НААДМЫН ДАРАА НАМАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 0 секунд
НААДМЫН ДАРАА НАМАР

НААДМЫН ДАРАА НАМАР

Дэлхийд ганцхан гэгддэг Монгол наадам болж өнгөрлөө. Монголчууд анх удаа цар тахлын үеийн цахим баяр наадмыг зохион байгуулав. Сошиал, телевизийн тусламжтайгаар наадмаа үзэж сонирхон баясч, хөөрч наадлаа, бид. Цэвэр агаар, цэнгэг ус мөрөөссөн нийслэлчүүд урьдын адил хөдөөг зорьж хот ч эзгүйрээд амжлаа. Ёстой л хотол олноороо, Монгол даяараа амарч зугаалж, баярлаж, цэнгэж энэ өдрүүдийг өнгөрүүлэв. Харин одоо энэ бүхнээ өндөрлөхөөс өөр аргагүй цаг үе биднийг хүлээж байна. Наадамлаж, наргиж, налайж ээ байтал өвөлжилт гэх хүндхэн даалгаварт бүдэрдэг гэмтэйг бид мэднэ. Ер нь ч “Наадмын дараа намар” хэмээн зүгээр ч нэг хэлчихсэн хэрэг биш. Бид дөрвөн улирал ээлжилдэг эх оронтой, тэр бүрийдээ зохицож амьдрах хувьтай ард түмэн. Тиймээс өнөөдрийн цаг агаарын сайханд хуурталгүй их ажил руугаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг “сэхээнд” байгаа энэ үед хүнсээ сайтар базаахаас өөр зам бидэнд үгүй. Энэ жил хаврын тариалалтыг 15-20 хувь нэмэгдүүлснийг салбар яам онцлоод буй. Тодруулбал, улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар ахиу тариалжээ. Нэгэнт л ахиу хэмжээгээр тариалж чадсан хойно төлөвлөсөн ургацаа хураан авах нь чухал. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд агуулах саваа бэлдэх, хадгалах цаашлаад бүрэн дүүрэн ашиглах, борлуулахад анхаарах шаардлагатай байна. Улаанбуудай зэргээ гадагш гаргаж сүйд болдоггүй юм аа гэхэд өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн дүүрэн хангах нь энэ цаг үед туйлын зорилго мөнөөс мөн.

Өвсний сөл, шим тасраагүй байх үед хадлан, тэжээлээ ч бэлтгэмээр байна. Ялангуяа энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэх хэрэгтэй. Учир нь бид 2018 онд 66 сая мал тоолсон бол өнгөрсөн оны эцэст энэ тоо дариу дөрвөн саяар нэмэгдсэн. 70 сая толгой мал дээр энэ хаврын төл нэмэгдэнэ гэхээр хадлан, тэжээлийн хэмжээг хэдэн зуун мянган тонноор ахиулахаас өөр аргагүй. Малчид маань ч тэр тарвага, зурам эргүүлж, айраг цагаа сөгнөхөө урьтал болголгүйгээр дор дороо хадлан тэжээлээ бэлтгэх нь зүйтэй юм. Хэдий болтол бид өвөлжилтдөө дутуу бэлдэж, ганц, хоёрхон удаагийн их цасанд мал, малчинтайгаа зутархав. Өвөл болж, зуд зурхан болдог нь үнэн хойно алгуурлах хэрэг юун, одооноос л эрсдэлийг тооцож бэлдэцгээе.

Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ийнхүү шамдахаас гадна хэлж ирээгүй цар тахлын аюулыг гэтлэх гарц гаргалгааг ч бид хайх хэрэгтэй байна. Цар тахлын хоёр дахь давлагаа ирэх арваннэгдүгээр сард эхэлж, эхэн үеийнхээсээ ч илүү хохирол учруулж болзошгүйг олон улсын эрдэмтэн, судлаачид онцлох болсон. Энэ нь манай улсад сэрүү орж, ханиад томуу дэгддэг үетэй давхцаж таарч байгаа юм. Ханиад томуу дэгдсэн үед л бид хүчин мөхөсдөж, хүүхдүүдээ эмнэлгийн коридорт зулдаг. Үүн дээр нэмээд цар тахал дэгдэж нөхцөл байдал улам хүндэрвэл бид хэрхэх вэ. Ямар нэгэн арга чарга бий сэн билүү. Тэгэхээр одооноос л чадлынхаа хэрээр бэлтгэлээ хангая. Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарыг бэлэн байдалд байлгамаар байна. Зам, тээврийн салбарыг ч энд орхигдуулж болохгүй. Зам биш там болсон Дарханы зам, саяын их үер, уснаар эвдэрч хэмхэрсэн замуудаа урин цагт засмаар байна. Идэр есийн хүйтэнд цахилгаан станцууд саатаж, нийслэл, зарим аймгууд цахилгаангүй болсон гашуун сургамж ч бидэнд бий. Энэ алдаа дахин давтагдаж, нийтээрээ түгшүүрт автах вий. Өвөл цахилгаан саатвал хот хэдхэн цагийн дотор хөлдөх аюултайг Эрчим хүчний салбарынхан эрхбиш мэдэж байгаа гэж найдах юм. Энэ зун Улсын Их хурлын ээлжит сонгууль болж бид цар тахлаа ч умартан хэдэн сарын турш сонгуульдсан. Зарим албан тушаалын маргаан ч тасраагүй байх шиг. Гэлээ гэхдээ шинэ парламент бүрдэж, шинэ Засгийн газар төвхнөсөн хойно улс орны өмнө тулгамдаад буй энэ мэт асуудлууд руу шуурхайлан ормоор байна.

Улстөржиж, наадамлаж байх хойгуур ам.долларын ханш ч талийж хоцорлоо. Хар, саарал жагсаалтад орсон хэвээр байгаа. Ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг ярихад халширмаар байдалтай байна. Сангийн сайдын мэдээлж байгаагаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчээ. Эхний хагас жилийн байдлаар 18 сая тонн нүүрс гаргачихаад додьгор суудаг байсан бид өнөөдөр дөнгөн данган 8.7 сая тонн нүүрс л гаргаж чадаж. Байдал ярвигтай байгаа энэ үед томоохон гадаад өрийн асуудлууд босч ирнэ. Тэгэхээр бид цаашид яах ёстой вэ. Ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байх уу.

Цар тахалтай холбоотойгоор өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн гэж байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Харин ч хөл хорионоос үүдэн жижиг, дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрсэн. Цаашид эдийн засаг хасах руугаа явах тусам тэдэнд эргэн сэхэх ямар ч боломж үлдэхгүй нь. Иймээс шинэ Засгийн газар нэн дариу бодит үр дүн үзүүлэх арга хэмжээ авч ажилламаар байна. Зуны сар зургаа биш, намрын сар найм биш учраас бидэнд хугацаа богино, хийх ажил их байна.

 Бухимдлаа хүртэл тайван илэрхийлдэг занг хөдөөгийн иргэдээс суралцъя
Бухимдлаа хүртэл тайван илэрхийлдэг занг хөдөөгийн иргэдээс суралцъя
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.