Өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж орос, монгол иргэд визгүй зорчдог болсон. Визгүй болсноос хойш хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн. Тухайлбал, ОХУ-руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй их хэмжээний архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн байна. Угтаа бол ОХУ-Монгол гэсэн маршрутаар ганзагын наймаа эхэлж чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр манай улсад ороод ирлээ гэсэн үг. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж буйгаар иргэд хууль бусаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад гар дээрээс худалдаалж байгаа нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Тус аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн нэгдүгээр улиралд л гэхэд хатаасан жимс, 227 кг, гурилан бүтээгдэхүүн 30 кг, лабораторийн урвалд орчихсон хүнсний бүтээгдэхүүн 16 ширхэг, хатаасан ургамал 200 грамм, Үхрийн мах 4 кг, Гродзё вино 3 литр, Белая берёзка архи 0.5 литр 46 ширхэг, Абрикос вино 2 литр, Сайра загас, 432 ширхэг, нийт 1 сая 915 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ. Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах эрсдэлтэй төдийгүй хүнсний чанарын баталгаа хангаагүй байсан байна. Мөн дээр дурьдсан бүтээгдэхүүнээс гадна гурил, гурилан бүтээгдэхүүн, хатаасан жимснээс гадна хуурамч архи, согтууруулах ундааг манай иргэд их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завдсан цөөнүй тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 05-ны өдөр их хэмжээний архи, согтууруулах ундаа импортоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл хяналт шалгалтаар илэрсэн байна. Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Д.Байгальмаа гэгч нь тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй “Шарадоне” нэрийн 3 литрээр савлагдсан вино 12 ширхэг, “Гродьз” нэрийн 3 литрээр савлагдсан вино 2 ширхэг, “Грушева” нэрийн 2 литрээр савлагдсан вино 2 ширхэг, 1 литрээр савлагдсан “Зелёная марка нэрийн 14 шил архийг хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Эдгээр зөрчлүүд нь архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.8, 5.9 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.12 дахь заалтыг тус тус зөрчсөн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 5.9 дахь заалтууд, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 163 дугаар тушаалыг үндэслэн иргэн Д.Байгальмаагийн хууль бусаар импортлохыг завдсан архи, согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгосон байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Ц.Цэрэндулам нь Т.Гансүх, Н.Байгальмаа нарын хамтаар ОХУ-ын Хиагт хотоос өнгөрсөн гуравдугаар сарын 01-ны өдөр Алтанбулаг хилийн боомтоор тусгай зөвшөөрөлгүйгээр 18 литр “Пишеничная”, 6 литр “Бялая берёзка”, 7 литр “Водка выбор” нэрийн 0.5-0.7 литрээр савлагдсан цагаан архийг хил нэвтрүүлэхийг завдсаныг албаныхан таслан зогсоожээ. Эдгээр нэр бүхий архинуудыг тус аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид хими, хор судлалын шинжилгээнд хамруулж дээж авахад, “Пишеничная”, “Бялая берёзка”, “Водка выбор” зэрэг нэр төрлийн архи Монгол Улсад мөрдөгдөж буй “Согтууруулах ундаа, цагаан болон өвөрмөгц архи, техникийн ерөнхий шаардлага” MNS 179:2014 стандартын нэгдүгээр хүснэгтийн Архины мэдрэхүйн үзүүлэлтийн 1,2,3,4 дэх үзүүлэлт, 2 дугаар хүснэгтийн физик химийн үзүүлэлтийн шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа нь тогтоогдсон байна. Ямартай ОХУ-аас манай иргэд чанарын шаардлага хангаагүй хүсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд хортойгоор заналхийлж байна гэсэн үг. Тиймээс МХЕГ-аас Алтанбулаг хилийн боомтоор зорчиж буй иргэдэд доорх зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд Улсын хилээр зорчиж байгаа зорчигчид арилжааны зорилгоор хувийн хэрэглээнээс хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх хандлага гарч байгаа нь Монгол Улсын “Хүнсний тухай” “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” , Давс иод дутагдлаас сэргийлэх тухай хуулиудыг зөрчиж байгаа тул дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: 1. Иргэн хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор импортлохгүй байх. 2. Хувийн хэрэглээндээ худалдан авах бараа, бүтээгдэхүүнийхээ хадгалах нөхцөл, хадгалалтын хугацааг сайтар хянаж, хугацаа дууссан бүтээгдэхүүн авахгүй байх. 3. Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх. Хэрвээ дээрх шаардлагуудыг хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хилээр импортлохыг завдвал тухайн иргэний хүнсний бараа бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгоод зогсохгүй шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгуулиар торгоно гэдгийг анхааруулга болгосон юм.