Хөл хорионы дараах Богд уулын жимээр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 24 секунд
Хөл хорионы дараах Богд уулын жимээр

Хөл хорионы дараах Богд уулын жимээр

Б.ТАМИР

Коронавирусын тархалт манай улсад эрчимжсэнтэй холбоотойгоор улс даяараа удаан хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Энэ сарын 1-наас хатуу хөл хориог өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн сулруулсан. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн зам нээсэнтэй холбоотойгоор нийслэлчүүд бүгд л хотоос зайдуу салхинд гарахыг илүүд үзэж, ногоон байгууламжийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Ялангуяа  халдвараас сэргийлж,  дархлаагаа дэмжих хамгийн үр дүнтэй арга бол ууланд алхах болчихоод байгаа юм.

 Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа энэ хагас, бүтэн сайнд битүү машинтай өнжлөө. Хэдийгээр зуны эхэн сар гарсан ч цастай нэгэн амралтын өдөр буюу өнгөрсөн бямба гаригт манай сурвалжлах баг Богд руу авирсан юм.

Өглөөний есөн цагт очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихэж. Зуун метр зайд хорь орчим хүн алхаж байсан гээд бодохоор өглөө эртлэн цэвэр агаар амьсгалах хүмүүс хоёр, гурван жилийн өмнөхөөс лав эрс өсчээ. Гэртээ удаан хоригдсон болоод ч тэр үү. Ихэнх нь гэр бүлээрээ цайлах богцоо бэлдэн үүрсэн харагдана. Тэнд найман настай балчираас наян настай буурлууд ч алхаж харагдана. Мэдээж бүгд амны хаалтаа зүүж, дэглэмээ сайн баримталж байлаа. Хөл хорионд гэртээ суусаар хатаж хорчийсон сэтгэл санаа энд л утгаараа дэвтэх шиг болж билээ.

Найз нөхдөөрөө анх удаа ууланд гарч байгаа бололтой залуус зам зуур хэсэг тухлав. Замаас салж, цаахан нь хадан дээр сууцгааж,  кимбаб, талх, хиам идээд л буу халцгааж гарлаа. Гараа алдлан, тэнгэр өөд ширтээд өглөөний сайхныг мэдэрч, цэвэр тунгалаг агаарыг чадлынхаа хэрээр уушгилахыг оролдох залуу найзууддаа амралтын өдөр бүр ингэж агаарлахыг санал болгов. Бусад нь ч тэгье гэж дуу нэгтэй зөвшөөрч байна. Уулын өндөр лүү нэлээд гүн мацах төлөвлөгөөтэй ирсэн ч эхний өдөр болоод амьсгаадаж ядарцгааж байгаа нь тэдний ярианаас ойлгогдоно. Ундааны сав, хиамны хальс гэх мэт хогоо хаяхгүй цүнхлээд яваарай гэж нэгэндээ захих охины үг хажуугаар нь өнгөрч буй надад бүр ч тод сонсогдоно. Аялж зугаалсан ч, идэж уусан ч хогоо аваад явах ухамсартай ийм залуус олон болоосой. Харамсалтай нь, хэчнээн хэлээд ч үг авдаггүй, өөрсдийгөө л амьдарч буй мэтээр ойлгох хүмүүс энд цөөнгүй ирнэ. Суусан газраа хогоо хаяж, хаа таарсан газраа зүүсэн амны хаалтаа хаясан  хүмүүстэй ч таарах нь цөөнгүй.

Зургаан жил амралтын өдөр бүр ууланд алхдаг эчнээ танил эгчтэй ч таарч яриа өрнүүлэв. Тэр бол 45 настай Р.Оюунцэцэг. Тэрээр ууланд алхаад өөрийгөө өөрчилж, уулын спортод эргэлт буцалтгүй дурласан Л.Насанцэнгэл эгч өглөө 6.30 цагт босож Богд ууланд алхдаг. Гэхдээ хөл хорионы үед гэрээс гаралгүй, гэртээ хөдөлгөөн хийж байгаад өнөөдөр л нэг гарчээ. Тэрээр “Эхэндээ ууланд алхах  нь битгий хэл ажил руугаа хүртэл таксидаж явдаг байсан. Харин анх удаа ууланд гараад алхах дасгал хөдөлгөөн хийж бие хөнгөрч амьдралын идэвхтэй болсон. Миний анх алхдаг байсан үеэс одоо бол Богд уул руу алхдаг маршрутыг ч цэгцэлж, тохижуулсан.  Хөл хорионы дараа ууланд цэвэр агаар, шинэхэн цас амьсгалж, байгалийн сайханыг мэдрэх үнэхээр сайхан байна. Бүтэн жил хоригдлоо шүү дээ” хэмээв.

Биднийг ийн ярьж байх зуур ах, эгч, эмээ өвөөгөө даган гүйлдэн тоглох хүүхдүүд цаанаа л тайван жаргалтай байгаа нь харагдана.  Байгаль дэлхий хүнийг ингэж тайван амгалан болгодог ажээ.

Бас нэгэн бахархмаар хэдэн залуустай таарлаа. Хогийн тор барьчихсан зам дагуух хогийг нэгд нэгэнгүй түүж харагдана. Байгалиа хайрлах сэтгэлтэй, ажилсаг залуусын төлөөлөл болох А.Батсайхантай уулзаж, хэсэг ярилцав. Тэрээр найзуудтайгаа хааяа ууланд алхахдаа хүмүүсийн хаясан хогийг түүгээд буудаг гэв. Миний цаашлах замд үнэхээр хог харагдсангүй. Ийм сэтгэлтэй, ухамсартай залуус олон байвал хот минь улам л өнгө зүс орох шинжтэй. Залуус өөрчлөгдөж байгаа нь харагдаж байлаа.

Эх сурвалж: Tumen.mn

“Банк татан буулгаад үр дүнгүй байгаа тул Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийг сайжруулна“
“Банк татан буулгаад үр дүнгүй байгаа тул Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийг сайжруулна“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.