Б.Пүрэвсүрэн: Налайх дүүрэг 2021 онд агаарын чанарын бүсэд орж, сайжруулсан түлш түлдэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 37 секунд
Б.Пүрэвсүрэн: Налайх дүүрэг 2021 онд агаарын чанарын бүсэд орж, сайжруулсан түлш түлдэг болно

Б.Пүрэвсүрэн: Налайх дүүрэг 2021 онд агаарын чанарын бүсэд орж, сайжруулсан түлш түлдэг болно

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилттой ажиллаж байна-

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Агаарын бохирдлыг хэрхэн хэмждэг вэ. Агаарын бохирдлыг тогтмол хэмжсэнээр ямар шийдэлд хүрэх вэ?

-Агаарын бохирдол гэдэг бол зөвхөн нийслэлийн хэмжээнд бус, Монгол Улсын хэмжээний бодлогын сэдэв. Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, амьдрах орчин, эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг учир өнөөдрийг хүртэл чухал сэдэв байсаар ирсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг 2018 оноос өмнөх болон хойших гэж хоёр том циклээр тайлбарлаж болно. Монгол Улс 2018 онд агаарын бохирдолтой холбоотой түүхэн шийдвэр гаргасан. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын агаарын чанарын бүсэд түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр гарсан байдаг. Үүнээс хойш агаарын бохирдлын асуудлыг өөр түвшинд ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг арилгаж болох юм байна гэдэг ойлголттой болж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар арилгаж чадсан.

Агаар, орчныг бохирдуулдаг эх үүсвэр гэж бий. Нэгдүгээрт, гэр хорооллын утаа, хоёрдугаарт, авто тээврийн хэрэгслээс гарч байгаа бохирдол буюу тээврийн хэрэгслийн утаа, тос тосолгоо, агаарт хаягдаж байгаа хоруу чанарууд. Гуравдугаарт тоос, тоосонцрын бохирдлууд ордог. Барилгажилт, замын ажил, нийслэлийг тойрсон шороон карьер, түүнийг тээвэрлэх явц, мөн ногоон орчин бүрдүүлж чадаагүй нь агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр болдог юм. Дөрөвдүгээрт бусад шалтгаан буюу цахилгаан станцуудын яндан. Агаарын бохирдол нь орчны бохирдлоос ялгаатай. Хөрсний бохирдол, нүхэн жорлон, хог хаягдлын бохирдлыг агаарын бохирдлоос ялгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эдгээр хүчин зүйл агаарын бохирдолд нөлөөлдөг. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаарын бохирдлыг бууруулахад бодлогын арга хэмжээ авч, түүнийг хэрэгжүүлдэг нийслэлийн агентлаг юм.

-Сайжруулсан түлшний хэрэглээ хэр нэмэгдэж байна вэ?

-2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлчүүд 446.633 тонн сайжруулсан түлш хэрэглэсэн бол 2020-2021 оны өвөл 704 мянган тонн түлш хэрэглэсэн. Энэ нь борлуулалт, хэрэглээ 80 хувиар өссөн гэсэн үг. Үүнийг дагаад маш олон үр дагавар бий болсон. Өөрөөр хэлбэл, айлууд бараг 24 цагийн галлагаанд шилжиж, сайжруулсан түлшийг хэрэглэх дадал, зуршил сайжирсан юм. Мөн Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хөнгөлсөн тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ нэмэгдлээ. Хөл хорио тогтоосноор гэрээсээ гарах боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сайжруулсан түлш борлуулах цэгээс хол амьдардаг хүмүүст үйлчилгээг ойртуулах зорилготойгоор алслагдсан газруудад 67 цэг байгуулсан. 2019-2020 онд сайжруулсан түлшний 383 цэг байсан бол өдгөө 686 цэг үйл ажиллагаа явуулж байна.

-Сайжруулсан түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол буурахаас гадна өөр ямар үр дүнд хүрсэн бэ?

-Нийслэлийн зургаан дүүргийн 10.000 өрхөөс сайжруулсан түлш хэрэглэснээр ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлсэн талаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авсан. 2019-2020 онд иргэдийн сэтгэл ханамж 45 хувьтай байсан бол 2020-2021 онд 87 хувьтай болж 42 хувиар өссөн байна. Бид сайжруулсан түлшийг хоёр жил хэрэглэж байгаа. Эхний жил магадгүй алдаа дутагдал их байсан бол дараагийн жил үүн дээрээ ажилласан. Төрөөс маш олон ажил хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Яндангаа хөөлье” аяныг гэр хорооллын нийт өрхүүдэд хэрэгжүүлж, дүүргүүдтэй хамтран таниулах, ухуулах, сурталчлах, ойлгуулах, зөв дадал зуршилтай болгох зэрэг олон ажил хийсэн нь үр дүнгээ өгч, агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад нөлөөлсөн гэж харж байгаа юм. Гэхдээ энэ бол агаарын бохирдлыг 50 хувь буурууллаа гээд зогсох ажил биш. Бүх янданг буулгасан хойно агаар бохирдохоо болино. Сайжруулсан түлшийг хэрэглээд дадчихсан гэж ярихгүйгээр дараагийн дэвшилтэт технологи руу бодлогын хувьд шилжих шаардлагатай болж байна. Бид “Улаанбаатар хийн сүлжээ” ХК-тай хамтран Улаанбаатар хотод огт яндангүй бүс бий болгохоор судалгаа хийж байгаа. Өрхийн хэрэглээг цахилгаанаар шийдэх асуудалд төрөөс шөнийн цахилгааны үнийг тэглэх, цэвэр агаар төслөөс хуримтлалт халаагуур буюу шөнийн цагаар дулаанаа хуримтлуулж өдрийн цагаар гэрээ дулаанаар хангах төсөл, дулаан алдагдалгүй байвал түлш бага хэрэглэдэг учир айл өрхийн дулаалгын талаарх судалгаа зэрэг олон ажил хийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгод хүрэхийн тулд бид маш олон дэд арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Эх үүсвэрийн тооллогоор жил бүр тоо нь өсөж, агаар бохирдуулж байгаа зүйл бол тээврийн хэрэгсэл. 2020 оны тооллогоор 621 мянган тээврийн хэрэгсэл нийслэл хотод бүртгэлтэй байсан. Гэтэл орон нутагт бүртгэлтэй хэрнээ Улаанбаатар хотод байдаг тээврийн хэрэгслүүд байгаа. Тэгэхээр авто тээврийн хэрэгсэл рүү чиглэсэн багц бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм. Энэ асуудлыг сүүлийн нэг жилд маш эрчимтэй ярьж байгаа. Өнгөрсөн жилд бид нийтийн тээвэрт шүүлтүүр байрлуулж, бохирдол бага гаргах арга хэмжээ авсан. Улаанбаатар хотод байгаа 600 мянга гаруй тээврийн хэрэгсэлд нэг дор шүүлтүүр хийх боломжгүй учир хамгийн их бохирдол гаргаж байгаа нийтийн тээврээс энэ ажлыг эхлүүлж байгаа юм. Энэ төрлийн ажил нэг сарын юм уу, нэг удаагийн ажил биш учир суурь судалгаатай, эрх зүйн шинэтгэлтэй, бодлогын ажил байх ёстой.

-Сайжруулсан түлшний хүрэлцээ ямар байгаа вэ. Алслагдсан гурван дүүрэг хэзээнээс сайжруулсан түлш хэрэглэж эхлэх вэ?

-Агаарын чанарын бүсэд мөрдөх журам гэж бий. Энэ журмыг БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хоёр хамтран баталдаг. Нийслэлийн зургаан дүүргийг агаарын чанарын сайжруулсан бүсэд тооцсон. Налайх дүүрэг 2021 онд энэ бүсэд орно. Налайх дүүрэг 11 мянган өрхтэй. 61 хувь буюу 6200 өрх нь гэр хороололд амьдардаг. Энэ өрхүүдэд сайжруулсан түлш түлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. “Тавантолгой түлш” компани төрийн өмчит компани. Өнгөрсөн жил зүүн бүсийн үйлдвэрийг нээсэн. Ингэснээр Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах бүрэн боломжтой болсон. Гэхдээ үйлдвэр нь давагдашгүй нөхцөл байдал, тооцоолоогүй эрсдэлтэй нүүр тулдаг. Тийм учраас зуны улиралд сайжруулсан түлшний нөөц бэлдэх үүрэг хүлээдэг. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар манай байгууллагад нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш нөөцлөх үүрэг өгсөн. Үүний дагуу бид агуулахуудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан сайжруулсан түлш нөөцөлж байна. Жил бүр 80-100 мянган тонны нөөцтэйгөөр өвлийн улиралтай золгодог. Төрийн байгууллага түлшний салбарт орж, өрхүүдийг түлшээр хангаж эхэлсний нэг том давуу тал нь үнийн хөөрөгдөл байхгүй болсон. Түүхий нүүрс түлж байх үед нэг тонн нүүрс 100 мянган төгрөгийн үнэтэй байснаа маргааш өглөө нь 140 мянган төгрөг болж өссөн тохиолдол байсан. Харин сайжруулсан түлшний нэг тонныг 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх тогтоолтой. Сайжруулсан түлш борлуулж байгаа хүмүүст урамшуулал олгох төсвийг нийслэл төсөвтөө суулгадаг. Мөн үнийг хөөрөгдүүлж болохгүй гэсэн үүрэгтэй.

-Танай байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-Бид өвөл түлш үйлдвэрлэл, түгээлт, хүртээмж зэрэг томоохон бодлогын ажлууд хийдэг бол зун нь бичиг баримтын ажлаа хийдэг. Агаарын чанарын бүсэд Налайх дүүргийг оруулах журмыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ирэх долоо хоногийн хурлаар оруулна. Жишээлбэл, яагаад Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орох ёстой вэ гэдэг асуултад хариулахаас эхлээд энэ ажлыг маш том судалгаатай хийсэн. Налайх дүүрэгт хэдэн өрх, хэдэн зуух, яндан байдаг вэ, агаарын чанарын бүсэд оруулснаар үзүүлэх нөлөө юу вэ, ямар давуу тал гарах вэ, хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ, доголдол үүсэх үү зэрэг маш олон асуултад хариулах шаардлагатай учир бид дүүргүүд болон холбогдох газар, агентлагуудаас санал авч, бодлогын бичиг баримтаа бэлддэг. Агаарын чанарыг хэмждэг, мэдээллээ 30 минут тутамд сольдог, дэлхийн томоохон хотуудын бохирдлыг хэмждэг апплекэйшн бий. Манай улс энэ апплекэйшний мэдээллээр эхний гурван байрт ордог байсан. Харин одоо 83 дугаарт орсон байна. Улаанбаатарын агаарын чанарыг хэмждэг 15 үзүүлэлт бий.

-Агаарын бохирдол буурсныг ямар үзүүлэлтээр нотлох вэ?

-Бид шинжлэх ухаан, тоон үзүүлэлтээр нотлох ёстой.

-Агаарын бохирдлыг бууруулах ажилд эрдэмтэн, судлаачдын саналыг хэрхэн сонсдог вэ?

-Эрдэмтэн, судлаачид бүх насаа судалгаанд зориулсан хүмүүс байдаг учир тэдний саналыг сонсоно. Тэдний судалгаа маш үр дүнтэй, үнэн байдаг. Агаарын бохирдлыг эрүүл мэнд, амьдрах орчинд хэрхэн нөлөөлж байгаагаар судалж, хэрхэн үр дүнд хүрэх вэ гэдэгт маш олон эрдэмтэнтэй хамтран ажилласан. Өнгөрсөн оны хоёрдугаар сард эрдэмтдийн зөвлөгөөн хийж, зөвлөмж гаргасан. Бид одоо Нийслэлийн Засаг даргын орлогчийн дэргэд судлаачдын зөвлөл байгуулах гэж байна. Манай байгууллага жилд хамгийн багадаа 4-5 төрлийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн судалгааны дүн хоёр өөр. Хэрэглэгч нь 200 мянган өрх гэдэг боловч амьсгалж байгаа хүн нь 1.5 сая иргэн. Иргэн бүрд хамааралтай асуудал учир иргэн бүрээс санал сонсох бололцоог гаргаж ирэх нь чухал г. Бид хамгийн хэрэгтэй зүйлээ ус, агаар мэт хэрэгтэй гэж зүйрлэдэг. Хүний амь нас, эрүүл мэндэд нөлөөлөх зүйл учир ийнхүү хэлдэг байх. Манай байгууллага бусдын амь насыг хамгаалах ажил үүрэг гүйцэтгэдэг учир маш хариуцлагатай байх ёстой гэдгээ байнга ухамсарладаг. Эерэг үзүүлэлт гаргахын тулд үргэлж шинийг эрэлхийлж ажиллахыг зорьдог юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Түр хамгаалах төвийн албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг хүлээлгэн өглөө
Түр хамгаалах төвийн албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг хүлээлгэн өглөө
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.