Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 0 секунд
	 Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

"Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий санаачлагчийн нэг, эдийн засагч Б.Өлзийбаяртай нийгмийн даатгалын шимтгэл тойрсон сэдвээр ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж 26 хувьд хүрээд байна. Үүнийг төрөөс Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд зайлшгүй авах арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа. Нөхцөл байдлыг хэрхэн харж байна.

-Өнөөдөр тогтолцоо нь буруу байна гэж хэлээд байхад механик аргаар хүчээр шийдэх гээд оролдож байна. Энэ механик арга нь шимтгэлийн хувь хэмжээг нэмэх, эсвэл тэтгэврийн насыг хойшлуулах гэсэн хэлбэртэй явж байна. Гол нь тогтолцоо нь буруу, ямар ч үр өгөөж өгдөггүй учир шимтгэл нэмсэн ч бид ёроолгүй сав руу мөнгөө хийгээд байгаатай адил юм. Ирээдүйд тэтгэвэрт гарахад тус сан нь баталгаатай юу, хуримтлал үүсч байна уу гэхээр үгүй. Тиймээс эхлээд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний дараа шимтгэл нэмэх эсэх асуудлыг ярих учиртай.

-Тэтгэврийн реформ хийх асуудлаар олон жил ярьж байгаа ч улстөрчид Нийгмийн даатгалын санг улс төрийн зорилгоор ашиглахыг илүүд үзсээр ирсэн зоримог шийдвэр гаргахгүй байна уу гэж харагддаг. Та хэрхэн харж байна вэ? 

-Би гайхаж байна. Энэ олон жил явахад уг чухал асуудал руу салбарын яам болон холбогдох төрийн албан тушаалтнууд яагаад анхаарал хандуулаагүй юм бэ. Энэ бол эв санааны зарчим дээр суурилсан сан юм. Ингээд алдагдал үүслээ гээд даатгал төлөгч иргэдийн шимтгэлийг нэмээд, тэд хохироод яваад байна. Харин шимтгэл төлдөггүй, халамжаар амьдардаг шимэгч анги нөгөө талд нь бий болсон. Төлж байгаа нь хохироод, төлөөгүй нь хожоод үлддэг систем байж болохгүй. Засаглал нь шударга байх ёстой. Би төлж байгаа бол өгөөжөө хүртэх ёстой. Уг систем рүүгээ оръё. Төрөөс баталгаа өгч байгаа нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан гэж байх ёстой. Гэхдээ хувь хэмжээг нь эргэж ярих учиртай. Аль юм болгон социалист сэтгэлгээгээр явах юм бэ. Би төлж байгаа шимтгэлийнхээ үр өгөөжийг өөртөө хүртмээр байна. Түүнээс биш ажил хийх дургүй, халамжаар амьдардаг шимэгч ангийг би тэжээмээргүй байна. Тэгэхээр хувийн тэтгэврийн санг бий болгооч ээ. Өөрөөр хэлбэл, халамж биш, хуримтлалын тэтгэврийн систем рүү ормоор байна.

Мэргэжлийн хүмүүс нь удирддаг хөрөнгө оруулалтын санд нь өөрийнхөө нэр дээр шимтгэлээ төлж хуримтлалаа бий болгомоор байна. Сангийн удирдлагууд миний өмнөөс хөрөнгө оруулалт хийгээд өгөөж надад өгч байх ёстой. Тэгэхээр хоёр баганатай тэтгэврийн тогтолцоо руу оръё. Хоёрдугаарт, улсын нийгмийн даатгалын санг улс төрөөс ангид байлгамаар байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс удирддаг баймаар байна. Өнөөдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гээд байж байна. Дандаа улс төрийн томилгоо хийнэ. Мэргэжлийн бус хүмүүс удирддаг. "Капитал” банкинд бидний 140 тэрбум төгрөгийг хадгалуулаад алдаж байгаа нь мэргэжлийн бус хүмүүс удирдаж, улс төрийн ашиг сонирхлоор хандаж ирсэнтэй шууд холбоотой. Эргээд ямар ч хариуцлага байхгүй. Хэн нь ямар хариуцлага хүлээсэн юм. Улс төрөөс ангид байлгах дараагийн нэг шалтгаан нь попролт. Тухайлбал, малчид нийгмийн даатгалаа нөхөн төлж тэтгэвэрт гарч болно гэнээ. Энэ бол малчдаас сонгуулийн санал авах гэсэн улс төрийн заль. Яагаад өнгөрсөн хугацаанд шимтгэл төлөөгүй хүн хэдхэн төгрөгийн нөхөн төлбөр өгөөд олон жил үнэнчээр нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн иргэнтэй адил тэтгэвэр авах ёстой юм бэ. Тэдний ачааг мөрөөрөө шимтгэлээ төлж ирсэн иргэн үүрэх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Нийгмийн даатгалын санг ингэж улс төрд ашиглаж, попролт хийгээд байх юм бол шимтгэл төлөх хэрэг байна уу.

-Нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь байгаа. Энэ нь компани, иргэнд хэр ачаа үүрүүлэх вэ?

-26 хувь гэдэг маш том дүн. Америкт 6.2 хувь байдаг. Америкаас өндөр авч байна гээд бод доо. Манайх залуу орон шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлөгч иргэн хамгийн өргөн хүрээтэй гэсэн үг. Гэтэл энэ цаг үед сан нь алдагдалтай явж, шимтгэлийн хувиа нэмж байгаа юм бол 20-30 жилийн дараа насны харьцаа өөрчлөгдөж, тэтгэвэр авагчдын харьцаа нэмэгдээд ирвэл юу болох вэ. Тэр үед нийгмийн даатгалын шимтгэл 40 хувьд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Цалингийнхаа тал хувийг шимтгэлд өгөөд явуулах нь байна. Тэгэхээр шимтгэл нэмэх бус бүтцийн өөрчлөлтөө эхлээд хийх ёстой. Нөгөө талаас энэ сан бараг нэг их наядын алдагдалтай явж байна. Шимтгэлийн хувь хэмжээг нэмээд цаана нь алдагдал үүсч, улсын төсвөөс нөхөж өгч байгаа байхгүй юу. Тэгвэл улсын төсөв юунаас бүрддэг юм. Татвараас бүрдэнэ. Татварыг ард түмэн,ажил олгогч бүрдүүлж байгаа. Тэгэхээр бид 26 хувиар шимтгэл төлөөд, нэмээд татвараараа давхар төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид давхар татвар төлж байна. Ингэж тооцвол бодит тоо 26 хувиас хамаагүй их гарна. Ерөөсөө л шимтгэл, татвараар дунд ангиа л мөлжөөд байх юм. Ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, дундаж ангиа цөлмөх тогтолцоо руу яваад байна. Ийм байдлаар яваад байвал дундаж анги тогтворжиж чадахгүй. Баян, хоосны ялгаа улам гаарна. Ийм увайгүй, алсын хараагүй төр байж болохгүй.

Шинэ сайдуудын хийх халаа, сэлгээг таслан зогсооё Ерөнхий сайдаа !!!
Шинэ сайдуудын хийх халаа, сэлгээг таслан зогсооё Ерөнхий сайдаа !!!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.