Ардын хувьсгалын 94 жилийн ой хэдхэн хоногийн дараа болно. Наадмыг зохион байгуулах комисс ирэх сарын 1-ний дотор бэлтгэлээ хангахын төлөө ажиллаж байна. Энэ жил улсын их баяр наадам тав хоног үргэлжилнэ. Уламжлал ёсоор урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бөгөөд дэлхийн нэртэй “од”-ыг авчрах сураг ч дуулдаад байгаа юм. Энэ жилийн наадмын төсөв хоёр тэрбум 747 сая төгрөг. Үүнээс хамгийн их буюу урлаг, соёлын арга хэмжээнд 812 сая төгрөг зарцуулна хэмээн төлөвлөжээ. Улсын баяр наадмын төсвийг хүмүүс жилийн жилд л ярьдаг. Зарим нь “Эдийн засаг хүндэрсэн гэсэн атлаа баяр болохоор энд тэндээс зээлсэн хэдэн төгрөгөө хайр гамгүй үрдэг” гэдэг. Харин нөгөө хэсэг нь “Жилдээ ганцхан болдог үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглэх хэрэгтэй” хэмээн ярьж байх юм. Үнэндээ баяр нь олдсон бидний хувьд тэмдэглэлт өдөр бүрийг их бага хэмжээгээр найрлаж өнгөрүүлдэг нь үнэн. Гэхдээ жилдээ ганц болдог Улсын их баяр наадамд 812 сая төгрөг зарцуулах нь тийм ч тансагт орохгүй бололтой. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ГОК-ын өргөтгөлийн нээлтэд уран бүтээлээ толилуулсан хамтлаг дуучдад нийтдээ нэг тэрбум 500 сая төгрөг зарцуулсан тухай жиргэжээ. Өөрөөр хэлбэл, наадмын урлаг, соёлын арга хэмжээнд төсөвлөснөөс хоёр дахин их мөнгийг хамтлаг, дуучдад зарцуулсан байх юм. Бэлтэй байгууллагын хаялгаа гэж...
Б.Сийлэн