Төр талийгаачийг дээрэмдсэн үү, түүний 30 настай хүүг дээрэмдсэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
24 минут 45 секунд
Төр талийгаачийг дээрэмдсэн үү, түүний 30 настай хүүг дээрэмдсэн үү?

Төр талийгаачийг дээрэмдсэн үү, түүний 30 настай хүүг дээрэмдсэн үү?

-“Сахал” Д.Эрдэнэбилэгийн өмчийг хураах нэрийдлээр нэгэн гэр бүлийг дээрэмдэх нөхцлөө нотариатад нөлөөлөх замаар бүрдүүлсэн үү-

Засгийн газар маань “худалч” боллоо. “Дээрэм” хийж гаршлаа. “Худал”-аас нь эхэлье. Засгийн газрын албан ёсны вэб сайтын 2022 оны 3 дугаар сарын 23-ны мэдээ. Гол агуулга нь “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон” тухай юм. Энэ мэдээндээ “Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна” гэж мэдээлсэн нь бодит байдалтай нийцсэнгүй. Хөгжлийн банкны “саналаар” ТӨБЗГ ажиллаад байгааг тухайн компанийг “эзлэн түрэмгийлэх” үеэр харсан гэрчүүд бий л дээ. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банк энэ компанийн хууль ёсны эзнийг “ил гаргахгүй” байгааг ч тодорхой болгоё. Тэгэхээр төр авахаас өмнөх “Хөтөл” компанийн “эзнийг” олцгооё. Яагаад гэвэл Хөгжлийн банкинд “Хөтөл” ХХК-ийн 295 тэрбум төгрөгийн өрийг төлөх эзэн нь хэрэгтэй шүү дээ.

“Бейзмент” буюу “Хөтөл” ХХК хэнийх байсан бэ?

“Бейзмент” гэдэг компани угаасаа л иргэн Мижид овогтой Бөх-Очир гэдэг иргэнийх байж. Түүний тухайд Хөгжлийн банкны зээлтэй “учрах”-аас өмнө л энэ үйлдвэртээ байсан, хуурай аргаар боловсруулах үйлдвэрийн төсөлтэй, гэхдээ хэрэгжүүлэх хөрөнгөгүй, туршлагатай, чадвартай хүний л нийтлэг түүх дуулдана. УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу 2015 онд сонгон шалгаруулалт хийхэд гадны зургаан компани, долоо дахь нь “Бейзмент”, ХХБ-ны хамтарсан түншлэл, гэхдээ “Бейзмент”-ийн нэр дээр оролцож ТӨХ-ны 2015 оны 10 дугаар сарын 8-ны 608 дугаар тогтоолд дурдсанаар “Бейзмент”-д “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдан авахыг санал болгосугай” гэсэн байдаг. Яагаад ХХБ түншилж орсоны тухайд тэр үед арилжааны банк “Хөрөнгө оруулалтын нэгж”-ээр оролцохыг Банкны тухай хуулиар хориглодоггүй байж. Одоо бол хориглодог. Хууль нөхөж үйлчлэхгүй болохоор өнөөдөр буруутгах аргагүй. Ингээд ХХБ Хөрөнгө оруулалтын нэгжээр оролцож сайн төсөлтэй хүмүүстэй ямар ч барьцаа авахгүйгээр төслийг нь санхүүжүүлээд хувьцаанаас авах тохироотой байж болдог байсан тэр л жишгээр барьцаагүй “Бейзмент”-ийг санхүүжүүлж эхэлсэн байдаг. “Бейзмент” буюу одоогийн “Хөтөл” компани одоо ч ХХБ-нд өрөө бүрэн төлж дуусаагүй юм билээ. Сүүлд дуулдсанаар саяхан өрөө төлж дуусаагүй учраас ХХБ-наас гуйгаад ХХБ 5 жилийн хугацаанд 1-рт хүүг нь багасгая, 2-рт хугацааг таван жилээр сунгая, энэ хугацаанд графикийн дагуу зээлээ төлөөрэй гэсэн тохироо хийсэн байдаг.
Үүний өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Төр авсан. “Эрдэнэт үйлдвэр” хамтарсан компани байсан бол “Хөтөл” үйлдвэр нь “Бейзмент” компанийн үүсгэн байгуулагч М.Бөх-Очир гэдэг хүний мэдэлд 100 хувь өмчлөлтэй гэдгээрээ ялгаатай. Харамсалтай нь тэрбээр олон жил энэ үйлдвэрийнхээ шавар шавхай ус шалбаагтай нөхцөлд ажилласнаар эрүүл мэнд нь муудсаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Монголчууд бараг гэрээслэл бичдэггүй учраас хуулиараа тухайн иргэнийг нас барснаас хойш нэг жилийн дараа өв нээгдсэн. Энэ хугацаанд эрх, үүргийг нь залгамжлах хүн байхгүй болчихлоо гэдэг утгаараа талийгаачтай холбоотой хувийн болон төрийн мэдлийн бүх банкны өр, зээлийн хүү бүх зүйл зогсох ёстой. Яг дараа жил нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өв нээгдэнгүүт хуулийн дагуу өв ч, өр ч эзэндээ очно. Тэр эзэн хэн байв?

Өв залгамжлагч хөрөнгөө нэхэж, нотариатчид Хөгжлийн банкны “даалгавраар” гацаасаар Төрд өгөв

Хуулийн дагуу өвийг хүлээж авах эрхтэй этгээдүүдээс уг өвийг авах уу гэдэг саналыг авсан. Ингэхдээ өвийг тэргүүн ээлжинд, хоёрдугаар ээлжинд, гуравдугаар ээлжинд хүлээж авах этгээдүүд гэж байдаг. Тэргүүн ээлжинд хүлээж авах этгээдүүд нь мэдээж эхнэр, хүүхдүүд нь. Тэд бүгдээрээ өв хүлээж авахгүй гэж татгалзвал дараагийн ээлжинд хүлээж авах аав ээж, ах дүүс гэхчлэн явдаг. Өв залгамжилна гэдэг нь эрхийг ч, үүргийг ч авна. Засгийн газрын мэдээнд ч, Хөгжлийн банкныхан ч албан болон албан бусаар “Ийм их өр төлбөртэй өвийг Б.Тулга өвлөнө гэж байхгүй”, “бүгд өвөөс татгалзсан” гэхчлэн дур зоргоороо тайлбарлаад “эзэнгүй” гэдэг. Хуулиараа насанд хүрээгүй хүүхэд ч өв залгамжлагч болж асран хамгаалагчийг нь тогтоогоод, тэр асран хамгаалагч нь эрх үүргийг нь биелүүлээд өр байвал төлөөд явах хуультай. Ингээд Б.Тулгад өв шилжихээр болсон. Иргэн Б.Тулга өв нээгдэнгүүт эцгийнхээ өвийг өвлөх гэргчилгээгээ гаргуулах хүсэлтээ гаргасан. Түүнийг өвлөх болсон учраас талийгаачийн эхнэр буюу Б.Тулгын ээж, эгч, дүү нар нь татгалзсан юм шүү дээ.

Гэтэл Хөгжлийн банкнаас Монголын нотариатчдын танхимд 2020 оны 3 дугаар сарын 23-нд албан бичиг хүргүүлсэн. Хариуд нь Монголын Нотариатчдын танхимаас “Танай ирүүлсэн бичгийн дагуу Хөтөл ХХК болон түүний охин компани болон “Цемент шохой” ХК-тай холбоотойгоор өвлөх гэрчилгээг олгохдоо өвлөгчид Иргэний хуулийн 535 дугаар зүйлд заасан өвлөгчийн хариуцлагын талаар албан ёсоор мэдэгдэх, эдгээр компанийн бүтцэд өөрчлөлт орууах ямарваа нэгэн гэрээ хэлцэлд банкнаас ирүүлсэн албан тоот мэдэгдлийг үндэслэж гэрчлэх талаарх холбогдох мэдээллийг нийслэл, орон нутгийн нийт нотариатчдад уламжилсан болно” гэжээ. Гэхдээ араас нь “жич: хараат бусаар ажилладаг юм шүү дээ” гэдгийг сануулжээ.

Нэг талаас нь харахад Хөгжлийн банкны Нотариатчдын танхим руу явуулсан бичиг нь авлагаа барагдуулах гэж байгаа байгууллага л үүргээ шаардаж байгаа хэрэг учраас буруутгах аргагүй. “Банкнаас бичиг очоогүй байхад энэ компанийн бүтэц хувьцаа зэрэгт өөрчлөлт оруулахыг батламжилж болохгүй” гэсэн агуулга нь ч буруугүй. Гэхдээ цаад агуулга нь “Манайх зөвшөөрөөгүй бол өв нээж болохгүй” гэсэн агуулга харагдаад байгаа юм. Энэ бичгийг нь Монголын нотариатчдынн танхимаас улсын хэмжээний бүх нотариат руу бичээд явуулчихсан. Өөрөөр хэлбэл хууль ёсны өв залгамжлагч Б.Тулгын өмч биш талийгаачийн өмч байх нөхцлийг бий болгоод нотариатуудад анхааруулга болгож өгсөн болж таарч байна. Хөгжлийн банк зөвшөөрөөгүй байхад нотариат энэ Б.Тулгынх гэж өвийг батламжилж болохгүй гэсэн үг. Гэтэл нотариат дээр баталгаажуулж өвийн гэрчилгээгээ авч байж Улсын бүртгэлийн газарт хувьцаа, хувьцаа эзэмшигчдээ шилжүүлж бүртгүүлэх ёстой байдаг. Төрсөн хүү нь аавынхаа өвийг залгамжлах гэхээр Хөгжлийн банк Монголын нотариатчдын танхимаар дамжуулан улсын хэмжээний бүх нотариатад “батламжилж гэрчилгээ олгож болохгүй” гэж үүрэгдээд байгаа нь хэний “команд” вэ? Нэр бүхий нотариатчид дээрх шалтгаанаар баталгаажуулж чадахгүй гэдгээ амаар хэлсэн байна. Хөгжлийн банк руу удаа дараа бичиг явуулаад ч одоо болтол иргэн Б.Тулга өв залгамжлах эрхээ эдэлж чадахгүй байна. Харин өнөөдөр Засгийн газрын албан ёсны мэдээ болон ТӨБЗГ-ын даргын ярианаас харахад “Өв залгамжлагчид нь өөрсдөө авахгүй гээд байгаа”, “Эзэнгүй болсон учраас төр буцааж авч байна” гэх ойлголт төрүүлж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна.
Өнөөдөр “Хөтөл” компанид 700 гаруй ажилчин байна. Үйл ажиллагааг нь зогсоохгүйн тулд хувьцаа эзэмшигч талийгаач М.Бөх-Очир нас барахаасаа гурван жилийн өмнө итгэмжлэлээр бүх эрхээ шилжүүлсэн байдаг. Тэдний томилсон Гүйцэтгэх захирад Чинбат өнөөдөр энэ үйлдвэрээ сайн авч явж байгаа бөгөөд одоогоор “Би бол цалин авч ажилладаг Гүйцэтгэх захирал. Би хүний компанийг эзнийг нь нас барсны дараа тэрэнд, энэнд шилжүүл гэж хэлэх эрх надад байхгүй. Тиймээс Б.Тулгатай, түүний өмгөөлөгчтэй ярь гэдэг. Гэтэл ТӨБЗГ-ын “десант” буулгахдаа “эзэнгүй үйлдвэр” гэчихээд ажлаа хүлээлц гээд байсан. Эзэнгүй юм бол хэнээс юу авах гээд байгаа юм бэ гэдэг нь логикгүй. Дээр нь “бичиг баримтуудаа өг” гээд байсан. Бүх бичиг баримтыг аль хэдийнэ АТГ аваад явчихсаныг Хөгжлийн банк ч, Засгийн газар ч, олон нийт ч мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ТӨБЗГ-ын дарга талийгаач Бөх-Очирын хүү Б.Тулгын хууль ёсны өмчийг авч Л.Наранбаатарт өгсөн. Мөн “УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоно” гэдэг том үгийг амнаасаа унагасан. Засгийн газрын 2015 оны тогтоолоор баталгаажсан тухайн үеийн ТӨХ-ны албан ёсны шийдвэрийн буруу, зөвийг шүүчихдэг мөн ч том дарга юм.

Засгийн газар, Хөгжлийн банк “Хөтөл” компаниас юуг авах, юуг авах эрхгүй вэ?

Хөтөлийн хашаан дотор Хөтөлийн ДЦС ажилладаг. ТӨХ-ноос Хөтөлийг хүлээж авах үед л байж. Иргэдийн ярьж байгаагаар халуун ус нь алдаг оног ирдэг хэцүүхэн байсныг нь “Бейзмент” буюу “Хөтөл” компанийнхан авангуутаа иргэдийг бодоод өвөл зунгүй халуун устай болгож, жилд 4 тэрбум гаруйн алдагдал хүлээдэг бөгөөд үүнийгээ улсаас биш Хөтөл компани өөрсдөө даагаад, одоогоор нийт 36 тэрбум төгрөгийн зардал гаргаж тэр хавийн 10 гаруй мянган иргэнийг цахилгаан дулаанаар хангаж байдаг гэнэ. Энэ талаар ТӨБЗГ шалгасан тайланд ч сайнаар дурдагдсан байдаг. Гэтэл энэ станцын ажил Төрд “Хөтөл” үйлдвэр очсоноор зогсож болохгүй. Наад зах нь хөдөлмөрийн аюулгүй байдал, тэр хавийн иргэдийн ахуй амьдралтай холбоотой, хэн хариуцлага хүлээх юм бэ гэцгээж байна.
Нөгөөтэйгүүр шинэ үйлдвэрийн асуудал байна. Цемент шохойн үйлдвэрийнх нь онцлогийн тухайд МАК, Монполимтетийн үйлдвэрүүд 300 тэрбум төгрөгөөр, “Бэйзмент” 200 тэрбум төгрөгөөр боссон гэдэг. Яг адилхан компаниас ялгаагүй ижилхэн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Эднийх хямд байдгийн учир нь эрчим хүч, төмөр замын терминал, дэд бүтцүүд нь бэлэн байсан, шинэ үйлдвэртээ Хөтөлийн үйлдвэрийн дэд бүтцийг ашигласан учраас хямд боссон. Дэлхий дахинаар нойтон аргаар боловсруулах үйлдвэр байнга алдагдалтай ажилладаг учраас хуурай аргаар боловсруулах үйлдвэрийг заавал байгуулах ёстой гэцгээж байна.
Хөгжлийн банк ингээд үйлдвэрийг мэдэлдээ аваад асуудлаа шийдчихдэг юм байж. Хөтөл цемент шохой гэж дампуурсан үйлдвэрийг 41.3 тэрбум төгрөгөөр аваад Хөгжлийн банкинд өртэй учраас гээд хураалгачихдаг юм байж. Тэгвэл яг хажууд нь хуурай аргаар боловсруулах үйлдвэр барьсаныг яах гэж байгаа юм бэ? Энэ чинь төрийн хувьчилсан үйлдвэртэй хамаагүй. Тусдаа шинэ үйлдвэрийг Хөгжлийн банк болон бусад банкуудыг зээлээр босгосон шүү дээ. Гэтэл яагаад хувьчилсан үйлдвэр дээр шинээр байгуулсан үйлдвэрийг аваад бүгдийг нь хамж дээрэмдэж байгаа юм бэ? Төр ямар мангас уу? Хэрэв тэр шинэ үйлдвэрийг бариагүй байсан бол яах байсан юм бэ? Үнийн хувьд гэвэл гадны аудитын компани шинэ үйлдвэрийг 215 сая ам.долларын үнэлгээтэйг тогтоосон. Нийт 600 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани юм байна. Монголын төр хүндэрсэн үйлдвэрээ 41.3 тэрбум төгрөгөөр зараад /Худалдах, худалдан авах гэрээтэй учраас тэгж ярина/, тэгснээ үйлдвэрээ буцааж хурааж авахдаа “бонусанд” нь 600 тэрбумын үйлдвэр хамаад дээрэмдчихэж болж байгаа юм уу? Хэрэв Хөгжлийн банкны зээлийг төлж чадахгүй байгаа учраас төр авч байгаа юм бол нэхээд байгаа бүх алданги, хүүгийн нэмэгдэлтэйгээ 295 тэрбум төгрөгөө л ав л даа. Яалаа гэж хажуудах 600 тэрбумын үйлдвэрийг авах юм бэ? Эсвэл бүгдийг нь аваад зарсан мөнгөнөөсөө Хөгжлийн банкны хүүг хаагаад, үлдсэн 300 тэрбумыг нь Б.Тулгад өг л дөө. Ядаж ХХБ, Улаанбаатар банк, бусад байгууллагын өрөө дараг л дээ.

“Хөтөл”-ийг төрөөс хэдэн төгрөгөөр авсан бэ?

УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон. Яг хэдийг төлж өмчлөх эрхийг авсан бэ? Та бүхэн Төрийн өмчийн хороог төлөөлж тус хорооны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалыг газрын дарга Д.Эрэвгийлхам, “Бейзмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхбаяр нарын байгуулж, тухайн үеийн ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн баталсан, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг харж байна. Гэрээний нөхцөл, гол зүйл гэсэн хэсэгт ТӨХ-ны тогтоолын дагуу дараах нөхцөл шаардлагыг тавьсан.
Нэгдүгээрт, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн 28 тэрбум 566 сая 747 мянга 900 төгрөгийн богино хугацаат өр, Барилгын салбарыг дэмжих зорилгоор орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, банкны зээлийн 1 тэрбум 139 сая 546 мянга 330 төгрөг нийт 39 тэрбум 706 сая 294 мянга 230 төгрөгийг өр төлбөрийг төлнө.
Хоёрдугаарт, Тус ТӨХК-ийн 2012, 2014 оны ногдол ашгийн өр 1 тэрбум 45 сая 109 мянга 400 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөх. Татварын өр, бусад төлбөрийн дүнг баталгаажуулан холбогдох байгууллагуудтай хугацаа тохирч 119 452 690 ширхэг хувьцааг худалдах доод үнэ 1 тэрбум 386 сая 106 мянга 400 төгрөгийг төлнө.
Ингэхдээ “Хүлээн авагчийн эрх үүрэг”-т: “Төрийн эзэмшлийн хувьцааны үнэ 1 тэрбум 386 сая 106 мянга 400 төгрөгөөс дэнчинд төлсөн 277 221 280 төгрөгийг хасч Худалдан, худалдан авах гэрээ байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ажлын цагт багтаан Худалдагчийн Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны 900019006 тоот дансанд 1 тэрбум 108 сая 885 мянга 120 төгрөгийг шилжүүлнэ гэжээ.
Мөн “Гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бол өмчлөх эрхээ алдана”. Худалдагч нь төрийн ээзэмшлийн хувьцааны үнийг бүрэн төлсний дараа төрийн эзэмшлийн хувьцааг Худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө. Худалдан авагчийн төлсөн мөнгө Худалдагчийн дансанд орсоноос хойш 10 хоногийн дараа ТӨХ-ны шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно. За нэг ийм заалтуудын дагуу хугацаанд нь бүх төлбөрийг төлж “Хөтөлийн цемент шохой” компани ТӨХ-ны мэдлээс гарч “Бейзмент” гэдэг компанид очжээ.

Хөгжлийн банкны зээлээр ХХБ-ны зээлээ дарахыг Хөгжлийн банк мэдэж байсан!
Хөгжлийн банк байгуулагдангуутаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэхээр нь “Бейзмент” хуурай аргаар боловсруулах үйлдвэрийн төслөө оруулсан чинь нийт төсөвт өртгийн чинь 33 хувийг л санхүүжүүлнэ, бүх төсөлд тэгдэг гээд 61.2 сая ам.долларын зээл олгосон. Гэхдээ Хөгжлийн банктай ярьж тохирсон юм нь 1-рт 8.5 хувийн хүүтэй зээлэх болсон. Бид ХХБ, Улаанбаатар банкинд зээлтэй. Хөгжлийн банкны зорилтод нийцсэн импортыг орлох, экспортыг дэмжсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа, урьд нь ХХБ-наас авсан зээлээрээ зөндөө ажил хийчихсэн юм чинь Хөгжлийн банкнаас авах мөнгөний тодорхой хэсгээр нь арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ төлье гэсэн. Хөгжлийн банк гэрээн дээрээ зөвшөөрөөд энэ хэсгээр нь зээлээ төлөөрэй, энэ хэсгээр нь төслөө санхүүжүүлээрэй гэсэн. Нотолгоо нь Хөгжлийн банк “Бейзмент” компаниас 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн төлбөрийн даалгаврын дагуу ХХБ-ны 499180051 тооот дансанд 34 сая ам.долларыг “ЗГ/11/03 тоот зээлийн төлбөр хаав” гэсэн утгатайгаар, Улаанбаатар хотын банкны 2600067436 тоот дансанд 5 сая 565 мянган ам.долларыг “ЗГ/0001/110124 тоот зээлийн төлбөр хаав” гэсэн утгатайгаар, үлдсэн 21 сая 516 мянга 205 ам.долларыг Бейзмент компанийн 2600067436 тоот дансанд Хөтөл төслийн тоног төхөөрөмжийн төлбөр” гэсэн утгатайгаар төлбөрийн даалгаврыг биелүүлсэн байна шүү дээ. Тэгэхээр Бейзмент буюу Хөтөл компани Хөгжлийн банкийг хуурч мэхлээгүй. Хөгжлийн банк гэрээгээр тохирсны үндсэн дээр Хөгжлийн банкнаасаа дээрх гүйлгээнүүдийг хийсэн байгаа юм. Хөгжлийн банк ямар ч төсөлд зээл олгохдоо нэгмөсөн өөрийнх нь дансанд хийж өгдөггүй. Аль улсаас ямар тоног төхөөрөмж авах тэр улсын тэр компанийн дансанд шилжүүлж өгдөг. Хөгжлийн банкны төлөөлөл, төслийн зээлдэгч хамт байж байгаад шилжүүлдэг учраас “Хөгжлийн банкныхныг мэдээгүй байхад нь авсан мөнгөө тийш нь өгчихсөн” мэтээр зориулалтын бусаар ашигласан гэж худлаа ярьж болохгүй.

Бас нэг асуудал нь дээрх зээлийг төгрөгөөр авмаар байна гэхэд банкинд төгрөг байхгүй, та нар одоо ам.доллароор авчихаад хүссэн үедээ төгрөгийн зээл болгоорой гэсэн байдаг. Өнөөдрийг хүртэл найман удаа “төгрөгийн зээл болгож өгөөч” гэсэн хүсэлтийг тогтмол өгсөн байдаг. Одоогоор валютын ханшийн зөрүүн дээрээ 100 тэрбум гаруйн алдагдал хүлээчихээд байна.

Цаашид “Дээрэмдсээр” байх уу?

Төгсгөлд нь хэлэхэд, эрх баригч МАН хүний эрхийг дээдэлнэ гэдгээ тунхагласан. Социал демократ, дэвшилтэт гэхчлэн Ардчилалтай холбоотой бүхий л нэр томьёогоор “зэвсэглэн” үзэл санааны “хувьсгал” хийж намаа шинэчилж эхэлж байгаа нь олон нийтэд таалагдаж эхэллээ. Гэтэл гараанаасаа эхлээд иргэн хүний өв залгамжлах эрх рүү, хувьчилж авсан болон шинээр барьж байгуулж буй өмч рүү халдаж эхэлсэн Засгийн газар, түүнийг төлөөлөн “Хөтөл” компанийг дээрэмдэж, энэ үеэрээ өмнөх Засгийн газрын хүчин төгөлдөр шийдвэрийг буруутгаж, УИХ-ын тогтоолыг өөрчилнө хэмээн аархаж буй ТӨБЗГ-ын даргынхаа ааг омогт хяналт тавьж ажлаа хуулийн дагуу хийж байгаа эсэхийг нь хянах ёстой. Учир нь түүнийг дараагийн удаад хэний ямар эрхэнд халдаж, хувьчлагдсан аль объект руу дайрч дээрэмдэх бол гэхээс бизнесийнхэн эмээж эхэллээ. Хэрэв энэхүү хууль бус завхралаа нэн даруй засаж иргэн Б.Тулгын эрхийг хүндэтгэж, “удахгүй хүчингүй болгох” тогтоолоор дээрэм үйлдсэнээ засахгүй бол Эдийн засгийн шинэ Сэргэлтийн бодлого чинь Эдийн засгийг ширгээж, “Хүний эрх”-ийн төлөөх тунхаглал чинь Хөгжлийн банкны эрх ашгаар төгсөхөд ойрхон байгааг анхаарна уу.

/Бизнес эрхлэгчдэд учирсан хууль бус хохирлын сэдвээр үргэлжилнэ/

Эх сурвалж: Нийтлэлч У.Оргилмаа

Иргэдээ барьцаалсан улстөрчид
Иргэдээ барьцаалсан улстөрчид
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.