Мянган сурагчийн бийрээр нандин судар бүтээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 50 секунд
Мянган сурагчийн бийрээр нандин судар бүтээжээ

Мянган сурагчийн бийрээр нандин судар бүтээжээ

Чингисийн талбайд 31 ширээг нарны цацраг дууриалган хагас дугуйруулан засчээ. Ширээ бүрийн ард үндэсний хувцсаараа гоёсон сурагчид зогсон бийр, бэх, муутуу цаасаа зэхэн, монгол бичгийнхээ зурлагуудыг давтан байна. Тэдний дэргэд Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Тангадын Галсан абугай өөрийн "Монгол бичиг" шүлгээ тэнгэрээс урсган тэрлэснээ барин сууна. Монгол бичгээ сэргээн хэрэглэхийн төлөө олон арван жилийн тэртээгээс тэмцэж ирсэн буурал найрагч тун ч сэтгэл  хангалуун бөгөөд чухам л магнайн үрчлээ  тэнийн байгаа бололтой. Т.Галсан найрагч "Бичиг соёлын өдрөөрөө Монгол хэлний хуультай болчихсон сэтгэл тэнэгэр суугаа нь нэн бахархалтай. Босоо монгол бичгээрээ бийрийн уран татлага татаж, билэг төгс шүлэг найргийн мөрүүд тэрлэж байгаа энэ багачуудыг харахад 2025 онд монгол бичигтээ шилжих нь яруу тод харагдаж байна" хэмээн сэтгэл хангалуун өгүүлээд тусгайлан зассан тайзны зүг хандлаа. 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын албаны хүмүүс болон Чингис хааны одонт, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам, гавьяат багш Ш.Чоймаа, Ц.Өнөрбаян тэргүүтэй бичиг, соёлын зүтгэлтнүүд тайзнаа заларснаар 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа Үндэсний бичиг, соёлын өдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 117 сургуульд суралцаж буй үе тэнгийн 16 мянга орчим сурагчдаас шалгарсан аравдугаар ангийн 31 сурагч соёлын гавьяат зүтгэлтэн С.Дуламын "Хүмүүн бичиг" шүлгийг бийрийн уран бичлэгээр шад шадаар нь бичсэн нь олны бахархлыг төрүүлсэн. Эдгээр авьяаслаг сурагчдын нэг Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн 10-ын "А" ангийн сурагч Өсөх-Эрдэнэ монгол бичиг зааж сургасан Пүрэвсүрэн багшдаа юуны өмнө баярлаж байгаагаа хэлж байв. Тэрээр долдугаар ангиасаа эхлэн монгол бичиг үзсэн бөгөөд өнгөрсөн намраас уран бичлэгээр хичээллэжээ. Зураг сонирхдог учир цаашид уран зураг, уран бичлэгээ хослуулан хөгжүүлнэ гэж боддогоо тэрээр хуваалцав. Өсөх-Эрдэнэ шиг мянга мянган сурагчид монгол бичиг зааж, бийрийн уран бичлэгт шимтүүлсэн эрдэмтэн багш нарыг энэ үеэр шагнаж урамшуулсан юм. Тэдний нэг нь Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн монгол хэлний багш Н.Чулуунбаатар. Түүнд "Монгол бичиг үсгийг дэлгэрүүлэгч" тэмдгийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр гардуулсан. Н.Чулуунбаатар багш 20 дахь жилдээ багшилж байгаа ажээ. Монгол бичгийн хичээл ерөнхий боловсролын сургуулиудад ордог ч сурсан, сураагүй хамаагүй тэгсгээд л төгсдөг байсан. Харин ноднин жилээс монгол бичгийг уран бичлэгтэй холбож заах болсноор сурагчдын сонирхол илт нэмэгдсэн гэдгийг тэрээр онцолж байлаа.

Нийслэлийн боловсролын газраас Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор зарласан "Сургуулийн ном" бүтээх аяны хүрээнд үндэсний соёл, сэтгэлгээний онцлог бүхий зүйр цэцэн үг, мэргэн үг, сургаал үгийг 1080 сурагч бийрээр бичиж ном бүтээснийг БСШУ-ы сайдад гардуулан өгсөн юм. Сурагчдын босоо бичгээрээ тэрлэсэн сургаалын цоморлиг дөрвөн шогол судар болсон бөгөөд эдгээр судрууд эх хувиараа Үндэсний номын санд хадгалагдах ажээ. БСШУ-ы сайд Л.Гантөмөр энэ үеэр хэлсэн үгэндээ, сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн "Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийн үр дүн амьдрал дээр ийнхүү биелэлээ олж байгааг онцолсон юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилт тавьсан нь сурагчид өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа нээхэд түлхэц болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид монгол бичгээ төгс сайн сурч, улмаар сэтгэлгээний цараа, авьяас мэдрэмж шаардсан уран бичлэгээр өөрсдийн ур чадварыг сорьж байгаа нь мянга мянган багш нарын хөдөлмөрийн үр дүн гэдгийг салбарын сайд онцоллоо.

Харин Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга П.Цагаан "Нэгэн үе адлагдаж байсан монгол бичиг сэргэж, түүхийн тасарсан аргамж хэлхэгдэн холбогдож, бүрэн бүтэн болж байгаад баяртай байна. Мянган хүүхдийн бүтээлийг хараад баярлаж байна. Сайн цаг ирж үндэсний бичиг үсэг, үндэсний соёл маань сэргэж байгаа юм байна. Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд монголчуудын бусдаас ялгаран ондооших, омгорхох зүйл бол монгол хэл, монгол бичиг, үсэг, монгол соёл маань билээ. Тиймээс хүүхдүүдэд монгол хэл, бичиг заасан бүх багш нарт, БСШЯ болон Нийслэлийн боловсролын газрын хамт олонд Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлье" хэмээсэн юм. Монгол хэл, бичиг, үндэсний соёлоо дээдлэн, өвлүүлэхийн  төлөө сэтгэл чилээдэг зохиолч, яруу найрагч, бичгийн мэргэд, эрдэмтэн багш нар, Монгол хэлний тухай хуулийг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн төрийн түшээд, боловсрол, соёлын салбарын зүтгэлтнүүд, салбарын яамны удирдлага, монгол бичгээ сурч, уран бичлэгт шамдаж буй сурагчид оролцсон Үндэсний бичиг, соёлын өдөр ийнхүү өмнөх жилүүдийнхээс өвөрмөц болж өндөрлөлөө. 

Ардын уран зохиолч Тангадын Галсан абугайн цэцэлсэн"Инагшлуулж хэлбэл мянган жилийн нас сүүдэртэй нандин судар Чинагшлуулж саравчилбал түмэн оны түүх хэлхсэн төгс шасдир Морьтны оюуныг буман жилээр хэцлээстэй сувд сондор Монгол бичиг минь тусгаар тогтнол, туг сүлдний алтан ганжир аа" хэмээсэн шүлгийн мөрүүд хүн бүрийн цээжинд бахархал дүүрэн оршиг ээ.
Төвдөд дахиад нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаалаа
Төвдөд дахиад нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаалаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.