Хөгөө алдсан хөгжлийн хуур
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 29 секунд
Хөгөө алдсан хөгжлийн хуур

Хөгөө алдсан хөгжлийн хуур

Хөгжлийн банктай л болвол хөгжөөд өгнө гэж хөөрцөглөөд байсан нь саяхан. Гэтэл одоо, 10 жилийн дараа төр засаг маань Хөгжлийн банкаа яахаа мэдэхгүй болжээ. Зүйрлэвэл, тоглож чадахгүй ч, маш үнэтэй Steinway Grand piano, төгөлдөр хуур зээлээр аваад, сайн багш залсан ч, олигтой ганц ч ая тоглож сурсангүй. Багшаа хөөж явуулаад, дураараа баахан балбаж хөгийг нь алдуулж, тайзны булан руу шахаад хаячихсан хөгжлийн хуураа одоо тэгээд яах вэ?

Хөгжлийн банкны хөөсрөл

Ерөнхий сайд Сү.Батболд хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор төрийн өмчит Хөгжлийн банк байгуулах Засгийн газрын шийдвэр 2010 оны 7 сарын 20-нд гаргав. Хагас жилийн дараа энэ банкны тухай хууль батлагдаж, 2011 оны 5 сарын 12-нд Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ, ХБ) албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв. БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээг 2011 оны 8 сарын 30-нд байгуулж, тэдний ХБ-ны таван мэргэжилтэн ирж өөрийн зардлаар дөрвөн жил ажиллах болов. ХБ-ны Гүйцэтгэх захирлаар Ким Жанг Жин томилогдов.

2011 оны 11 сарын 30-д ХБ нь 20.0 сая ам.долларын бондыг хаалттай хэлбэрээр, 2012 оны 3 сард 580.0 сая ам.долларын, 5.75 хувийн хүүтэй бондыг олон улсын зах зээл дээр гаргав. 2012 оны 6 сард УИХ-ын сонгуульд АН ялж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “банкны үйл ажиллагаа нь тогтворжсон тул” 2013 оны 5 сарын 25-нд Солонгосуудтай байгуулсан гэрээг цуцлав. ХБ хөрөнгөтэй болж, дээр нь Засгийн газар Чингис бондынхоо 1.5 тэрбум долларын орлогыг юунд зарцуулах төлөвлөгөө, тооцоо байгаагүй учир, хүүд нь сар бүр 6 сая доллар хий төлөөд 6 сар болж байлаа. Тэр их мөнгийг улс төрийн аргаар эрх баригчид хувааж авахад компанийн сайн засаглал, хууль журам ярьсан Солонгосууд саад болоод байжээ. 

2012 онд Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулав. Сайд нь байсан Н.Батбаярыг эдүгээ “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн ч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр саяхан цагаатгав. Мөн ХБ-ны Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Н.Мөнхбатыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр олон жил байцааж, саяхан шүүхэд шилжүүлжээ.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд 2014 онд Эдийн засгийн яамыг татан буулгаад оронд нь Аж Үйлдвэрийн яам байгуулав. Сайд нь асан Д.Эрдэнэбат саяхан "Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын  49 хувиас  Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-д давуу байдал олгосон” гэх хэрэгт яллагдаж 4.6 жилээр хоригдож байна.

2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялж Аж Үйлдвэрийн яамыг татан буулгаж ХБ-ыг ЗГХЭГ-т шилжүүлэв. 2020 оны 4 сард ХБ-ыг Сангийн Яамны мэдэлд шилжүүлж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нь өөрчлөв. Гүйцэтгэх захирлаар Төрийн сангийн хэлтсийн дарга байсан Н.Мөнхсүхийг, ТУЗ-ийн даргаар Сангийн яамны ТНБД С.Наранцогтыг томилов. Өмнөх Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сонгуульд өрсөлдөхөөр оны өмнө ажлаа өгсөн байлаа. Дэд захирал Ч.Энхбатыг чөлөөлж, хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.

Ийнхүү Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг гаргах, санхүүжүүлэх ажлыг ХБ-аар хэрэгжүүлэх ёстой, Засгийн газрын хариуцсан байгууллага байхгүй явсаар байна.

Чанаргүй зээлийнхээ хавханд

2020 оны 3-р улирлын байдлаар ХБ нь 4.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, түүний 77 хувь нь зээл, харин зээлийн тэн хагас нь чанаргүй болжээ. Монголбанкны журмаар чанаргүй зээлийн эрсдлийн санд 1.3 их наяд төгрөг байршуулахаас зөвхөн 477 тэрбум төгрөгийг хуримтлуулжээ. Дутуу байгаад нь Худалдаа хөгжлийн банкны эзний харьяа Кью Эс Си ХХК-ийн 204 тэрбум төгрөг, Хөтөл ХХК-ийн 268 (энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад зарцуулсан гэдэг), ТОСК ТӨҮГ-ын 204, Эрэл ХХК-ийн 115, Бэрэн ХХК-ийн 54 тэрбум төгрөгийн зэрэг 40-өөд зээлдэгчийн 1000-аас дээш хоног төлөгдөхгүй байгаа зээлүүдэд үүсгэх ёстой 844 тэрбум төгрөг ногдож байна.

Өөрийн хөрөнгө нь 1.1 их наяд төгрөг, бондын өр 2.4 их наяд, гадаад зээл нь 793 тэрбум төгрөг бөгөөд, хэрэв зохих журмаар нь эрсдлийн сангаа бүрэн байгуулаад өөрийн хөрөнгөөрөө хаавал ХБ дампуурлаа зарлахад (technical default) хүрэх байна. Ийм учраас ямар нэг аргаар тохиролцоод эрсдлийн сангаа гүйцээж байгуулахгүй суугаа ажээ. Энэ тухай ээлжит аудитын дүгнэлт хэдэн сарын дараа гарна гэж найдаж байна. Байдал ийм учраас ч юм уу, банкны шинэ Гүйцэтгэх захирал, ТУЗ нь цахим хуудсан дээрээ зургаа тавихаас ч цэрвэж, нүүрээ нууж байна.

 

https://www.dbm.mn/about/ceo 

 

https://www.dbm.mn/about/board

Хөгжлийн банкны улс төрчидтэй холбоотой томоохон зээлдэгчид зээлээ төлөхгүй, шат шатны шүүх дамжсан олон хэрэг хэдэн жилээр явж байна. Шүүхдэх болгонд улсын тэмдэгтийн хураамж гэж зуу зуун саяар нь зардал гарсаар байна. Тэгээд ч ХБ-ны зээлийн барьцааны 16 хувь нь лиценз, 23 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 54 хувь нь ирээдүйд бий болох хөрөнгө, 7 хувь нь тоног төхөөрөмж. ХБ маань арилжааны банк болжээ. Энэхүү бодит байдал нь ХБ-ны шил дараалж солигдсон удирдлагууд улс төрийн нөлөөнд автаж, Солонгосуудаас хойш компанийн сайн засаглалыг умартаж, муу ажиллаж ирснийг харуулж байна.

 

Хуураа хөглөх цаг

Аливаа улсын Хөгжлийн банк нь урт хугацааны төслүүдийг санхүүжүүлдэг институц бөгөөд түүний удирдлагыг төр засгийн тодорхой нэг байгууллага нь тогтвортой, ил тодоор хангах ёстой. Компанийн сайн засаглалыг бүрэн хангаж чадвал дэд бүтцийн том том  төслүүдэд гадаадаас бага хүүтэй эх үүсвэр олж, эдийн засгийн хөгжлийн ул суурийг тавьж болдгийг Солонгосын ХБ-ны жишээн дээр харж болно.

Монгол Улсад тэгж удирдах төрийн байгууллага бий болсонгүй, ХБ-ны үйл ажиллагаа нь тогтворжсонгүй өдий хүрснийг дээр харуулав. ХБ-ны тухай 2011оны хуулиа ОУВС-ийн шаардлагаар 2017 онд шинэчилж, төсвийн чанартай санхүүжилт хийхийг нь зогсоожээ.

ХБ-ны өнөөгийн зогсонги байдлаас гарахын тулд муу зээлийн эрсдлийн санг гүйцээж бүрэн байгуулан, өөрийн хөрөнгөөр нь хаах, дүрмийн санг нь нэмэх, удирдлагыг Засгийн газраас хангах тодорхой байгууллага бий болгох (Үндэсний Хөгжлийн Газар ч юм уу), улмаар бүхий л үйл ажиллагааг нь ил тод, улс төрөөс хараат бус болгох, харин хяналтыг нь УИХ-д шилжүүлэх нь оновчтой. Эдгээр арга хэмжээг маш яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ХБ гадаад өрөө төлж чадахгүйд хүрнэ. ХБ нь 2021 онд үндсэн зээл болон хүүнд 104 сая, 2022 онд 107 сая, 2023 онд 834 сая ам.долларын өр төлөх ёстой. Хэрэв ХБ энэ өрөө төлж чадахгүй бол, баталгаа гаргасан учир Засгийн газар хариуцаж, улмаар Засгийн газрын гадаад өр дахиад 1 тэрбум доллараар нэмэгдэх болно.

Хэрэв ХБ-ны муу зээлийг арилгаад, сайн засаглал тогтоож чадвал одоо төлөвлөж буй Тавантолгойн дулааны цахилгаан станц болон бусад том том төсөлд гадаадаас маш хямд хөрөнгө оруулалт татах боломж одоо байна аа. Цар тахлын улмаас олон улсын санхүүгийн зах зээлийн хүү бараг тэг болсон энэ цаг үед  Монголын Засгийн газар ухаалгаар шамдан Хөгжлийн банкандаа бүтцийн өөрчлөлт хийх цаг.

 

Ганц хямраагүй нь “АПУ” гэнэ шүү
Ганц хямраагүй нь “АПУ” гэнэ шүү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.