Ам нийлэн хохирогчоо гүтгэх яллагдагч нар аймаар юм аа. Арга буюу үзэг шүүрч буй нь энэ. Удаан тэвчсэний эцэст шүү дээ. Мэдээж үүн шиг санаанд оромгүй явдал өөр олон эхэд тохиолдож буйг бидний хэн нь ч мэдэхгүй шүү дээ. Үүнийг уншигчид маань ойлгоно биз ээ.
Б.Галаа гэгч нь Э.Тэлмүүн гэх бүсгүйгээ хардаж гэм зэмгүй хүүг минь зодож алах шахсан аймшигт явдал есөн сарын өмнө бидэнд тохиолдсон юм. Хэрэг гарсны маргааш өглөө нь л цагдаагийн байгууллагад уйлан дуулан хэргээ хүлээж, ”Бидний буруу” хэмээн дуу нь гарахгүй бөхөлзөж байсан тэдгээр эр, эм хоёр хэд хоногийн өмнө Шүүгдэгчийн тусгай ширээний ард төрөл арилжсан мэт өөр болж, ам нийлэн шинээр зохиосон гүтгэлгийн үлгэрээ ярьж бүгдийг гайхшруулав.
Бүр миний хүүд гар хүрээгүй гэнэ. Гараа хүрчих вий гээд халаасандаа хийсэн юм байх. Хүү маань таксинаас буухад машины хажууд энд гишгэ гээд “хөлөө дэвсээд” зогсож байсан Б.Галаагийн хөлөн дээр нь гишгээд хаашаа ч юм бэ уначихсан гэнэ. Тэгээд л гавлын яс нь үйрч, тархиндаа хүнд гэмтэл авсан юм байх...
Хамт таксинаас буухдаа Б.Галаагаа харангуутаа “Би хөлөөрөө хавсарч унагасан” гэж өөрийнхөө гараар бичиж байсан Энхбаярын Тэлмүүн гэгч бүсгүй одоо болохоор 180 градус эргэж тийм юм болсныг мэдээгүй гэж мэлзэж байна. Есөн сарын турш цагдаа, прокуророор шалгагдаж хэрэг хийснээ, хүүг минь зодсон гэдгээ хүлээсэн хоёр ийнхүү Шүүгдэгчийн тусгай ширээний ард очоод ариун цагаан болох гэж жүжиглэв. Бүр уйлж ч байх шиг. Есөн сарын турш, одоо ч бидний үйлийг бараагүй юм шиг ийнхүү аяглав. Энд би шүүх хурлын процессыг бичих гэсэнгүй. Бичих шаардлага ч байхгүй. Шүүх хурал ч, шүүгчид ч, улсын яллагч ч хууль дүрмийнхээ дагуу ажлаа хийдгээрээ хийж, хэрэг дахин мөрдөн байцаалтад буцсан.
Хамгийн гол нь гэм зэмгүй хүүд минь хүнд гэмтэл учруулсныхаа төлөө эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа Б.Галаа, Э.Тэлмүүн нарын хүн чанаргүй, ичих нүүргүй араншинг хүүгээ эрэмдэглүүлсэн эх хүний хувьд, сэтгүүлчийн хувьд хараад өнгөрч чадахгүй нь. Хууль дүрмийнхээ дагуу шийдэгдэхийг тэвчээртэйгээр хүлээж, хэдэн сар эмнэлгээр амьдарсан биднийг арай дэндүү тохуурхаж байгааг нь хүлцэх хязгаар барагдсан учраас бичиж байгаа юм. Яллагдагч Баярцолмонгийн Галаа нь Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа 0218 дугаар ангид бүлгийн дарга, ахмад цолтой. Энэ анги Буянт-Ухаагийн нисэх буудлын харуул хамгаалаалтыг хариуцдаг. Харин Э.Тэлмүүн тэр үед ажилд ороогүй байсан бол өнөөдөр Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн болоод зогсохгүй дэслэгч цолны мөрдэс зүүгээд явж байх юм. Бодвол яаманд ажилд орохдоо хэрэг зөрчилд холбогдож яваагүй л гэж тодорхойлолт бичсэн байх даа. Энэ бол манай төрийн боловсон хүчний асуудалд гарч буй алдаа, амтай болгон ярьж, эсэргүүцэж байгаа, төрийг сульдааж байгаа жишиг л дээ.
Манай этгээдүүд юутай ч хоёулаа төрийн тусгай албан хаагчид. Монгол төрийн минь сүлдтэй дүрэмт хувцсыг өмсөөд, энэ улс, иргэдийнхээ төлөө зүтгэх тангараг өргөсөн хүмүүс гэдгийг үүгээр би онцолж байна. Гэвч Монгол төрийнхөө шүүхийн өмнө улайх ч үгүй, дуу нийлэн худлаа мэдүүлэг өгч зогсох нь эмгэнэлтэй басхүү аймшигтай. Ийм ёс суртахуунтай алба хаагчид байж болохгүй гэж үзэж байгаа учраас ажил албыг нь онцолж буйг уншигч авхай та ойлгож буй биз ээ.
Үйл явдал чухам хэрхэн өрнөсөн бэ. Өнгөрсөн оны намар буюу наймдугаар сарын 5-нд хилийн чанадад сурдаг, амралтаараа гэртээ ирсэн хүү рүү маань МУИС-ийн лицейд хамт сурч байсан Э.Тэлмүүн утасдаад, би Шанхайд сургуулиа төгсөөд ирлээ. Чи надад баяр хүргэ, өнөөдөр уулзъя гэж дууджээ. Ингээд нэг ангийнхан баяраа хуваалцахаар тохирч, оройдоо уулзаж, хамтдаа пабд сууцгааж байгаад хүү маань Э.Тэлмүүнийг гэрт нь таксигаар хүргэж өгөхдөө жолоочтой тооцоогоо хийгээд машинаас буун арын суудалд сууж байсан Э.Тэлмүүний хаалгыг онгойлгож, машинаас гаргах үед Э.Тэлмүүн хөлөөрөө хүүг минь хавсарч унагахтай зэрэгцэн тархин дундуур нь татаад авсан гэдэг. Тэгээд нэг хэсэгтээ юу болсныг хүү маань мэддэггүй. Харин нэг сэхээрэхэд нь Б.Галаа хүүгийн маань дээр гарчихсан хоёр тохойноос нь барьчихсан цементэн зам ч юм уу, боржуур ч юм уу хатуу газар алхаар юм хадаж байгаа мэт тархиар нь балбаж байсан юм билээ.
Тэгээд хүүг минь ухаан алдуулаад, тэнд нь орхиод явсан байдаг. Энэ харгислалын улмаас миний хүү тархины хүнд гэмтэл авч, хоёр удаа тархины хүнд хагалгаанд орсон. Өөрөөр хэлбэл, дээсэн дөрөөн дээр байсан амийг нь Гэмтлийн эмнэлгийн сайн эмч нар аварсан. Хятад улсад ч эмчилгээ оношилгоо зөндөө хийлгэсэн. Энэ бүгдийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа төдийгүй, манайхны үйл хөдлөлийг папарацидаж зураг хөрөг ч аваад байсныг шүүх хурлын үеэр мэдлээ. Хүү маань эгчтэйгээ Хятад улс руу онгоцоор нисэх гэж байсан үеийн зургийг нууцаар авчихаж. Тэд очоод сайн яваарай гэж хэлдэггүй юмаа гэхэд тэгж увайгүйтэх ямар хэрэг байсан юм бол.
Хэрэг хийсэн тэднийг бид мөрдөж мөшгөөгүй байхад тэд яах гэж ийм юм хийдэг байнаа. Хүний үнэргүй энэ хүмүүсийн хардалт сэрдэлтийн золиос болж, үхэл сэхлийн заагт хэд хэд очсон хүүг минь эмнэлэгт хэвтсэн нь бараг худлаа гэх шахав, шүүх эмнэлэг, эмчилгээ хийсэн эмнэлгийнхнийг ч худлаа дүгнэлт гаргасан, худлаа өвчний түүх бичсэн гэх ухааны юм хэлэх юм. Хүний арьс чинь бас ичих эмээхийг мэдэрдэг дээ. Тэднийх бол үгүй юм.
Э.Тэлмүүний “Өнөөдөр уулзъя” гээд хүүг минь шавдуулсанд их учир байсан юм билээ.Тэр өдөр Б.Галаатайгаа муудалцсан ч юм уу, ямар нэг байдлаар таагүй харилцаатай байсан учраас миний хүүг зориуд дуудаж, гэртээ хүргүүлж, улмаар зодуулахад хүргэсэн гэдэг нь тодорхой. Тэр хоёрыг пабд сууж байхад Б.Галаа нь 30 удаа утасдсан гэж Э.Тэлмүүн мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхэд утсыг нь аваагүй, аваад худлаа хэлсэн Э.Тэлмүүн нь Б.Галаагаа гэрийнхээ гадаа тосон хүлээж байсныг мэдэж байсан байж таарна. Тиймээс ч Б.Галаагаа харангуут, өөрийг нь хүндлээд таксины хаалга онгойлгож өгсөн хүүг минь хавсарч унагасан нь Б.Галаад тал засах гэсэн гэнэн бодлынх ч биш, хүүг минь өөрийгөө эргүүлж хоргоосон гэж ойлгуулах гэсэн санаатай үйлдэл гэдэг нь харагддаг.
Ийнхүү уутач, уургач хоёр гэдэг шиг нэг нь дагуулан очиж, нөгөөх нь тосон зоддог Хилийн цэргийн ахмад Б.Галаа, батлан хамгаалахын дэслэгч Э.Тэлмүүн нар өнөөдөр юу ч болоогүй юм шиг төрийн алба хашаад, өөрсдийгөө гэмгүй болгох гэж ахин муу муухай арга бүхнийг сүвэгчлэн, Монголын хуулийн байгууллагуудыг үл тоомсорлож явна.
Үнэн хэрэгтээ зоддог гэж хэлэхэд багадна. Яахаас ч буцахгүй ийм хоёр нөхөр улсын маань онцгой газруудад алба хашиж байгаа нь тэдний үнэн дүр төрхийг мэдэрсэн сэтгүүлчийн хувьд эмзэглэл төрүүлнэ. Магадгүй тэд улсын эмзэг нууц асуудалтай ямар нэг байдлаар холбогдохыг үгүйсгэхгүй. Тэгээд түүнийг задруулчихаад би биш, та өөрөө шүү гээд сайд таныг, хилийн цэргийн командлагч таныг жишим ч үгүй гүтгээд зогсохоос сийхгүй. Төр ариун байх ёстой. Ариун байх үндэс нь ёс зүйтэй, цэвэр ариун төрийн албан хаагчтай байх явдал. Ийм ёс зүйгүй албан хаагчид та бүхний цэрэг байна шүү, Ц.Цолмон сайд аа, Ш.Лхачинжав генерал аа.
Энэхүү бичлэгээ би хүүгээ үхэл амьдралын зааг дээр, ухаантай ухаангүйн завсар дунд олон хоног эмнэлэгт сахиж, алтан гарт эмч нарын ачаар амийг нь авч үлдсэн ч удаа дараа хүнд хагалгаанд оруулж, эрүүл саруул залуу насыг нь насан турш эмнэлгийн хяналтад оруулсныхаа дараа бичиж байгаа юм шүү. Үнэндээ тэр хэцүү бэрх үед энэ адгийн гэж хэлэхэд багадам хүмүүсийг ёс журмынхаа дагуу гэм зэмээ хүлээнэ гэж хуульт ёсонд найдаж байсных. Цаашдаа ч иргэн хүнийхээ хувьд, хохирол амсаж, сэтгэлийн хийгээд бусад бүх шархыг гэр бүлээрээ авсаны хувьд харах болно. Ийм ёс суртахуунгүй, жигшим хүмүүс ялангуяа Төрийн тусгай албадад байж хэрхэвч нийцэхгүй. Тэд хийсэн хэргийнхээ шийтгэлийг эдлэх ёстой гэж үзэж байна.
Сэтгүүлч Д.Сайнбаяр