Г.Занданшатар: Монголын ард ТҮМЭН үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
26 минут 46 секунд
Г.Занданшатар: Монголын ард ТҮМЭН үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдаж байна

Г.Занданшатар: Монголын ард ТҮМЭН үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдаж байна

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Эрхэм гишүүд ээ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Хатагтай, ноёд оо,

Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна.

Коронавирусийн дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломж бий боллоо. Гэхдээ цар тахал томуу өвчний хэлбэрт шилжих, шинэ хувилбар дахин дэгдэх эрсдэлтэйг анхаарч, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэгэнт тогтсон сайн дадал хэвшлийг дагаж мөрдөх нь зайлшгүй чухал гэдгийг үгийнхээ эхэнд сануулж хэлье.

Улсын эдийн засаг, ард олныхоо амьжиргааг сэргээх боломж бүхнийг алдалгүй ашиглаж, цар тахлын дараах Шинэ сэргэлтийн бодлогоо тууштай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, иргэд олон нийт нэгдэж, итгэл төгс урагшлах шинэ эрмэлзлийн цаг ирж байна.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Та бүхний анхаарлыг 3 багц асуудалд хандуулахыг хүсэж байна.

1. Цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж таамаглах аргагүй, яах нь тодорхойгүй олон эрсдэлийг өдөөж байна.

Гадаад орчин эмзэг байгаа энэ үед бидний монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. Мэдээллийн дайны энэ эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүй.

Монгол Улсын эдийн засаг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улс болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа.

Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнуудын энэ чиглэлээрх хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт зарим хүндрэл бий болгож байна. Тухайлбал, 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувь буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үнийн өсөлт эрчимжиж, инфляц 2022 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрчээ.

Олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляц, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлж дараах асуудлуудыг даруй анхаарах шаардлагатай. Үүнд:

1. Өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээг авч, үнийн өсөлтийг бууруулах;

2. Импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих мөнгө, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх;

3. Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэн, батлах;

4. Эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж, боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

5. Үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл эмзэг бүлэгт хүндээр тусах магадлалтай тул нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал байна.

Түүнчлэн эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайн ажиллах хэрэгтэй байна.

Дэлхийн зах зээл дээр алтны ханш унци нь 2000 ам.долларт дөхлөө. Нүүрсний үнэ гуравдугаар сар гарснаас хойш тонн тутамдаа 300 юаниар нэмэгдсэн. Зэсийн үнэ сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн ч цаашид нэмэгдэнэ, тонн нь 15.000 ам.долларт хүрэх магадлалтай гэсэн тооцооллыг шинжээчид хийсэн.

Түүнчлэн Европ, Азийг холбосон худалдааны нэг томоохон зангилаа нь манайх байх боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх, боломжийг бодит ашиг, үр дүнд хүргэхэд чиглэсэн зөв бодлогыг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

2. “Шинэ сэргэлт”-ийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье.

Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот-хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болгох хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэх юм. Товчоор хэлбэл Монгол Улс шинэ сэргэлтийн сэргэн мандлын замд гарна. Тиймээс бодлого баталсандаа санаа амарч, тайвширч, алгуурлаж сууж хэрхэвч болохгүй.

Сүүлийн 14 жилийн 12 жилд нь манай улсын төсөв, төлбөрийн урсгал тэнцэл хос алдагдалтай байснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэж, үнэ ханш буурах биш, өсөх дараалаар үргэлжилсээр ирэв. Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хараат болж, нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт 4 хувьд ч хүрэхгүй болжээ. Үүний уршгаар орлогын ялгаа нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.

Тиймээс хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч болох зорилгынхоо төлөө иргэн нэг бүр, байгууллага аж ахуйн нэгж болгон, төр засаг, нийт үндэстэн даяараа хамтарч, тууштай зүтгэн хөдөлмөрлөж, хаврын тариалалт, ноолуур бэлтгэл зэрэг цаг үеийн ажлаас эхлээд, боловсруулах үйлдвэрлэл байгуулах, түүний хүний нөөцийг бэлтгэх, боомтууд, төмөр замын тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийн ойрын үеийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ долдугаар сард ашиглалтад орох ёстой. Эдгээр төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60.0 сая тоннд хүрэх боломжтой. Тиймээс төмөр замдаа онцгой анхаарал хандуулж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээ авч ажиллах нь чухал байна.

"Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэх томоохон 7 хуулийн төсөл, 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж хэлэлцүүлэх 20 хуулийн төслийг шуурхай хэлэлцэх, хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатай байна. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байгааг эхний ээлжинд хэлэлцэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдан авах ажиллагааны тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай, Хөгжлийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Дампуурлын тухай зэрэг хуулиудыг боловсруулах, хэлэлцэж батлахад төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн идэвхтэй оролцоог хангаж, яаравчлах шаардлагатай байна.

3. Улсын хэмжээнд тулгамдсан, шийдлээ хүлээж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, оновчтой, хурдтай, зөв шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал боллоо.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр үндэсний хэмжээнд явуулсан олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 45 хувь нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчид ойрын үеийн нэн тулгамдсан таван асуудлаар:

-хүнсний барааны үнийн өсөлт;

-шатахууны үнийн өсөлт;

-эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний чанар, Ковид-оос бусад өвчлөлд анхаарал хандуулах байдал;

-Улаанбаатар хотын замын түгжрэл;

-ядуурал, иргэдийн амьжиргааны доройтлыг нэрлэсэн байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулган нэлээд ачаалалтай, шахуу хуваарьтай байхаар байна. 2020 оны сонгуулиар сонгогч олны итгэлийг хүлээн сонгогдсон Та бидний бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Шийдлээ хүлээсэн бодлого, шийдвэр, эрх зүйн реформын олон асуудлууд өмнө минь байна. Тиймээс бидэнд илүү идэвх санаачилгатай байж, амралт алжаалыг хойш тавин зүтгэх шаардлагатай байгааг тэмдэглэе.

Тамгын газраас гаргасан судалгаагаар хэлэлцүүлгийн шатанд 102 хууль, тогтоомжийн төсөл байгаагаас нэгдсэн хуралдаан, Байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийдвэрлэсэн 56 төсөл байна. Тэдгээрээс хамгийн олон нь буюу 30 төсөл Эдийн засгийн байнгын хороонд, тус бүр 12-13 төсөл Хууль зүй, Төрийн байгуулалт, Нийгмийн бодлогын байнгын хороон дээр байна.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль багтсанаас бид 14 хууль баталж, 2 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа.

Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төслүүд батлагдаагүй үлдээд байна. Нэн тэргүүнд батлах ёстой эдгээр хуулийн зарим нь одоо хүртэл өргөн баригдаагүй байгааг сануулъя.

Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно.

Улмаар эдгээр 2 үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ бол парламентын төгөлдөршил буюу

парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухай асуудал юм.

Парламентын ардчиллыг төлөвшүүлэх талаар 4 асуудлыг онцолъё гэж бодож байна.

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйлийг засаж сайжруулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд томилох, томилогдох болон төсвийн эрх мэдлээсээ татгалзаж, Засгийн газрын тогтвортой байдалд Улсын Их Хурлын зүгээс нөлөөлөх нөлөөллийг эрс багасгаж чадсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалахаар заасан. “Төрийн бодлогыг тодорхойлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд ард түмний өмнөөс хууль тогтоомжийн акт гаргаж, түүнийгээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, дэмжих замаар улсыг хуулиар жолоодох үйл ажиллагааг бүхэлд нь хууль тогтоох эрх мэдэл гэнэ” хэмээн Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай тодорхойлсон байдаг.

Тэгэхээр хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн хууль “үйлдвэрлэх” төдий ойлголт бус, хууль батлан гаргах, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгаж, эцсийн үр дүнд хүргэх замаар нийгмийг хуулиар жолоодох нь энэ эрх мэдлийн үндэс юм.

Гэтэл өнгөрсөн он жилүүдэд хянан шалгах чиг үүрэгтээ Улсын Их Хурал дутуу дулим хандаж ирсэн нь бодит үнэн. Хууль хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэсэн зарчмаар халхавч хийсээр өнөөг хүргэсэн. Энэ байдлыг засаж, хянан шалгах үндсэн чиг үүргээ хууль ёсоор хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар сонгодог парламент болж төлөвших шинэ үе шат эхэлж байна хэмээн хэлсний учир үүнд оршиж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл юм.

Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм. Тиймээс Улсын Их Хурлаас тусгайлан ажлын хэсэг байгуулж, тус банканд хяналт шалгалт хийж байна. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол хийхээр товлосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох ёстой.

Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно.

Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстой. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн ашиглалтад байнгын хяналт тавьж, ашиглан завшигч хандлага, хэт үрэлгэн, салан задгай байдалд цэг тавих цаг болсныг онцолъё.

Дээр дурдсан санал асуулгад оролцогчдын 64 хувь нь Улсын Их Хурлын эрхэм гишүүн Б.Баттөмөрийн ахалсан ажлын хэсэг энэ асуудлыг шударгаар шийдвэрлэж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн байна билээ. Тиймээс энэ итгэлийг биелүүлэхийн төлөө хичээж зүтгэхийг ажлын хэсэгт үүрэг болгоё.

Хоёрдугаарт, Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн бүхий л ашиг сонирхолын бүлэглэлүүдийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.

Гуравдугаарт, маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяханы зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна.

Дөрөвдүгээрт, парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.

Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах, санал авах lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлууллаа.

Эдгээрт тулгуурлан Улсын Их Хурал иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Энэ систем хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо хэлбэрийн төдий хангагддаг байдлыг засаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлэхэд чиглэнэ.

Энэ хүрээнд хуулийн төсөлд иргэдээс санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм.

Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдож, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.6 саяд хүрсэн. Суурь бүтэц ийм сайн байхад иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж, Улсын Их Хурал болон иргэдийг зааглаж буй зааг ялгааг нураах зорилго амжилтад хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Цаашид бид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа цахим технологийн боломж, инновацыг шингээх нь ард түмний засаглах эрхийг хангасан парламент болж төгөлдөржихөд нэн чухал ач холбогдолтой юм.

Энэ зорилтын хүрээнд зарим аймагт Улсын Их Хурлын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж, иргэддээ ардчилал, хүний эрх, Үндсэн хуульт болон парламентат ёсны мэдлэг, боловсрол олгох ажлыг эрчимтэй явуулах ажлыг Тамгын газраас хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт ард иргэд ээ,

“Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя” гэж бид Төрийн дууллаа дуулдаг билээ. Монголчууд бид нэгдмэл үнэт зүйлстээ тулгуурлан, эвийн хүчийг эрхэмлэн, Монголоо мандуулах түүхэн цаг ирсэн байна. Үүнтэй холбогдуулан “Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо санаачлаад байна.

Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголынхоо ирээдүй хойчсын өмнө бидний хүлээх журам үүрэг юм. XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг боловч даяаршлын эринд үндэстний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархалт өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч ард түмэн болох, ядуурлаас салж, хөгжин дэвшихэд чиглэх болно. Энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалъя.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх бол
Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх бол
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.