МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар: Би нөхөн сонгуульд нэр дэвшихгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 11 секунд
МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар: Би нөхөн сонгуульд нэр дэвшихгүй

МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар: Би нөхөн сонгуульд нэр дэвшихгүй

Монгол Ардын Намын Бага хурал хуралдаж УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 18, Улаанбаатар хотын СХД-ийн 28-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Энэ талаар тус намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай уулзаж тодрууллаа.

-Маргааш МАН-ын бага хурал хуралдана. Хуралдааныг ямархуу байдлаар зохион байгуулах вэ? гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Маргааш буюу 9 дүгээр сарын 01-нд намын Бага хурлын XIII хуралдаан COVID цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хагас цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Өмнөх Бага хурлаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргуудад явагдах нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмын баталсан энэ жумын хүрээнд нэр дэвшигчдээ тодруулна.

-МАН энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй хүмүүсээс урьдчилан санал хүсэлт хүлээж авсан гэсэн. Одоогийн байдлаар хичнээн хүн нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байна вэ?

- Дээрх 2 тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-ны өдөр товлож, санал хураалт явуулахаар УИХ-аас баталсан. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ саналыг энэ сарын 25-наар тасалбар болгон авч дууссан. Хоёр тойрогт нийт 7 хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа. Маргааш намын Удирдах зөвлөл хуралдаж, тойрог тус бүрт явуулсан социологийн судалгааны үр дүнд үндэслэн, олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн өндөр боломжтой намын гишүүний нэрийг намын Бага хуралд оруулан байтлуулж, олон нийтэд мэдээлэх болно.

-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд таныг нэр дэвшихээр бэлтгэлээ хийж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ мэдээлэл хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодит бус мэдээлэл байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нөхөн сонгууль болох сургаар л “Энхбаатар нэр дэвших гэж байна”, “Нэр дэвших нь тодорхой болсон” гэх мэт мэдээллүүд гарч эхэлсэн. Миний хувьд нэр дэвших бодолгүй байгаа. Тийм ч учраас УЗ-д хүсэлт гаргаагүй.

-Яагаад... Таны хувьд Хэнтий аймагтаа танигдсан, залуу улс төрчдийн нэг шүү дээ?

-Миний хувьд өнгөрсөн зургадугаар сард намын Бага хурлаас Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалыг хүлээж авсан. Өмнө нь намын газрын даргаар ажиллаж байсан. Журмын нөхөдийнхөө хамтаар МАН-ын шинэчлэлийг төгөлдөржүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ёсыг эрхэмлэсэн орчин цагийн цахим нам болгох томоохон зорилт тавиад ажиллаж байгаа хүний хувьд өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх, төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэх, баг хамт олонтойгоо эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх зорилготой байгаа учраас нөхөн сонгуульд нэр дэвших боломжоос татгалзсан. Мөн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ын 18-р тойрогт явагдах нөхөн сонгуулийн компанит ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Хэнтий аймгийн бүх сумдаар тойрч, намынхаа гишүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсоод, зохион байгуулалтын бэлтгэлээ хангаад ирлээ. МАН өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа энэ цаг үед эрх баригч намын нарийн бичгийн даргын хувьд хийх ажил их байна.

-Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.

Дахин гал гарсан “Шангри Ла 2” барилгад 39 хятад улсын иргэн байжээ
Дахин гал гарсан “Шангри Ла 2” барилгад 39 хятад улсын иргэн байжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.