Залуус АН-ын эсрэг бүрэн эргэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 44 секунд
Залуус АН-ын эсрэг бүрэн эргэжээ

Залуус АН-ын эсрэг бүрэн эргэжээ

Ардчилал гэдэг хэн нэгний гавьяа биш. Энэ бол хүн ард түмний тэмцлийн үр дүн, нийгмийн хэв маяг. Авч ирсэн хэмээн нэрлэх ёстой бол жагсаал хийгч залуусыг нухчин дарах гэж байсан төв хорооны гишүүдээс өгсүүлээд, жагсаал цуглааныг дэмжин явсан залуус хүртэл бүгд өөр өөрсдийн үгүйсгэгдэшгүй гавьяатай. Харин өнөөдөр Ардчилал гэдэг үг С.Бат-Үүлийн, Ц.Элбэгдоржийн, МоАХ-ын, Ардчилсан намын өмч болон хувирч байна. Ардчилалгүй “Ардчилсан” улс болж Хойд Солонгос шиг өөрсдийгөө тунхаглахаас цаашгүй ирээдүй бидэнд тун ойрхон харагдаж эхэллээ. Ардчилал гэдэг үгийг уянгын халилд оруулж олны нүдийг боож, чихийг таглах үйл явц улам бүр эрчээ авчээ.

Хүн бүр амьдарч буй эриндээ сэтгэл дундуур байх нийгмийн чиг хандлага 20-р зуунд нэлээд өргөн тархаж, хотжилтын өвчний хам шинж болсон хэмээн АНУ-ын алдарт сэтгэл зүйч Дэйл Карнеги хэлж байсан. Яг энэ цаг үедээ сэтгэл хангалуун бус үзэл баримтлал дээр нь улс төрийн тоглолт хийж илүү сайхан ирээдүйг амлах маягаар “Ардчиллыг авч ирсэн Ах нар” маань төрд гарсан. Гэвч амлалт бүхэн хоосон байсныг, хэлсэн ярьсан бүр худлаа байсныг “Ардчилсан нам” гэх сахил хүртээд шал дордсоноор бид олж харлаа. Тэд "хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье" гэж уриалж сонгуульд ялсан. Хүн шиг амьдрал нь граммын хүнс, улс шиг хөгжил нь өрөнд баригдаж, эдийн засаг хямарч, гадаадын хөрөнгө оруулалт зугтахыг хэлж байсан юм гэж үү?

Цаг үед нөхцөл байдалд буруутныг чихэх хэрэггүй. 2008 онд дэлхий даяараа хямарч байхад бид өсөж дэвжиж чадсан. 2010 онд евро бүс хямарч байхад бид хамгийн тогтвортой мөнгөн дэвсгэрттэй улс болж байсан. Бид авч ирсэн гээд байгаа “Ардчилал”-ын чинь 26 жилийн түүхэнд ингэж их шоронжиж, ингэж их талцаж, ингэж их хямарч байсангүй. Та нарт итгэж дэмжиж явсан Б.Амараа гэх залуу өнөөдөр харамсаж “Би юу хийчих вэ?” хэмээн асууж байна. Хэн захиалж хийлгэсэн бэ гэж хардахын оронд “Бид юу хийчих вэ” гэж эргэцүүлэх ёстой үгс тэр бичлэг дээр сонсогдож байна. Б.Амараа хэний ч захиалгаар хийсэн байсан үнэнийг хэлжээ. Ардчилсан нам ард түмнийг элгээр нь хэвтүүлж байна. Жүжигчин Б.Амараа төдийгүй, хөтлөгч Г.Анхаа хүртэл “Ардчилсан нам”-ын нүүр царайг таньж, өөрийн үгээ хэлж эхэллээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүн харин дарангуйлагч “АН”-ын зангаар Б.Амарааг хорин жилийн ялтай үйлдэл хийлээ хэмээн сүрдүүлж байна. Ямар хуулийн, ямар заалт эх орны эрх ашиг, эрх баригчдын булхайг илчилсэн залуусаа 16-20 жил шоронд хатаахаар бичигдсэн юм бол. Ардчилсан “Үндсэн хууль” хүний эрх эрх чөлөөг тунхаглаж, Ардчилалд тэмүүлсэн 3 сая зүрх цохилж байгаа цагт үг өмчилж нэр болгосон хэдхэн хүн залуусын зоригийг мохоох учиргүй. Б.Амараа, Г.Анхаа бол мянга мянган Монгол залуусын дуу хоолой. Бид нэгэн үндэстэн, нэгэн зорилготой Монголчууд гэдгээ мартаад, нөгөө талд гарах гээд байгаа АН-ынханд ард түмэнтэйгээ ойрхон байж, хамт зовж, хамт жаргаж бай гэж залуус хэлж байна. Тэдний үгийг сайн бодоорой.

Б.Амарсайхан: “Би юу хийчих вэ?”

 

Шунал эрх мэдэлд өнгө нь хувирч

Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг

Улаан шагайлдсан ардчилсан ах нар маань

Улс орноор минь тоглож орхилоо

Би юу хийчих вэ

Итгэж явсан ах маань хүртэл

Эх орноо хятадын Монгол болгож,

Гадаадын банканд сая доллароо мартаж байхад

Гар мухар, нүд сохорч

Сэтгэл цагаан Монгол хүн

Граммлаж хоолоо авч байна

Энэ чинь юу болж байна аа?

Газрын доорх баялаг бол үр хойчийн минь юм

Гарцаагүй Монгол улсын хөгжил дэвшлийн түлхүүр

Ард түмний өмч гэж үндсэн хуулиндаа бичсэн ч

Арван хэдхэн гэр бүлийн үүц болон хувирчээ

50 сая малтай ч

Талаас илүү нь банкны барьцаанд

Гурван хүний хоёр нь ядуу

Гуйлга гуйсан эдийн засаг

Тендер тойрсон хөрөнгөтнүүд

Тэтгэвэр горьдсон хөгшчүүл

Тэтгэлэг хүлээсэн оюутнууд

Хурал баяр хоёрт байдгаа барж

Худалдаа гэрээ хоёрт улсаа наймаалж

Хувийн хэвшил үндэсний үйлдвэрлэл элгээрээ хэвтлээ

Хуурай газрын ардчилал чи хаана байна аа

Өмнөх үеийн амиараа авч ирсэн тэр ирээдүйг

Өнөө үеийн та нар өрөнд тавьж сүйтгэлээ

Гэтэлж баршгүй их өрийн чинь золиосонд

Гишгэх газаргүй мөхчих вий дээ бидний ирээдүй

Цаг өөр болж

Цагдаа үнэнийг биш эрх мэдэлтнийг хамгаалдаг болж

Хэн ч үнэнийг хэлэхээ больж

Хэлбэл шууд шоронд явдаг болж

Эрхээ эдэлж үгээ би хэллээ

Энэ бидний хүссэн ардчилал биш

Эх орны минь ирээдүй ч ийм биш

Ингэж хэлсэндээ би айхгүй

Эрүүдэн шүүсэн ч би айхгүй

Үнэндээ би ганцхан юмнаас айж байна

Үр хойчдоо ийм ирээдүй үлдээхээс айж байна

 

 

Эх сурвалж: Breakingnews.mn

МАН-ын айдас, АН-ын боломж:
МАН-ын айдас, АН-ын боломж: "38:38" хувилбар
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.