм. Хоёрдугаарт, Бургастайг хаагаад Нарансэвстэй-Мазуншанийг нээчихвэл баруун аймгууд Европт гарах гарцтай болно гэж худал мэдээлсэн. Гэтэл судалгааг харахаар Европ руу гарах нь худал болж хувирсан. Мазуншанийг нээчихвэл барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн хямдхан орж ирээд Алтай хөгжин цэцэглэнэ гэв. Хаагаад байгаа учраас хөгжихгүй байгаа гэнэ.

Цаад талд нь хөгжил муутай, дэд бүтэцгүй томоохон үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал байхгүй 1135 хүнтэй бөглүү тосгон байгаа. Бургастайгаар хөгжихгүй Нарансэвстэйгээр хөгжинө гэж юу байх вэ дээ. Нээгдээгүй Нарансэвстэй байтугай нээлттэй байсан олон улсын боомтууд ажиллахгүй байна. Тэр ч бүү хэл 24 цагийн ажиллагаатай Эрээн-Замын-Үүд ямар байгаа билээ. Дөрөвдүгээрт, цаанаас нь газар доогуур манай баялгийг хятадууд ухаад байна, бид наанаас нь ухахгүй бол цаг алдах нь гэсэн санаагаа цухалзуулав. Орчин үед ийм үгэнд хэн итгэх юм. Сансар огторгуй хиймэл дагуул, шинжлэх ухаан техник технологи хөгжсөн эрин үед “Хуучин хүүгийн үлгэр” газар авсангүй. Гэтэл сүүлийн арга үлдсэн. Тэр нь УИХ-аар асуудлаа оруулах. Хилийн Боомтуудыг Хянан Шалгах Түр Хороо байгуулах замаар асуудлаа оруулж ирэх санаархал байж магадгүйг судлаачид хардаж байгаагаа дуулгасан. Цаад санаа нь Талын мэлтсийг дархан цаазат газраас гаргаж алтыг нь ухахын тулд боомт нээнэ гэх шалтгаан гаргаж ирж байна.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Хуваалцах Жиргэх

12 сая воноор мөрийтэй тоглосон монгол иргэнд ял оноов
12 сая воноор мөрийтэй тоглосон монгол иргэнд ял оноов
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.