Хүчирхийлэлгүй армид л хүүгээ явуулахыг хүснэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 39 секунд
Хүчирхийлэлгүй армид л хүүгээ явуулахыг хүснэ

Хүчирхийлэлгүй армид л хүүгээ явуулахыг хүснэ

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Гэвч зэвсэгт хүчний байгууллага, харьяа анги, салбарт нь орчин цагийн бус, өмнөх үеийн яргалал, хүчирхийлэл арилаагүй хэвээр байна. Үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн, нийгмийн амьдралд бие даан оролцохоор зориг шулуудсан залуус цэрэгт очоод гэмтэж бэртэж, цаашлаад амиа алдсан явдал байсхийгээд л гарах болов. Энэ он гарснаас хойш гурван ч цэрэг албаа хааж байхдаа амиа алдлаа. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд хоёр залууг дэглэн, нэгнийх нь толгой дээр зайдалж суугаад цохиж, ёс бусаар харилцсан бичлэг саяхан цахим орчинд цацагдсан. Энэ талаар харьяа ангийн захирагч нь ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Б.Отгонбаяр “2020 оны нэгдүгээр ээлжид ирсэн дайчидтай зүй бусаар харьцсан зөрчил гарсан. Манай албан тушаалтнаас тавих хяналт суларсны улмаас энэ хэрэг гарчээ. Ийм хэрэг бусад цэргийн ангид гаргахгүй байх талаас анхаарч ажиллаж байна. Ёс зүйн алдаа гаргасан дайчид халагдаад явсан, дарамтлуулсан хоёр цэрэг үргэлжлүүлэн алба хааж байгаа” гэсэн юм. Халагдаад явсан цэргүүдэд ямар арга хэмжээ авсан нь одоогоор тодорхой бус.

Эрүүгийн хуульд Цэргийн албаны гэмт хэрэг гэсэн бүлэг бий. Тус хуулийн 28.3-т дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэсэн зүйлээр ял шийтгүүлэх тохиолдол цөөнгүйг хуульчид хэллээ. Цэргийн алба хааж байгаад дарга, захирагч, хал цэргүүдэд зодуулж, толгой, хөл, гараа хүнд гэмтээсэн тохиолдол ар араасаа гарсаар. Өнгөрсөн онд Өмнөговь, Ховд, Дорноговь аймгийн Сум дундын шүүхэд Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйл заалтаар хэрэг шийдвэрлэжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэгэн салааны захирагч байлдагч Б-г харуул манааны үүрэг гүйцэтгэж байхдаа унтсан гэх шалтгаанаар нүүрэн дундуур нь цохиж, эрүүг нь хугалж, хүнд гэмтэл учруулсан байна. Үүнийг хуулийн хэллэгээр “дүрмийн бусаар харьцах” гэдэг аж. Дүрмийн бусаар харьцсан салааны захирагч “Түрүүч нь байлдагчийн хувьд ахлах цолтон. Бага цолтон нь ахлах цолтны тавьсан шаардлагыг биелүүлнэ гэж заасан байдаг тул Б надад захирагдах ёстой” гэж шүүхэд мэдүүлжээ. Энэ бол цэргийн дэг, зэргийн ялгамжаар түрээ барьж гар хүрсэн бусармаг явдлын жишээ юм. Эхлээд сануулж хэлэхийн оронд эрүүг нь хугартал гэмтэл учруулах нь байж болох уу.

Цэрэгт татагдах боломжтой 18-25 насны залууст зөв хүмүүжил олгож, хатуужил, сахилга батад сургах, бие бялдар, сэтгэл зүйн хувьд “том хүн” болгох, цаашлаад хүнд бэрх цаг тулгарвал эх орныхоо төлөө зүтгэх эр цэргүүдээ эрэмдэглэх газар арми биш байлтай. Хүчирхийлэл, яргалалгүйгээр хөвгүүдийг “жинхэнэ эр хүн” болгож төлөвшүүлэх цаг хэзээ вэ. Цэрэг бол зэрэг гэсэн хэвшмэл буруу ойлголтоор хаацайлж, эрх мэдлээр далайлган сүрдүүлэн, бусдыг хохироодог ёс бус үйлдлээ хэзээ зогсоох вэ. Эрүүл саруул хүүгээ цэргийн албанд мордуулчихаад эцэст нь хүйтэн цогцсыг нь хүлээн авсан олон аав, ээж хэнд хандаж гомдлоо тайлахаа ч мэдэхгүй явна. Байсхийгээд л цэргийн ангид алба хаагч нас барахад “Амиа хорлосон” гэх ганц өгүүлбэрээр ам тагладаг “жишиг” хэрээс хэтэрлээ. Хүчирхийлэлгүй армид л хүүгээ явуулахыг эцэг, эхчүүд хүсэж байна. Энэ боломжийг хангаж өгөхгүй бол хэн ч үр хүүхдээ цэргийн алба нэртэй “шорон”-д явуулахыг хүсэхгүй.

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 21 настай ахлах байлдагч өнгөрсөн сарын 7-нд Дорноговийн Цэргийн 0129 дүгээр ангид амиа алдсаныг уншигчид санаж буй биз. Түүнийг мөн л амиа хорлосон хэмээсэн. Талийгаач амиа алдахын өмнө ар гэрийнхэндээ “Намайг ирж аваач, энд маш их дарамттай байна” гэж хэлсэн гэдэг. Хэргийн үнэн, мөнийг олтол “Нэг ч хүүгээ цэрэгт явуулахгүй” хэмээн Шарга сумынхан эсэргүүцэл илэрхийлж байв. Талийгаач үнэхээр амиа хорлосон уу. Бодит нөхцөл байдал ямар байсныг ил болгохыг хүүтэй хүн бүр хүсэж байна. Харамсалтай нь, энэ бас л цэргийн “нууц” бололтой.

Зэвсэгт хүчинд татагдсан цэргийн тоо нууц. Энэ хэрээр армид юу болдог нь ч бас нууц. Эрх мэдэл, хөрөнгө чинээтэй зарим нь төлбөрийг нь төлөөд хүүгээ цэргийн албанаас мултруулдаг. Эгэл ардын хүүхдүүд цэргийн дэг гэх нэртэй хүчирхийллийн золиос болж буй нь харин нууц биш юм. Эл хэргийн дараа эмэгтэйчүүд, эхчүүд голдуу цахим орчинд “Дэг ёсонд сургаж буй нэрээр доромжилж, хүч хэрэглэж байхад хүүгээ яаж цэрэгт явуулах вэ. Айж байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв. Ийм тохиолдол өмнө нь ч гарсан. 2019 онд “Цэргийн дэглэлт нэртэй яргаллын улмаас олон сайхан залуу амиа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болж, цэргийн албанаас дайжиж байна. “Би хүүгээ цэрэгт явуулахгүй” гэсэн сошиал “давлагаа” ч өрнөсөн. Гэтэл үндсэн асуудлыг шийдэлгүйгээр зугтах нь зөв арга биш. Тиймээс олон нийтийг “Хүүгээ цэрэгт явуулна. Гэхдээ зүй бус харьцаа, яргалал, дэглэлт байдаггүй, хүний эрхэд ээлтэй цэргийн албанд мордуулна” гэсэн уриатай “давлагаа”-г “Монголын эмнести интернэшнл” байгууллагаас өрнүүлж байв. Тус байгууллагынхан офицер, ахлагч, “Оюутан цэрэг” хөтөлбөрт оролцогч нарт эрүү шүүлтийн эсрэг сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

“Аавынхаа үйлдэл, хөдөлгөөн, ээжтэй нь яаж харилцаж байгааг харж хөвгүүд эр хүний үүрэг, хариуцлагад суралцаж, таньж мэддэг” хэмээн сэтгэлзүйчид хэлж байна. Тэд “Эр хүн уйлдаггүй” гэх хэвшмэл буруу ойлголт нь хөвгүүдийг мэдрэмжээ илэрхийлэхгүй, дотогшоо хадгалахад нөлөөлдөг. Хөвгүүд яагаад уйлж болохгүй гэж. Яг л адилхан нулимсны сүвтэй, мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэвч нийгмийн хэвшмэл буруу ойлголт сэтгэл зүй нь бүрэлдэн тогтоход сөргөөр нөлөөлж байна. Зарим эрэгтэй хүүхэд ээжээсээ хэт хамааралтай байдаг нь гэр бүл зохиох зэргээр нийгмийн өмнө бие даан хариуцлага хүлээхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мэдрэмжээ зөв гаргахад багаас нь сургах ёстой. Эрэгтэй хүүхэд ээждээ илүү дотно, элгэмсүү, уян хатан, зөөлөн сэтгэлтэй байдаг. Гэтэл нийгмийн хэвшмэл буруу хандлага зөөлөн байдлыг нь хатууруулах болсон” хэмээсэн.

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Заавал бие махбодод нь халдаж, ойлгуулдаг хуучин цагийн бүдүүлэг байдлыг халах цаг хэдийн болжээ. Цэргийн ангид “Шанаа авахгүй байлдагч байхгүй” гэх хэвшмэл буруу ойлголт хүчирхийллийн эхлэл болж байгааг алба хаасан цөөнгүй хүн хэлсэн. Мөн “Ганц хоёр удаа цохиулах нь бүү хэл, “гамбир” болтлоо нүдүүлээд тоохгүй л явдаг байлаа. Одоогийн залуус “хэврэг” болжээ” гэх нэгэн ч бий. Цэрэгт заавал зодуурын амт үзэж байж л “эр хүн болдог” гэх буруу ойлголтоос салсан цагт арми аюулгүй болох биз. Хүний эрхэд халддаггүй, хүчирхийлэлгүй болсон цагт л хүүгээ цэрэгт сэтгэл амар явуулахыг хүснэ.

БАЙР СУУРЬ

Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних, эрүүлээр илэрхийлэхэд суралцах ёстой

П.ЭНХЧИМЭГ (Сэтгэлзүйч):
-Маскулинити буюу эрэгтэй хүйсийн давамгайлсан дүр нь тодорхой хэм хэмжээнд тохируулан амьдрах ёстойг тулгах нийгмийн тогтсон хандлага, соёлын дарамт юм. Энэ нь бүх эрэгтэй хүнд хамааралтай бөгөөд улмаар эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь бусдыг ялгаварлан гадуурхах, үнэт зүйлийг үл хүндэтгэх, цаашлаад эрэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх боломжийг хязгаарладаг. Энэ нь сэтгэл хөдлөлөө таних, эрүүлээр илэрхийлэх чадамжийг үгүй хийж байна. Эрэгтэйчүүд хатуу чанга, хүчтэй, эрх мэдэлтэй байж бусдын хүндлэлийг олж авах ёстой гэсэн ойлголт нь тэднийг буруу замаар оруулдаг. Ийм хандлага сэтгэл гутрал, түгшүүр, архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, цаашлаад амиа хорлоход хүргэдэг. Ар гэрээсээ хол байгаа цэргүүдийн хувьд “эр хүн болох” гэдэг тогтсон хандлага нь эрх мэдлийн ялгаатай байдал үүсгэх, бусдыг гэмтээх, ялгаварлан гадуурхах, сэтгэл зүйн дарамт шахалтад оруулахад маш их нөлөөлдөг. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних, эрүүлээр илэрхийлэх чадамжид суралцах ёстой. Гэтэл үүнд суралцаагүйгээс аливаад уур түрэмгийллээр хандах, бусдыг гэмтээх, хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх, үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэл зүй
маш их гэмтдэг

Л.ЦЭРЭНДОЛГОР (СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч):
-Цэргийн алба хаахдаа залуус янз бүрийн асуудалд ордог, өөрийгөө илэрхийлж чадахгүй, дасан зохицохгүй байх зэрэг бэрхшээл тулгардаг талаар сүүлийн үед их ярих болсон. Хүүхэд шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, бэрхшээлийн ард гарахад ээж, аав нь тусалдаггүй, эсвэл өмнүүр нь орж, бүгдийг хийх ёсгүй. Тэгвэл хүүхэд асуудал тулгарахад зөв шийдвэр гаргах арга барилгүй болж өсдөг. Үүнээсээ болж асуудалд орох, тухайн орчинд дасан зохицохгүй бол холдохын тулд янз бүрийн арга хэрэглэх зэрэг сөрөг үр дагавартай. Гэхдээ сэтгэл зүйн бэлтгэлтэй, бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлж, асуудлыг даван туулах арга барилд суралцсан байлаа ч хүчирхийлэл, яргаллыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг биш. Тэр чадвар нь тухайн орчинд өөрийгөө хамгаалахад сургахаас биш, хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, даван туулж, биеэр мэдрэхийг хэлсэн хэрэг юм биш шүү. Орчин үед аливаа асуудлыг энх тайван, хүчирхийлэлгүй аргаар шийдэх ёстойг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл цэргийн ангид гарч буй бусармаг явдлыг дээд албан тушаалтнууд тайлбарлахдаа хуучин нийгмийн хүчирхийллийн арга барилаа өмөөрсөн хандлагаар ярьж байна. Хүчирхийлэл, яргаллыг мэдэрсэн хүмүүсийн сэтгэл зүй маш их гэмтдэг. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдээд сурчихсан хүн сул дорой нэгэнд хүч үзүүлдэг. Цэргийн албанд татагдсан залуус бие хүн болж төлөвшөөгүй байдаг. Тэдэнд үзүүлсэн хүчирхийлэл сэтгэл зүйд нь маш их гэмтэл учруулж байна. Энэ бол байж боломгүй зүйл.

Хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
Хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.