Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх бол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 3 секунд
Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх бол

Өрийн дарамт дор бид хэр удаан тэсэх бол

 

 

Манай улсын эдийн засаг огцом үсрэлт хийж, 17 хувиар өссөн саяхны явдал Монголын нэр хүндийг дэлхий дахинд өргөж, хөрөнгө оруулагчдын нүдийг бүл- тийлгэж, чихийг дэлдийлгэж байлаа. Харамсалтай нь, энэ их үсрэнгүй өсөлтөд Оюутолгой ордын хөрөнгө оруулалт асар их жин дарж байсныг манайхан тооцоогүй гэвэл худлаа л байх. Шинэ баяр цээж өвчтэйн үлгэрээр манай хууль баталж, шийдвэр гаргагчид дандаа тийм байх юм шиг цамаан загнаж, гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хууль боловсруулан ба- талж, зарим нэгнийх нь, тухайлбал “Хан ресурс” зэрэг компанийн лицензийг хурааж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зог- соосон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг жигшээж, эдийн засгийн өсөлтийг навс унагав. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 3.3 хувьтай болсон статистик тоо байна.

Үүнийг гадаад ертөнцийнхөн илүүтэй мэдэрч, олон улсад нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гоочилж эхлэв. Тухайлбал, Хятадын “Синьхуа” агентлагаас “Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлана” гэж мэдээлсэн нь улс төрийнхөн болон олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн ч бодит байдалд тун ойртсон мэдээлэл байхыг үгүйсгэх аргагүй. Муу амлаж байгаа юм биш, гэхдээ л улс орны өнөөгийн байдал, эдийн засгийн төлөв нэн таагүй байгааг дээр доргүй ойлгодог болж, ард түмний амьдрал сайнгүй болсон нь үүний нэг илэрхийлэл гэлтэй. Гүйдлээ олохгүй байгаа олон нийтийн амьдрал суудлаа олохгүй толхилцсоор буй дээдчүүлтэй шууд холбоотой гэж дүгнэж болно. Үүний улмаас улс орон өрийн сүлжээнд хэрэгдэж, гадаад өр ДНБ-ий 170 хувьтай тэнцэж, 2.36 тэрбум ам.долларт хүрчихээд байна. Гэсэн ч төр, засгийн удирдлага эдийн засгаа өөд татах ганц арга нь зээл тусламж мэтээр амарчилж айлчлалаар ирсэн гадаад улс орны төрийн дээд албаныхнаас мөнгө гуйж, өөрсдөө ч чөлөө завсаргүй ийш тийшээ давхилдаж, хатуухан хэлэхэд “бадар барьж” явна. Түүнийхээ үр дүнд багагүй хөрөнгө /хөрөнгө ч юу байхав, үндсэндээ өр” чирж ирсэн. Тодруулаад зарим нэгийг дурдвал, Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд Наронда Мотигийн манай улсад хийсэн айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд айлчлахдаа CIB олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран хөрөнгө оруулалтын санг үүсгэхээр гэрээ байгуулж, мөн л нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ирэхээр тохиролцсон байдаг. Тэгээд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын дараагийн шатны гэрээнд гарын үсгээ зурахдаа бас л Дубайг сонгосон. Үүний дараа Ерөнхий сайд мэдээлэл өгөхдөө, долоохон хоногийн дотор найман тэрбум ам.долларыг Монголд татаж чадсанаа бахархан ярьж байлаа. Харин энэ бүхэн эцэстээ Монголын нийт ард түмэн, түүний үр садын нуруун дээр өр болон унаж, дарамт болохыг тайлбарлаагүй ээ. 

Үүнээс өмнөх “Чингис”, “Самурай”  бондын хөрөнгө, Худалдаа хөгжлийн банкнаасЗасгийнгазрынзээлсэнмөнгөний эргэн төлөлт зарим нь ирэх оноос, нөгөө хэсэг нь түүний дараа жилээс эхэлнэ. Гэтэл тэдгээр хөрөнгийн ихэнхийг үр ашгаа өгөх магадлал маш бага эсвэл 5-6 жилийн дараа өгөх автозам, аж үйлдвэрлэлийн зарим салбарт оруулчихсан байгаа. Дээр дурдсан эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байх үеийн энерцээр авсан зээл, босгосон бондын хөрөнгийн эргэн төлөлтийг хэрхэн хийж эхлэх нь өнөө хэр тодорхой бус байна. Үүнийг манай эдийн засаг судлаач, шинжээчид хэлж ярьсаар байсан, одоо ч хэлсээр байдаг. МУИС-ийн багш, доктор Л.Оюун хэлэхдээ, “Манайхан “Чингис” болон “Самурай” бонд гаргаж, хөрөнгө босгохдоо томоохон алдаа гаргасан нь улс орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл, хөтөлбөр боловсруулаагүй байсан явдал юм. Хэрэв тийм төсөл хөтөлбөртэй байсан бол түүндээ хөрөнгө оруулалт хийгээд эргэн төлөлтийг эхлүүлэхэд илүү дөхөмтэй, хүндрэл багатай байх байлаа” гэж хэлсэн байсан. Иймэрхүү байдлаас болоод одоо манай улсын эдийн засаг тун тодорхойгүй байгааг юм мэддэг, ойлгодог хүмүүс ярьж байна. Ядаж л төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 600 тэрбум орчим төгрөгөөр тасарч байсан бол цаашдаа оны эцэст нэг их наядад хүрч магадгүйг эдийн засагчид тооцоолчихож. 

Дээр нь байгаль, цаг уураасаа шууд хамааралтай газар тариалангийн салбарын ажил гундуу дорой байдалтай байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Намрын ургац хураалт дууссаны дараа урьдчилсан балансаа гаргаж байж хэдий хэр үр тариа алдсанаа тооцно” гэж уужуу тайван царайлж байгаа ч ОХУ-аас 24 мянган тонн улаанбуудай импортолно гэсэн тооцоог яамныхан нь аль хэдийнэ гаргачихаад байна. 

Одоогийн байдлаар ургац хураалт 40- өөд, хүнсний ногооных 30 гаруйхан хувьтай явж байгаа статистик харагдана билээ. Мөн нэг га-гаас 12-13 центнер үр тариа хураачихдаг байсан томоохон компанийн туршлагатай агрономич энэ жил ердөө 8-9 центнер хурааж байгаагаа ярьж байсан. Тэгэхээр газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Г.Цандэлэгийн ургацынхаа 60-70 хувийг алдах байх гэсэн нь ортой бололтой. Ингэж гэмээнэ бид бүгдээрээ идэх гурил, талхаараа гачигдаж болзошгүй гэх болгоомжлол олон нийтийн дунд төрөөд эхэлчихсэн байна. Иймэрхүү айдас хүйдэстэй өдөр хоногийг өнгөрөөж, зээлийнхээ дарамтаас толгой өндийлгөж чадахгүй байгаа ард түмнийхээ сэтгэл зүйгээр зарим нам хүчин тоглож, нүдэнд нь бага ч болов гэрэл гийлгэхээр оролдож буй нь сонгууль дөхсөний дохио боллоо. Тэд саяхан баталж, түрүүчээсээ хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн тухай хуульд иргэдийн зээл, түүний дотор орон сууцны зээлийг хамруулах нь зүйтэй гэсэн жаахан юм ойлгодог, төсөөлдөг хүний санаанд ч багтамгүй зүйлийг санал болгож байх юм. Эцэст нь хэлэхэд, авсан бол өгч, өгсөн нь буцааж авдаг нь хаана ч бичигдээгүй боловч хэн бугай сөрөхийн аргагүй хууль, ёс журам юм. Тийм болохоор дэлхийн эдийн засгийн эргүүлэгт татагдан орсон манай улсыг ядарсан юм, чааваас гэж хэн ч уучлахгүйтэй адил өөрийн амьдралын төлөө банк, санхүүгийн байгууллагаас авсан таны зээл хаана ч өршөөгдөхгүй нь хувиршгүй үнэн билээ. Харин бид хэр тэсэх бол.

 

Д.Мөнхжаргал

 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/54399.shtml?alias=unen#sthash.CRT79THZ.dpuf
Нийслэлд зарлагдсан тендерүүдийн 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүй байна
Нийслэлд зарлагдсан тендерүүдийн 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүй байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.