АРИГ банк бусдад булаагдсан хэргийн мөрөөр...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
33 минут 45 секунд
АРИГ банк бусдад булаагдсан хэргийн мөрөөр...

АРИГ банк бусдад булаагдсан хэргийн мөрөөр...

Энэ хэрэг хэдэн жил үргэлжлэн яригдаж, нийгэмд хэдийнэ ил цагаан болсон. Бүр Ерөнхий сайдаас эхлээд УИХ-ын зарим гишүүдийн анхаарлыг татаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч гуравдугаар сарын 8-ны өдөр хөл хорионы үеэр шүүгч нар нийлж архидсан асуудлаар мэдээлэл хийхдээ нэгэн ноцтой баримтыг дэлгэсэн. Тэрээр “Ил болсон шүүгчдийн бичлэг бол зүгээр нэг хүмүүсийн цугласан архидалт байгаагүй. Үүний цаана маш олон хэргүүдтэй холбоотой зүйлс гарч ирж байна. Тодруулбал, “Ариг” банкийг зарим нэг субъектээс булааж авах асуудлыг зохион байгуулсан нь нотлогдож байгаа. Шүүгч нар авилгал авсан байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна” гэж мэдээлж байв.

Мөн өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Сандаг-очир, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Б.Энх-Амгалан нар 2021.03.16 өдөр шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байгаа тухайгаа олон нийтэд мэдэгдэж, ХЗДХ-ийн сайдад хугацаатай үүрэг өгч байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “... Өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс Ариг банкыг дээрэмдэх схем төлөвлөгөө гарсан, шүүгч нар луу мөнгө шилжүүлдэг, хэрэг төлөвлөдөг, тэр хэргээ шүүхээр оруулж шийдвэрлүүлдэг тухай” зэрэг мэдээлэл цацагдсан. Иймээс нэр бүхий гишүүд бид энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар , Авилгатай Тэмцэх Газар, Тагнуулын байгууллагуудад албан бичиг хүргүүлж, хяналт тавьж ажиллах болно" гэсэн байр сууриа илэрхийлж байв.

Эндээс харахад Ариг банкыг хууль бусаар дээрэмдэн авсан гэдгийг төрийн өндөр түвшиндээ хүлээн зөвшөөрчээ.

2019 онд Арилжааны банкны дүрмийн санг нэмэгдүүлэх Монгол Банкны ерөнхийлөгчийн тушаал гарахаас өмнө Монголын арилжааны банкуудыг ОУВС-аас шалгасан шалгалтаар хамгийн сайн үзүүлэлт бүхий гурван банкны нэгээр шалгарч байсан "Ариг" банк яахаараа ийн бусдад булаалагдах дээрээ хүрсэн зам мөрийг товчхон эргэн харъя. Ингэх нь үүсээд буй асуудлыг илүү тодруулахад дэмтэй биз.

Уг гарал, үүсгэн байгуулсан үүх түүхээрээ бол “Ариг” банкны 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат юм. Тэрбээр энэ Ариг банкыг үүсгэн байгуулаад 21 жилийн хугацаанд үйл ажиллагааг нь хэвийн явуулж ирсэн. Гэтэл 2016 онд “Номин”-гийн Ш.Баярсайхан Б.Эрдэнэбаттай уулзаж, "Ариг" банкинд хөрөнгө оруулах хүсэл сонирхолтойгоо илэрхийлж, хамтран ажиллах саналыг анхлан тавьжээ. Харамсалтай нь энэ хамтран ажиллах бус харин алсдаа банкинд эзэн суух, гүйцэтгэх удирдлагыг гартаа авах холын санаа агуулж байсан нь хожмын үйл явдлуудаар гэрчлэгдэнэ.

Японы хөрөнгө оруулагчаас татгалзаж Ш.Баярсайханыг хамтрагчаар сонгосон нь

Ш.Баярсайханыг хөрөнгө оруулах санал тавьсанаар Б.Эрдэнэатын хувьд хоёр сонголт бий болжээ. Учир нь 2016 онд Ариг банкинд Японы хөрөнгө оруулалтын банкнаас хөрөнгө оруулахаар хэлэлцээрүүд хийгдэж Японы талаас иж бүрэн, санхүү эдийн засгийн хяналт, шалгалт судалгаа хийж, 2016 оны 11 сарын сүүлээр Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхэд бэлэн болоод байжээ.

Б.Эрдэнэбат энэ тухайгаа Ш.Баярсайханд учирлаж, Японы банкаас үе шаттайгаар 100-200 сая ам.доллар оруулахаар болсон гэдгийг хэлж гэрээний төслийн тодорхой заалтуудаа ч үзүүлжээ.

Ш.Баярсайхан хариуд нь: би Сингапурын том банктай хамтран ажилладаг, таны хэлээд байгаа 100-200 саяаас дээш ам.доллар оруулахад асуудалгүй, үе шаттай гэрээгээр оруулчихна, та Японы хөрөнгө оруулалтаа больчих, “Номин холдинг” ХХК-ны 270 мянган харилцагч “Номин карт” эзэмшдэг, тэд шууд Ариг банкны харилцагч болно гэж ятгаж эхэлснийг Б.Эрдэнэбат тодорхой дурдсан байдаг. Ингээд үндэсний хөрөнгө оруулагч гэдэг утгаар нь Ш.Баярсайханыг хувь эзэмшигч болохыг зөвшөөрч, харин Японы хөрөнгө оруулагчаас татгалзсан байдаг.

Хамтрагчид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь

Бизнесийн түншүүд гэрээ байгуулж, албажуулсаны дагуу “Номин” компани 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Эрэл" ХХК-ийн БҮК-1 үйлдвэрт, харин 27.5 тэрбумыг "Ариг " банканд оруулахаар тохирчээ. Ш.Баярсайхан гэрээний дагуу БҮК-1 үйлдвэрт хөрөнгө оруулалтаа ч тэр даруй хийсэн байдаг. Түүнээс хойш яг нэг жилийн дараа БҮК-1 үйлдвэр ашиглалтад орж, "Номин холдинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан тус үйлдвэрийн 20 хувийн эзэмшигч болсноо 2017 оны 12 дугаар сард МҮОНРТ-ээр зарласан байдаг.

Мөн дээрхи гэрээгээр Ш.Баярсайхан 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор "Ариг банк"-нд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, банкны 49 хувийг эзэмших ёстой байв. Гэсэн хэдий ч Ш.Баярсайхан “Ариг банк”-нд нийт дүнгээрээ 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул банкны 39.54 хувийг эзэмших болжээ. Гэрээний үлдэгдэл 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тодорхой үе шаттайгаар хийж гүйцээн, үлдсэн 10 хувиа нэмж, өөрийн хувьцаа эзэмшлээ 49 хувь болгоно гэж тохирсон гэрээний 3.6.2 дахь заалтыг Баярсайхан удтал биелүүлсэнгүй.

Аль ч талаас нь харсан 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тодорхой үе шаттай хийж банкин дахь эзэмшил хувиа нэмэгдүүлэхээс татгалзах “тэнэг” хүн тийм олон биш байж таарна. Тэр дундаа Ш.Баярсайхан шиг өөрөө зорьж очсон том бизнесмэний хувьд. Тэгэхээр тэр цаанаа л том санаа агуулж тохиромжтой цагийг хүлээж байсан мэт.

Бизнесийн түншүүд түнжин хагарсан нь буюу 8,7 тэрбум гэх хэрүүлийн алим

Бизнесийн түншүүдийн дунд “цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарах” эхлэл энэ 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хувь байв. Үлдсэн хөрөнгө оруулалтаа хийж Ариг банкны хувьцааны 49 хувиа авахыг шаардахад Ш.Баярсайхан хариуд нь бүр 67 хувийн хувьцааг шаардаж эхэлжээ. Тэр ч байтугай “Эрдэнэбат та эхнэр хүүхдүүдтэйгээ шоронд орох уу, эсхүл банкаа өгөх үү, өөрөө мэд” гэсэн байдлаар Ариг банкны хурлын үед өмгөөлөгч Б. Баасанцогттой нийлж ихэд том байсныг Б.Эрдэнэбат дурдсан байдаг.

Ш.Баярсайхан гэрээний үүргээ биелүүлэлгүй, хоёр түнш маргаанаа шийдвэрлэж чадахгүй явсаар 2019 онтой золгожээ. Шинэ дүрэм журмаар Монголын бүх арилжааны банкууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дүрмийн сангаа 50 тэрбум төгрөгт хүргэх ёстой байв. Гэтэл яг үүнтэй зэрэгцэн 4 жилийн турш гэрээгээр хүлээсэн 8,7 тэрбум дээрээ “луу унжиж” төдий хүрсэн тус банкны 39.54 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан гэнэт сэрж үлдсэн хөрөнгө оруулалтаа гүйцээн хийе. Гэхдээ 49 хувийн эзэмшигч биш, 51 хувийг эзэмшигч болох болзлыг тулгажээ. Үүгээрээ тэр далд санаагаа ил гаргаж, ирээдүйд эзэн суух шаваа тавьсан хэрэг. Товчхондоо гар бариад бугуй барина гэгч л болсон юм шиг байна.

Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг түншийнх нь энэ далд санаа угаас уламжилж ирсэн 4 жилийн маргааны гал дээр тос нэмжээ. Энэ нь банкны хэвийн үйл ажиллагаанд мэдээж хэрэг сайнаар нөлөөлөөгүй ч Ариг банк үйл ажиллагаагаа ямар нэгэн хүндрэл саадгүй явуулж байсан нь анхнаасаа ул суурь сайтай, шалгуур үзүүлэлтийг сайн хангаж байсных байв.

Хувьцаа эзэмшигчдийн таарамжгүй харьцаан дээр дөрөөлсөн Монголбанкны тоглолт

Монголбанк үүрэг хариуцлагаараа бол арилжааны банкуудаа бодлогоор хангаж, хэвийн үйл ажиллагааг нь хангахад дэм үзүүлэх явдал. Гэтэл тэд тус банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож үндсэндээ тус банкийг “амьгүй албат” болгож хувиргасан байдаг. Тэр нь 2019 оны 6 дугаар сараас хойш. Энэ хугацаанд “Ариг банк” нэг ч зээл шинээр гаргахгүй, нэг ч хадгаламж татахгүй, нэг ч батлан даалт гаргах эрхгүй болжээ. Өөрөөр хэлбэл банкных нь өөрийн үндсэн үйл ажиллагааг нь хязгаарлачихсан гэсэн үг. Ийм нөхцөлд банкны цаашдын хувь заяа хэрхэн эргэх нь бараг тодорхой.

Уг нь Монголбанк “Ариг банк”-ны үйл ажиллагаанд хязгаарлалт тавихгүйгээр зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлээд Монголбанкнаас тусгай төлөөлөгч ажиллуулж үндсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх бүрэн эрх, боломж нь байсан. Гэвч тэгсэнгүй.

Мөн Ариг банкны үйл ажиллагааг хязгаарласан Монгол банкны Ерөнхийлөгчийн А58 дугаар тушаал гарсан. Харамсалтай нь Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн дээрх хоёр тушаалаас үүдэн Ариг Банкны хэвийн үйл ажиллагаа доголдож, үндсэн актив 57 хувь, харилцагч 68,7, зээлийн багц 50.4 хувиар буурчээ. Бизнесийн үйл ажиллагаа нь 4 дахин багассан. "Ариг" банкны хоёр салбарыг татан буулгасан байдаг. Товчхондоо бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л болжээ.

Эндээс Монгол банк шударга бус ажилласан нь анзаарагдаж байгаа байх. Банкны хувь нийлүүлэгчдэд ижил тэгш хандсангүй. Банкны хуулийг сахиулсангүй. Тэр тусмаа "Ариг" банкны 60,4 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбат, түүний төлөөлөл нарт дэндүү шударга бус ханджээ. Зөвхөн нэг талыг барьсан Монголбанкны үйл ажиллагаа нь Ариг банкийг булаан авах ажиллагаа цаанаасаа захиалгатай, зохион байгуулалттай байсныг гэрчлэх мэт.

Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгчид Ариг банкинд ажилласан нь

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын а/17 тоот тушаалаар Б.Оргилсайханыг “Ариг” банкинд Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/-өөр томилов. Энэ үндэслэлээ "Ариг” банкны хэвийн үйл ажиллагааг хангах хэмээн тайлбарласан. Гэвч мөнөөх БЭТ нь уг зорилгоосоо хазайж Б.Эрдэнэбатыг шахаж, Баярсайханд хувьцааг нь 67% болгохоор шахсан нь мэдэгдэж байгаа юм.

Тэрбээр 2021-01-15-ны өдрийн 21/1, 21/2 тоот эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах гэрээгээр Б.Оргилсайхан нь “Улаанбаатар импекс” ХХК болон түүний хамаарал бүхий “Номин реалтор” ХХК-д 18,0 хувь хувьцааг шилжүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхдээ Б.Эрдэнэбатын “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 60.46 хувийн хувьцааг эзэмшигчийнх нь оролцоогүйгээр 42 хувь буулган шилжүүлжээ.

Мөн Монголбанкны БЭТ-өөр томилогдсон Д.Ганбат нь Ариг банкинд ажиллаж байх хугацаандаа 2020.03.09-ний өдөр 02 дугаар тогтоолыг гаргаж батлан, тогтоолын хавсралтаар “Ариг банк” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Энэхүү дүрмийн шинэчилсэн найруулагыг 60.46 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбатыг оролцох боломж олголгүй торны цаана суулгаж байгаад Ш.Баярсайхантай нийлж хүч түрж албан тушаалаа урвуулан баталсан.

Мөн “Улаанбаатар импекс” ХХК-ийн ашиг сонирхолд нийцүүлэн нэгж хувьцааны үнийг 2016 оны “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 02 тоот, “Улаанбаатар импекс” ХХК-ийн 04 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2016 оны 16/24 тоот гэрээгээр, Ариг банкны нэг ширхэг хувьцааг 28.623.000 төгрөгөөр “Улаанбаатар импекс” ХХК авах ёстой байсан боловч, баталсан дүрмээрээ нэгж хувьцааг 21.166.565 төгрөг нэмж гаргах замаар “Улаанбаатар импекс” ХХК-д олгосон байдаг. Ингэснээр 28.623.000-21.166.565= 7.456,435 төгрөг нэгж хувьцааны зөрүү гаргаж, 709 ширхэг хувьцаанаас нийт 5.286.611.777 төгрөгийн давуу байдлыг “Улаанбаатар импекс” ХХК-д бий болгож, “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийг онц их хэмжээгээр хохироож, банкыг дээрэмдэхийн тулд үйл ажиллагааг нь зогсоосноос үүдэн Ариг банк 9.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна.

Бүрэн эрхт төлөөлөгч Б.Оргилсайхан болон өмгөөлөгч Баасанцогт нарын хоршил банкны хувьцааг Ш. Баярсайханы таалалд нийцүүлэн, Эрдэнэбатыг хорьж байх хугацаанд 39.54 хувийг 57.34 болгож нэмэгдүүлэн Эрдэнбатыг тоглоомын гадна гаргаж бүрэн чаджээ.

Эрдэнэбат эдүгээ “Ариг” банкруу орох ч эрхгүй байгаагаа хэвлэлээр нэг бус удаа мэдээлж байсан нь саяхны явдал юм.

Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэв

Ариг банкинд хувьцаа эзэмшигчдийн маргаан үүсч даамжирсан тэр үеэс хойш Ш.Баярсайханаас гадна хуулийн зөвлөх Б.Баасанцогт, санхүү эдийн засгийн зөвлөх Г.Өлзийбүрэн нар ил гарч, идэвхийлэн ажиллаж эхэлжээ. Ш.Баярсайхан нь хурал дээр хуулийн зөвлөх Б.Баасанцогт, санхүү эдийн засгийн зөвлөх Г.Өлзийбүрэн гэж танилцуулсан байдгаас харвал тэд банкыг Ш.Баярсайханд шилжүүлэхэд ихээхэн үүрхэг рольтой идэвхийлэн ажилласан нь тодорхой байдаг.

2019 оны 07 дугаар сард Ш.Баярсайхан “Эрэл” ХХК-ийг иргэний шүүхэд өгч Хамтран ажиллах гэрээний 4 дэх заалтаар “БҮК-1” үйлдвэрт хөрөнгө оруулсан 20,0 тэрбум төгрөг, 1,59 хувийн хүү 9,8 тэрбум төгрөг, нийт 29,8 тэрбум төгрөгийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 07 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн шүүхээр хянан шийдвэрлэхээр явж байжээ.

Ш.Баярсайхан мөн 2019.06.03 өдөр Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ асуудлаар бас гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэх саналтай прокурорт ирүүлжээ. Гэвч нийслэлийн прокурор О.Гэрэл нь 2019 оны 06 сарын 07 өдөр хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой иргэний эрх зүйн маргаан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Ингэж хэрэг буруугаар эргэсэн тул өмгөөлөгч Б.Баасанцогт нь НПГ-н орлогч Ц.Насанбатад нөлөөлж О.Гэрэлийн тогтоолыг хүчингүй болгуулж, ХБ хэрэг нээж Ш.Нямдоржид хуваарилсан байна. Улмаар Баасанцогтын найз Ш.Нямдорж прокурорт хэргийг шилжүүлж, Эрдэнэбатад хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Ажил санаснаар бүтсэн тул Баасанцогт хариуд нь Ш.Нямдоржид 610,000 төгрөг шилжүүлсэн, энэ бол ил гарсан цайны мөнгө гэдгийг Б.Эрдэнэбатын өмгөөлөгч тодотгож байгаа юм.

Б.Эрдэнэбатад үүсгэсэн хэрэг 2020 оны тавдугаар сард НПГ-т ирж, прокурор Г.Эрдэнэ яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж үндсэндээ Ш.Баярсайхан тэргүүтний сэдсэн санаа хэрэгжих зам мөр нь шулуудсан байдаг.

Өөр нэг чухалчлан оролцогч нь ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Оргил байсан гэдэг нь хэвлэл мэдээллээр нэгэнт ил тодорхой болсон.

Б.Эрдэнэбат уул нь хохирогч юм гэтэл байрыг нь солиж зохиомол гэмт хэрэгтэн болгох ажлын гол дүрд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Оргил нь албаны даргын эрх хэмжээгээ урвуулан ашиглаж, 2019.06.06 өдөр үндэслэлгүйгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр доод шатны албан тушаалтанд нөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэлээр хаваржингаа гарсан.

Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, мөрдөн шалгах ажиллагаанд огт хамааралгүй, шалгагдаагүй асуудлаар иргэний шүүхэд Ш.Баярсайханд ашигтай албан бичгийг 11-а/1099 тоот 2020.02.19 өдөр гарган өгсөн. Улмаар “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гаргасан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох баримт болгож, авилга өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргийг хэрэгжүүлсэн, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн гэхчлэн хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн болох нь цаг хугацаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан баримтуудаар нотлогдож байна. Энэ бүхнийхээ хариуд тэрбээр Баасанцогт өмгөөлөгчөөс 12,100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан, мөн “Номин констракшн” ХХК-ийн барьж буй “Ривер ресиденс” хотхонд Орон сууц өгөхөөр амласан нь ил болсон гэдгийг “Улаан түгшүүр” нэвтрүүлэгээр мэдээлж байв.

Б.Оргил нь өөрийн албаны мөрдөгч Одонбаатараар хэргийг боолгож, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт явуулсан тэр даалгавараа биелүүлжээ.

Ш. Нямдорж прокурор өөрийн сүлжээгээ ажлуулан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхрүү явуулах даалгавраа амжилттай гүйцэтгэсэн. Ингээд хонгил нэхсэн прокурорууд хэргийг амжилттай дамжлахад Г.Эрдэнэ прокурор гар хөл болон оролцсон.

Г.Эрдэнэ хэргийг удтал хүлээлгэсний эцэст шүүхэд шилжүүлэв. Энэ үед Д.Доржсүрэн дөнгөж шүүгчээр томилогдсон нь тохиолдлын шинжтэй биш зохион байгуултай гэдгийг нотлох мэт.

ХУД-ийн ЭХА Шүүхэд ирсэн энэ хэрэг шүүхийн мэдээлэл лавлагаа аваагүй, материал дутуу гэсэн үндэслэлээр буцаагдсан ч Б.Баасанцогт Ш.Нямдорж нар дүүргийн ерөнхий шүүгч И.Ганбатад хэлж, ерөнхйи шүүгчийн туслах хэргийг хүлээн авах журмыг зөрчиж зохион байгуулалттайгаар хэргийг Д.Доржсүрэн шүүгчид хуваарилжээ. Энэ Д.Доржсүрэн гэх шүүгч урьд нь АТГ-т ажиллаж байсныг “Буурал” Гансүх тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгад нөлөөлөх замаар ХУД-ийн эрүүгийн хэргийн шүүгчээр томилуулсан бөгөөд мөнөөх Баасанцогтын “галзуу” ганц найз аж.

Б.Эрдэнэбат хэрэгтэн болж, 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь

2020 оны наймдугаар сард Б.Эрдэнэбатад ХУД-ийн шүүхээс 7 жилийн хорих ял оноов. Тодруулбал, Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал 2020.08.04 өдөр хуралдаж түүнийг зохиомол хэргээр яллах хурал дээр прокурор 3,6 жилийн хорих ял шийтгүүлэхээр санал оруулсан ч шүүгч Д.Доржсүрэн санаачлагаараа хугацааг нь нэмж 7 жилийн хорих ялаар шийтгэж, өөрийг нь шүүгч болгож өгсөн Б.Баасанцогтод хариуг нь барьсан байдаг.

Ингээд Б.Эрдэнэбат нийт 134 хоног 409 хорих ангид цагдан хоригдож харин давж заалдах шатны шүүх хурал 2020 оны 12 дугаар сарын 16-нд болж хэргийг прокурорт буцаажээ. Харин энэ хугацаанд Б.Баасанцогт, Ш.Баярсайхан нар давж заалдах шатны шүүх хурлыг 3 удаа зохион байгууллалттайгаар хойшлуулжээ.

Хурал хойшлуулсан оройноо шүүх бүрэлдэхүүнд орсон Давж заалдах шатны ерөнхий шүүгч Г.Өсөхбаяр, Ариунхишиг, Соёмбо-Эрдэнэ нартай Баасанцогт архидаж хурал хойшлуулсан оройдоо Энканто таурт уулзсан талаар хэвлэлээр мэдээлж өдгөө уг асуудал шүүхийн ёс зүйн хороонд шалгагдаж байгаа юм.

Б.Эрдэнэбатыг эзгүй хойгуур Ариг банкинд юу болов

Нэгэнт “юмны эзэн сумын занги”-ийг гэмт хэрэгтэн болгож шоронд шомбойлгочихсон болхоор Ш.Баярсайханд “Ариг” банкинд эзэн суух хүсэл ногоон гэрлээр торох юмгүй бүтэж таарна. Тодруулбал Б.Эрдэнэбатыг шүүхээс ял авснаас 4 хоногийн дараа буюу наймдугаар сарын 9-нд тус банкны хувьцаа эзэмшигчид хуралдаж Б.Баасанцогтын гаргасан АРИГ банкны дүрмийг шинэчлэн батлах саналыг дэмжижээ.

Мөн нэгж хувьцааны үнийг 7.451.000 төгрөгөөр бууруулснаас Б.Эрдэнэбатад нийт 5.6 тэрбум төгрөгийн алдагдалд орсон бол Ш.Баярсайханд эсрэгээрээ 5.6 тэрбум төгрөг ашиг өгчээ.

Мөн Эрдэнэбатыг хоригдсон өдрөөс 7 хоногийн дараа АРИГ банкны хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхийг нь түдгэлзүүлэв. Тодруулбал, 2020.08.18-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар Б.Эрдэнэбатын хувьцааны эрхийг түдгэлзүүлж, тухайн хувь эзэмшигчийн санал өгөх эрхийг Монгол банк өөртөө авсан байдаг. Компанийн тухай хуулийг илт зөрчин, хувь эзэмшигчийн хуулиар олгогдсон онцгой эрхэд халдан, Ш.Баярсайханыг давуу эрхтэй хувьцаа эзэмшигч болгосон нь өөрөө хууль зөрчсөн ноцтой үйлдэл болсон.

Ингэснээр тэр АРИГ банкинд ямар ч оролцоогүй, гаргах аливаа шийдвэрт санал өгөх, татгалзах эрхгүй болж, нэг ёсондоо өөрийнхөө үүсгэн байгуулсан банкны тойргийн гадна жийгдсэн гэсэн үг.

Үүний дараа Ш.Баярсайхан 2021 оны нэгдүгээр сард тус банкны дүрмийн санг нэмэгдүүлж өөрийнхөө эзэмшил хувийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бол, Б.Баасанцогтын санаачлагаар өөрчилсөн дүрмийг бүртгүүлэх ажил ч амжилттай өндөрлөжээ. Үүгээр Ш.Баярсайхан Ариг банкны 58 хувийн эзэмшигч болсон байдаг.

Ш.Баярсайханы банк булаах сүлжээний оролцогчид

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат үүсгэн байгуулсан банкаа бусдад булаалгачихаар эр биш. Хашир бол хашир, хал үзэж халуун чулуу долоож биезнесээ босгосон. Туршлагатай, арга сүүхэйтэй. Цагтаа тэр УИХ-ын гишүүн, сайдын албыг хүртэл хашиж явсан нэр нөлөөтэй нэгэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэвч эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэдэг шиг Японы хөрөнгө оруулалтаас татгалзаж, монгол хүнтэйгээ хамтрах гэсэн шийдэл нь өнөөгийн алдааг авчирсан байдаг. Монгол хүнтэйгээ хамтрах уг санаа нь туйлын зөв ч итгэл даах эр хүн түүнд таарсангүй.

“Номин”-гийн Ш.Баярсайхан хүчтэй, эрх мэдэлтэйдээ Ариг банкинд эзэн суугаагүй гэдэг нь жирийн үнэн. Тэр хамтрагчдынхаа оролцоо, хууль хүчний байгууллагын зарим мэдэл бүхий хүмүүсийг хөрөнгө мөнгө, байр гэхчлэнгээр уургалж урвуулж чадсан байдаг. Үүнийг зохион байгуулж голлон найруулсан нь Б.Баасанцогт гэх өмгөөлөгч. Хэрэг зохиох, найруулах тал дээрээ тэр бол гаршсан нэгэн гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа.

Банк булаах ажиллагаанд гар дүрэлцсэн хүмүүсээр Б.Баасанцогтоос гадна нэр дурдагдах нэг хүн нь Г.Өлзийбүрэн гэх эрхэм гэдгийг өмгөөлөгч нь тодотгосон. Ш.Баярсайханы бизнесийн найз. Тэр нэгэн цагт ГТХГ-ын даргаар ажиллаж байсан, эхнэр С.Одонтуяа нь эдүгээ УИХ-ын гишүүн. Г.Өлзийбүрэн Ариг банкны хувьцаа эзэмшигчийн хурал болон албан бус уулзалтад хэд хэдэн удаа оролцож, Ариг банкны 64 хувийг Ш.Баярсайханд өгөх талаар ятгаж байсныг Б.Эрдэнэбат онцолсон байдаг. Мөн Өлзийбүрэнгийн охиныг Ариг банкны захирал болгохоор Ш.Баярсайхан нэг бус удаа санал гаргаж байснаас харвал тэд ямархан найзууд болох нь мэдэгдэнэ.

Г.Өлзийбүрэнгийн хүү Ө.Үнэнбүрэнгийн найз Ц.Нарандалай Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажилладаг. Нарандалай энэ албан тушаалаа ашиглаж АРИГ банкид БЭТ томилуулах, чиглүүлэх, Эрдэнэбатын хувьцааны саналын эрхийг түдгэлзүүлэн, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгэж Баярсайханы хувь эзэмшлийг 50-аас дээш болгох ажлыг голлон зохион байгуулагч.

Ингэхдээ тэр “Дэм”санхүүгийн нэгдэл болон Б.Эрдэнэбатаас гаргасан гомдол бүхнийг хэрэгсэхгүй болгох, Ш.Баярсайханыг мэдээллээр хангах, МБШХ оруулахгүй байх, систем солих,хувийн нууцад халдах,зохиомол байгууллага байгуулах зэргээр ажлаа амжилттай дуусгажээ.

Шударга үнэний тангарагтай шүүгч нар банк булаах ажиллагаанд оролцсон нь

“Ариг” банкыг ил цагаан булаасан энэ хэрэгт гурван ч шүүгчийн нэр дурдагддаг. Тэдгээр нь ХУД-ийн Анхан шатны шүүгч Б.Мөнгөнтуул, Д.Мөнхцэцэг, Дэ.Энхцэцэг нар юм.

“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн зүгээс “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг даалгах, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээ мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр дахин гаргасан бөгөөд шүүгч Д.Мөнгөнтуулд хуваарилагдан шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Шүүхийн ажиллагаанд “Улаанбаатар импекс” ХХК-ийн өмгөөлөгчөөр Б.Баасанцогт орж ирснээр Д.Мөнгөнтуул шүүгч хэргийг гэрлийн хурдаар шийдэж, Б.Баасанцогт өмгөөлөгчийн хэлснээр бүх асуудлыг шийдэж, хэргийг бүр хэрэгсэхгүй болгожээ.

Ингэхдээ өөрийнх нь урьд гаргасан нэхэмжлэл хангах шийдвэрийг өөрийнх нь гараар хүчингүй болгуулж, шаардлагатай үедээ буцаан сэргээлгэж, шүүх, шүүгч нарын нэр хүндийг гутаан доромжилсон байдаг.

Тодруулбал, Д.Мөнгөнтуул шүүгч 2020 оны 05 сарын 28-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэж, 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 09871 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлттэй холбоотойгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, нэмэлт шийдвэр тогтоол гаргахгүй байхыг даалгасан шийдвэрүүдээ тус тус өөрөө хүчингүй болгож, шүүгчийн ёс зүйд байж боломгүй, ноцтой үйлдэл гаргасан.

Д.Мөнгөнтуул шүүгч Бүрэн эрхт төлөөлөгчийн хууль бус үйл ажиллагаа явуулах боломжийг хууль зөрчин олгож, давуу байдал бий болгож, Б.Эрдэнэбатыг шоронд хоригдож байх хугацаанд нэмж хувьцаа гаргах боломжийг олгосон.

Ш.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Баасанцогт болон Ариг банкны бүрэн эрхт төлөөлөгч нарт давуу байдлыг бий болгож, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгүүлж хариуд нь iphone-12 гар утас болон 10,0 сая төгрөгийг Б.Баасанцогт өмгөөлөгч дамжуулан өгсөн гэх мэдээллийг Б.Эрдэнэбат хэлдэг бөгөөд энэ тухай “Улаан түгшүүр” нэвтрүүлгээр дурдагдаж байв.

Нэр дурдагдаж байгаа өөр нэг шүүгч Д.Мөнхцэцэг нэг бус удаагийн үйлдлээр “Номин холдинг” ХХК болон Ш.Баярсайханы холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байсан нь тохиолдлын чанартай зүйл биш байв.

Тэрбээр Б.Баасанцогт өмгөөлөгчтэй 2017 оноос хойш 2019 оны сүүл хүртэл хамт өмгөөлөл хийдэг, гэр бүлийн найзууд, хожим Б.Баасанцогт нь түүнийг шүүгч болгуулсан тул тэдний ашиг сонирхолд нийцүүлэн ажилладаг гэдгийг Б.Эрдэнэбат хэлж байгаа юм.

Хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг хорих ангид хоригдож байх үеэр буюу 2020.11.06-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарасан хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч Д.Мөнхцэцэг татгалзаж хугацаа хожин, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. 2020.11.17 өдөр Ш.Баярсайхан нэмж гаргасан хувьцааг авах, харин Эрдэнэбатын шүүхээр маргах эрхийг хааж байв.

2020.11.20-нд дахин гаргасан нэхэмжлэлээс Д.Мөнхцэцэг дахин үндэслэлгүй татгалзсан нь Баярсайханыг үндсэндээ нэмж гаргасан хувьцаа худалдан авч бүртгүүлэх хүртэл барих арга байв. Мөн бас Банкны бүрэн эрхт төлөөлөгчийг АРИГ банкнаас 2021.01.22-нд гарах хүртэл хугацаагаар хэргийг үүсгэхгүй байх үүрэгтэй байжээ. Мөнхцэцэг шүүгч үүргээ биелүүлсэн байдаг.

Харин энд зориуд тодотгоход Мөнхцэцэгийн захирамжид гомдол гаргасан бөгөөд Шүүх бүрэлдэхүүн захирамжийг хууль бус гэдгийг тогтоож Иргэний хэрэг үүсгэхийг даалгасан байдаг. Мөнхцэцэг гэдэг шүүгч илтэд хугацаа хожих, Ш.Баярсайханы Ариг банкийг эзэгнэн суух хүслийг 100 хувь биелүүлсэн нэгэн. Өдгөө түүнд байгаа Б.Эрдэнэбатын Ариг банкны хувьцааны 3 хэргийг шийдэхгүй бүтэн 1,6 жил хугацаанд ширээн доогуураа дарсаар байгаа юм.

Хохирогч Б.Эрдэнэбатын ярьснаар мөн хэрэгт Дэ.Энхцэцэг гэх шүүгчийн мөн дурдагдаж байгаа юм. Түүнийг Баянгол дүүргийн шүүхэд Б.Баасанцогт өмгөөлөгчтэй хамт ажиллаж байсан гэжээ.

Дэ.Энхцэцэг шүүгч нь 3 удаагийн үйлдлээр “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож илтэд “Улаанбаатар импекс” ХХК-ийн талд ажилласан.

Дээрх хууль бус үйлдийнхээ хариуд Б.Баасанцогт өмгөөлөгчөөс 2020.08.05 өдөр 1.3 сая төгрөг 2020.11.14 өдөр 5.0 сая төгрөг 2 удаагийн гүйлгээгээр 6.3 сая төгрөг авсан. /zuv.mn/

Мөн Дэ.Энхцэцэг шүүгч нь төрсөн эгч (Д.Эрдэнэчимэг)-ийнхээ охин Г.Лхагвадуламаар дамжуулан Б.Баасанцогт өмгөөлөгчөөс 5 сая төгрөг дансаар шилжүүлэн авсан ба нийт 11,3 сая төгрөгийг Б.Баасанцогт өмгөөлөгчөөс авсан нь нийтэд баримтаар ил болсон. /Улаан түгшүүр нэвтрүүлэг/

“Ариг” банкинд хэн ирэв

Үүсгэн байгуулж, Ш.Баярсайхантай хийсэн хэмтын ажиллагааны гэрээний дараа 60 гауй хувийг эзэмшиж байсан хөрөнгийн эзэн ийнхүү нэг л мэдэхэд банкаа булаалгаж, өөрөө хэрэгтэн болж хувирсан итгэмээргүй хэрнээ үнэн түүх ийм.

“Ариг” банкинд Ш.Баярсайхан эзэн сууснаар түүний багийнхан тус банкны гүйцэтгэх удирдлагад иржээ. Тухайлбал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунжаргал нь 2003 оноос эхлэн “Номин”-гийн салбаруудад удирдах ажил хийж байсан. Сүүлд “Номин”-гийн охин компани болох “Улаанбаатар импекс”-ийн захирлаар ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сараас энэ албан тушаалд ирсэн.

Мөн дэд захирал Б.Бямбаноров 2013 оноос “Номин Холдинг”-д ажиллаж эхэлсэн. 2017 оноос “Номин карт” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сараас “Ариг” банкны дэд захирлаар томилогдсон.

Үргэлжлүүлээд Эрсдэлийн удирдлагын газрын захирал Т.Ган-Эрдэнэ, Хууль, тусгай активын газрын захирал Б.Одзаяа гэхчлэн Номингийн угшилтай хүмүүсээр удирдлагын багаа бүрдүүлжээ.

Энэ нь ашиг сонирхол нэгтэй этгээдэд давуу байдал олгож, гүйцэтгэх удирдлагыг шилжүүлсэн нь бусдад давуу байдал олгосон, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, хууль зөрчсөн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа гэдгийг хуульчид хэлж байгаа юм.

Нэгэнт энэ банкны удирдлагын гол багийг “Номин”-гийн угшилтай хүмүүс хэрэгжүүлж байгаа болхоор тэд Ш.Баярсайхны хэлснийг нь хэрэгжүүлж, “Ариг”-ийг өөриймшүүлэх бүх үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь гарцаагүй.

Өдгөө энэхүү хэрэг АТГ газарт шалгагдаж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлдэг бөгөөд хэрэг “хүчтэний өмнө өмнө хүчгүй нь буруутай” гэдэг шиг замхрах уу, эсхүл шударгаар шүүгдэх үү гэдгийг харах л үлдэж байна.

Б.Бат

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/454138328011055

Төгрөг үнэгүйдэж, юанийн ханш чангарч байна
Төгрөг үнэгүйдэж, юанийн ханш чангарч байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.