УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн наймдугаар сарын 11-нд хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль УИХ-ын гишүүдийг төдийгүй нийгмээ хоёр талцуулаад байна. Анх удаагаа алдаад шийтгүүлсэн, өндөр настан, хөхүүл эх, эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүд тэдний ар гэрийнхэн гээд мянга мянган хүн хууль хэрэгжиж эхлэхийг хоног тоолон хүлээсээр... Угтаа хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж заасан уг хууль юунд ийнхүү гацаанд оров. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан гэх хоригоос уу аль эсвэл өнөөх албан тушаалтан, авлигачдыг өршөөх эсэх маргаанаас уу. Үүний учрыг тайлах гээд үзье.
Хоригийг хүлээн авсан. Гэхдээ....
УИХ нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тогтоолын төслийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хуудуутай. Учир нь УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан төслөөр бол Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д байгаа “энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж өөрчлөхөөр оруулчихсан. Энэ нь ажлын хэсгийн боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталвал хориг огт аваагүйтэй адил. Энэ маягаар хуульд өөрчлөлт оруулж ирэхгүй гэдэгт хуулийнхан болон учир мэдэх улс төрчид хэлж байна. Энэ бүхний цаана өнгөлөн далдлалт маягаар хуулийг өөрсдийн талд гуйвуулах гэсэн башир санаа байгаа гэдэг нь тодорхой харагдаж байгаа болов уу. Дашрамд сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын оруулж ирсэн хувилбараар хоригийг хүлээн авч баталбал 30 гаруй тэрбумын хохиролтой авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүд, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа 5000 гаруй хохирогчтой, 90 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой 116 хэрэг өршөөгдөх юм.
Анх удаагаа алдсан гэх 2000 "хохирогч" хэзээ өршөөгдөх вэ?
Өршөөл үзүүлэх хууль анхнаасаа хэрэгжиж жолоодох эрхээ хасуулсан иргэд өршөөгдөөд эхэлсэн. Зарим нам эвсэл, улстөрч, хуульчдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригоос болон анх удаагаа ял шийтгүүлсэн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд болоод хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бүхий л иргэд суллагдах боломжгүй болоод байгаа тухай ташаа мэдээлллийг түгээсээр л. Гэхдээ хуулийн дагуу явбал бодит байдал дээр Ерөнхийлөгчийн хориг дээрх 2000 орчим иргэнийг өршөөхөд огтхон ч саад болохгүй юм. Тодруулбал,
- Хээл хахууль авсан
- Төрийн албан тушаалтын албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан
- Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
- Хууль бусаар хөрөнгөжих
- Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
- Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
- Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа болон яллагдсан иргэдээс бусдыг болон
- Цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял авсан ч уучлагдан хорих ялаар шийтгүүлсэн
- Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол
- Тагнуул хийсэн
- Төр нийгмийн зүтгэлтний биед халдсан
- Хорлон сүйтгэх, хорлон саатуулсан
- Хүний санаатайгаар хороосон
- Хүний биед санаатай гэмтэл учруулсан
- Хүнийг барьцаалсан
- Терроризмийг санхүүжүүлсэн
- Зандалчилсан
- Галт зэвсэг, мансууруулах бодис, цацраг идэвхт бодис, хар тамхи хилээр оруулж ирсэн, завдсан зэрэг хэргээс бусад төрлийн хэргийг үйлдэж шийтгүүлсэн ялтнуудыг өршөөхөд ямар нэгэн хүндрэл асуудал байхгүй. Гэтэл яагаад хуулийг хэрэгжүүлэхгүй ийнхүү гацаав. Энэ нь Ерөнхийлөгчийн хоригоор далимдуулан өршөөгдөх учиртай иргэдийг барьцаалж хуулийг өөрсдийн талд оруулж байгаа нэг хэлбэр башир арга бололтой.
Ерөнхийлөгч дахин хориг тавих уу?
Нэгэнт Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулан өргөн барих ёстой ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчийн хоригийг мушгин гуйвуулсан өөрөөр хэлбэл тоог үсгээр бичиж орж ирсэн гэж үзэж байгаа тул энэ "но"-г Хууль зүйн байнгын хороо хэрхэн шийдвэрлэхээс цөөнгүй асуудал шийдэгдэх нь тодорхой. Гэхдээ эсрэг кноп дарагч нарын хүслээр хуулийн өөрчлөлтийг өргөн барьвал Ерөнхийлөгч дахин хэсэгчлэн хориг тавихаар зэхэж байгаа талаар эх сурвалж хэлж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс дахин хориг тавьж байсан түүх бий юу гэвэл бий, дахин хориг тавьж байгаад шийдүүлсэн үү гэвэл шийдүүлсэн. Тиймээс асуудлыг хүндрүүлэлгүй, нэг удаагаа алдсан гэх жирийн иргэдээ барьцаалан удаан хүлээлгэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх мэргэн ухаан төрийн түшээдэд байгаа гэдэгт найдъя.
М.Болор