Д.Данзан: Засуулуудыг камержуулахаар болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 25 секунд
Д.Данзан: Засуулуудыг камержуулахаар болсон

Д.Данзан: Засуулуудыг камержуулахаар болсон

-БӨХЧҮҮДЭД “БИ МЭДЭЛГҮЙ ДОПИНГ ХЭРЭГЛЭЧИХЛЭЭ” ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ- 

Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзантай наадмын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

 

-Улсын баяр наадмаар монголчууд Цэнгэлдэх хүрээлэндээ цуглаж улс, аймгийн алдартай цолтой бөхчүүдийнхээ барилдааныг үздэг. Энэ жилийн хувьд бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

 

-Үндэсний бөхийн холбооноос 30 орчим ажил төлөвлөсөн. Салбар хороо маань гурван удаа хуралдлаа. Удахгүй дахин хурал хийх байх. Ер нь наадмын бэлтгэл ажил цэгцэрч байна. Бөхчүүд бэлтгэлдээ гарсан. Манай холбоонд шинээр орсон цагдаагийн байгууллагын дарга засуулуудыг камержуулах санал тавьсан. Түүнийг нь бид зүйтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн. Засуулуудыг камержуулна гэхээр зарим хүн буруугаар ойлгож байна. Барилдааны явцад бөхчүүд үйл хөдлөлөөрөө таагүй байдал гаргаж байгааг хүмүүс шууд хардаг. Гэтэл бөхчүүд хоорондоо болон засуул цэц, салбар хорооны хүмүүстэйгээ юуны талаар ярьж байгааг мэдэх боломжгүй. Түүнээс болоод хэл ам хийж, ёс жудаггүй гэж “цоллодог”. Тэгэхээр энэ явдлыг таслан зогсоох, баримттай болгох үүднээс засуулуудыг камержуулахаар болсон юм. Түүнээс хүмүүсийг тагнаж, чагнаж байгаа хэрэг биш. Бид бөхчүүдийн итгэмжлэл дээр хуулийн заалтыг нь дурдаж байгаад, энэ жилээс эхлэн засуулуудад энгэрийн камер зүүлгэх талаар мэдээлнэ. Энгэрийн камераар барилдааныг шүүхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

 

-Энгэрийн камер авахад хэдэн төгрөг зарцуулах бол?

 

-Камерыг мөнгө зарж авахгүй. Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд хэрэглүүлэхээр болсон.

 

-Энэ жил бөхчүүд хиймэл зүлгэн дээр анх удаа барилдах гэж байна. Бөхийн холбооноос аюулгүй байдлыг хангах зорилгоор сорил барилдаан хийсэн үү?

 

-Цэнгэлдэх хүрээлэнг хиймэл зүлэгтэй болгох талаар хоёр жилийн өмнөөс ярьсан. Тэгэхээр нь Бөхийн холбоо тэргүүлэгчдийнхээ хурлыг Цэнгэлдэхийн хажуу талын хөлбөмбөгийн талбайд хийсэн юм. Холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд улсын арслан, заан, харцага, гарьд, начин тэргүүтэй долоон бөх байдаг. Тэгээд бид “Аварга” дээд сургуулиас залуу бөхчүүд авчраад хиймэл зүлгэн дээр барилдуулсан. Тэгэхдээ халтиргаа гулгаа, нойтон байвал ямар байхыг нь үзэхээр ус асгаж байгаад барилдуулахад дажгүй сайн байсан. Гэхдээ нэг л зүйлийг шалгаагүй. Хиймэл зүлгэн дээр барилдахад бэртэл учруулах уу гэдгийг туршихын тулд бөхийг нэгээр нь толгой дээр нь өргүүлж байгаад шидэх хэрэгтэй байдаг. Тэр л туршилтыг хийгээгүй. Тиймээс хиймэл зүлгэн дээр бөхчүүд хүчтэй унахад бэртэл учруулах эсэхэд бид баталгаа өгч чадахгүй. Учир нь бид тэр туршилтыг нь хийж чадаагүй юм. Гэхдээ би бөхчүүдийг мэдэж байна. Толгой дээрээ өргөөд гаргаад ирсэн бөхөө зөөлөн тавина. Түрж, хутгаж хөөгөөд дагзаараа чангахан унах тохиолдол бий. Гэхдээ муу зүйл болохгүй гэж бодож байна. Би саяхан Цэнгэлдэх хүрээлэнд очоод нэлээд өндрөөс хиймэл зүлгэн дээр унаж үзлээ. Тэгэхэд надад доргилт мэдэгдэхгүй л байна. Харин хөлийн ул нэг сантиметр орчим шигдэж байсан. Гэтэл үүнийг сайн мэдэхгүй манай зарим бөх “Уламжлал алдагдлаа” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан байна лээ.

 

-Барилдааны явцад үзэгчид усны сав шидэх зэргээр дургүйцлээ илэрхийлэх гээд байдаг. Үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?

 

-Манай үзэгчид аливаа зүйлийн учрыг хэлэхээр сайн ойлгодог. Энэ талаарх ухуулга сурталчилгааг ч бид хийсэн. Барилдааны үеэр юм шиддэг явдал сүмо бөхөд байдаг. Японы мэргэжлийн сүмод аваргыг нь унагахаар үзэгчид олбогоо шиддэг. Энэ нь аварга цолтой бөхийг хаясан залуу бөхөд олбогны дотор талд нь байдаг халаасанд мөнгө хийж шидэж өгч байгаа хэлбэр юм. Уламжлал нь тийм ч япончууд энэхүү зан үйлийг хориглосон гэсэн. Манай үндэсний бөхөд хөлийн цэц, засуулуудын хариуцлагагүй байдлаас болж үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн зүйл байгаа. Үүнийг нь зохицуулахаар Бөхийн өргөөг камержуулсан. Бас ундааг савтай нь бус, аягаар борлуулдаг болсон. Харин баяр наадмын үеэр ундааны сав шиддэг монгол хүн байдаггүй. Шидээд ч ногоон дэвжээн дээр хүрэхгүй шүү дээ.

 

-Наадмын хөтөлбөрийг баталлаа. Өмнөх жилүүдээс өөрчлөгдсөн зүйл бий юү?

 

-Дархан аваргуудыг есөн хөлт цагаан туганд мөргүүлдэг ёслол байдаг. Үүнийг энэ жилдээ больё гэсэн шийдвэрийг баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргасан. Мөн энэ жилийн аймгуудын наадмыг долдугаар сарын 10,11-нд хийхийг шаардаж сануулсан албан тоотыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх бүх аймгийн Засаг дарга нарт явуулсан. Манай бөхийн холбооноос ч үүнийг давхар сануулсан бичиг хүргүүлээд байна. Ингэснээр хууль зөрчихгүй юм. Наадмын дараа болж байгаа бага наадмуудад бөхчүүд барилдана. Очоод аймгийн наадамд түрүүлэх сонирхол тэдэнд байхгүй. Шавиа, нутгийнхаа бөхийг цолд хүргэх санаатай барилддаг. Үүнээс болоод аймгийн удирдлагууд өөр аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэдэг. Энэ бас хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ байдлыг гаргахгүйн тулд энэ сануулга хэрэгтэй.

 

-Тэгэхээр улсын баяр наадмаас бусад үед зохион байгуулсан наадамд бөхчүүдэд цол өгөхгүй гэсэн үг үү?

 

-Энэ жил дөрвөн аймаг даншиг, ойн баяр наадам зохион байгуулна. Тэр аймгууд улсын баяр наадмын дараа баяраа хийж болно. Гэхдээ аймгийнхаа наадмыг тусгайд нь хийгээд цолоо олгоно. Харин даншигт хэдэн бөх барилдуулсан ч хамаагүй цол олгохгүй гэсэн үг.

 

-Бөхчүүдийн шагнал, бай олгох журамд өөрчлөлт орсон уу?

 

-Хэвээрээ байгаа. Гэхдээ бөхийн бай, давааны шагнал хоёр тусдаа ойлголт юм. 50-аас дээш настай дархан аваргууд,үзүүр түрүүнд тодорсон бөхчүүдэд боодолтой зүйл өгдөг. Энэ нь эртнээс уламжилсан бэлгэдлийн чанартай есөн зүйлээс бүрдсэн, 150 мянга орчим төгрөгийн үнэтэй зүйл байдаг. Энэ бол төрийн хүндэтгэл бэлгэдлийн зүйл. Үүнд давааны шагнал багтдаггүй. Харин түрүү бөхийн бай гэж хэлдэг. Ер нь түрүү бөхийн давааны шагнал 15 сая төгрөг байгаа. Үзүүрлэсэн бөх 10 сая төгрөг авдаг. Энэ жилийн хувьд манайх 85 сая төгрөгийн төсөвтэй байгаа. Үүний 73 саяыг нь бөхчүүдэд зарцуулна. Үлдсэнийг нь уяачид, хүүхдийн наадам, эм тариа болон ажилласан хүмүүст өгнө. Мөн 1000 литр айраг авдаг.

 

-Наадамд түрүүлж,үзүүрлэх бөхчүүдийн таавар аль хэдийнэ эхэлжээ. Энэ жилийн наадамд ч аваргууд барилдахаар болж байх шиг байна?

 

-Сүүлийн жилүүдэд ахмад аваргуудаас О.Балжинням аварга л зодоглож байгаа. Үүн дээр энэ жил хоёр дархан аварга зодоглоно. Мөн ид барилдаж байгаа аваргууд маань барилдана. Гэхдээ манайх долдугаар сарын 9-ний 10.00 цагаас 10-ны 18.00 цаг хүртэл баяр наадамд зодоглох бөхчүүдээ бүртгэдэг.

 

-Таны хэлснээр нутгийнхаа бөхийг цолд хүргэх гээд бөхчүүд хэл ам дагуулдаг. Ингэх нь зөв юм уу. Үүнийг хэрхэн зохицуулбал зөв голдиролдоо орох юм бол?

 

-Дээр үеэс нааш төрөл садан, нутгийн, танихгүй ч бай хамаагүй өсөх ирээдүйтэй бөхийг ахмад бөхчүүд дэмждэг байсан. Энэ байх ч ёстой зүйл. Тэгж шинэ цолтноо монголчууд “ургуулж” гаргаж ирж байх учиртай юм. Гэтэл үүнийг начны найраа нэрийн дор нэгийн даваанаас эхлээд нэг хүнийг сонгон авч зохион байгуулалттай барилддаг байсан ч дөрвийн даваанд оноолт хийснээр найраа байхгүй болсон.

 

-Жил бүрийн наадмаар допингийн тухай асуудал үүсдэг. Үүнд энэ жил хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

-Арав гаруй жил энэ асуудлын талаар ярьж байна. Энэ жил бөхчүүдэд “Би мэдэлгүй допинг хэрэглэчихлээ” гэж хэлэх эрх байхгүй. Учир нь, Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх сурталчилгаа мэдээлэл, танин мэдэхүйн ажлыг хангалттай зохион байгуулсан. Номуудыг ч бөхчүүдэд хангалттай тараалаа. Мөн интернэтээс энэ төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой болжээ. Манай нийт бөхчүүдийн 58 хувь нь их, дээд сургууль төгссөн байна. Бага, дунд боловсролтой бөх бараг байхгүй. Гэхдээ болдоггүй эмүүдийг оруулж ирж, залуучуудад өгдөг, баригдахгүй мэдэгдэхгүй гэж хуурдаг сүлжээ байж магадгүй тухай хүмүүс яриад байгаа юм. Үүнтэй Үндэсний бөхийн болон Олимпын хороо, Допингийн эсрэг төв гэсэн гуравхан байгууллага яаж ч тэмцээд дийлэхгүй. Хил, гааль, цагдаа, төр оролцож байж үүнийг үндсээр нь таслан зогсоож чадна.

 

-Энэ жилийн барилдааны зүүнийг хэн манлайлах талаар сүүлийн үед хүмүүс маргалдах боллоо. Бөхийн холбоо энэ талаар ямар байр суурь баримтлах вэ?

 

-Бөхийг эрэмбэлэх асуудлыг бөхийн холбоо хариуцдаг. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний баяр наадмын дүрэм гэж бий. Тэр дүрмийн 3.6.1-д бөхчүүдийг хэрхэн эрэмбэлэх талаар заагаад өгчихсөн байдаг. Үүнд нэг өдөр ижил цол авсан бөхчүүдийг гээд онцгойлон заасан. Энэ дүрмийг баримтлан эрэмбэлнэ. Ингэхээр Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлна гэсэн үг. Харин цааш нь юу болохыг би мэдэхгүй байна.

 

Б.Сэлэнгэ

 

Эх сурвалж: www.Монголын үнэн сонин

Dorgio.mn

Шагчдаас 60 шил архи хураан авлаа
Шагчдаас 60 шил архи хураан авлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.