“Нинжа” нарын бичил техник нь хүүхэд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 46 секунд
“Нинжа” нарын бичил техник нь хүүхэд

“Нинжа” нарын бичил техник нь хүүхэд

http://www.tumen.mn/upload/2015/09/25/

Ийн хэлэхээр эргэлзэж, гайхашраад, үнэн гэж үү гэх хүн гарах л байх. Үнэн хэрэгтээ тэдний маш цөөн хувь нь  харж хандах хүнгүйн улмаас бага насны хүүхдээ хөтлөөд уул талаар тэнэдэг.  Өвөрхангайн Уянга, Төв аймгийн Заамар зэрэг   алтны боломжийн нөөцтэй газар гэр бүлээрээ ирчихсэн  хүүхэд нь  овоолсон шороо тойроод тоглож яваа харагддаг. Харин нөгөө нэг хэсэг бүлэг нь балчир насны хөвгүүдийг  ухаант роботоос илүү нарийн ажиллагаатай бичил техник болгон ашиглаж байгааг юу гэх вэ. Нинжа нарын ухдаг нүхний диаметр нэг хүн хагас тонгойх төдий өргөнтэй.  

Нүх гүнзгийрэх тусам орж гарах,  ухсан шороогоо дээш гаргах нь хэцүү болдог тул жижиг биетэй, хөдөлгөөн сайтай, татаж гаргахад хөнгөхөн гээд олон талын ашигтай гэж үзэн арваад насны жижигхэн биетэй хөвгүүдийг нүх рүү оруулдаг байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд  алтны судал илэрч, тэр сургаар шарсан махны үнэр анддаггүй шар зурхайчаас дутахааргүй  болсон  газар газрын техникжсэн  “нинжа” нар  усан буу,  унагалдайгаа  чирэн, ланд -200-гаа хөлөглөн  тавьж хүрч. 

Шар алт байтугайг хэвлийдээ нуусан тайг тэдэнд тийм ч амар баялгаа дэлгэж өгөөгүй байж таарна. Тиймээс арга барсан нинжа нар нутгийн иргэдтэй үнэ тохирч, анх бичил байдлаар яаж олборлож байсан арга руугаа шилжсэн байна. Энэ нь оскоов гэх тахир төмрөөс өөр багажгүй дархад эрс элгэн улаан цохио,  гүн цэвдэгтэй улаан гараараа тулна гэсэн үг. Ингээд нүхний ёроолын өргөн хумигдаж, том хүн багтахаа болих үед багачуудыг оруулах жишээний. 

Нөгөөтэйгүүр,  Улаан-Уул суманд ажлын байр хомс учраас амьжиргааны төвшин доогуур иргэд  бага насны хөвгүүдээ “нинжа” нарт өдрийн найман мянгаар, олз омог сайн тохиолдолд ашгийн гурван хувийг  нэмж өгөхөөр тохиролцдог байна.   Балчир ч гэлээ мөнгөний үнэр авсан хөвгүүд хичээл сургуулиа хаян таних танихгүй нь хамаагүй, хоолыг даагаад ажиллуулах “нинжа”-г даган тайгыг зорих нь ихэсчээ. Уулаан-Уул суманд бүтэн жил гэрийнхээ барааг хараагүй хүүхэд ч байдаг гэнэ. 

Хамгийн ичгүүртэй нь сарын сүүлээр хүүхдийн ажлын хөлсийг авъя гэсээр  эцэг нь  согтуу, хэн нэгний мотоциклийн араар дайгдсаар ирдэг аж. Эсвэл эцэг, эх хоёр нь хоёулаа харайлгаж  орж ирэх нь ч  энүүхэнд.  Энэ бүхнийг өгүүлсэн нинжа “ Хүний эцэг эх байна даа, солих хувцас, боов боорцог бариад ирж болно оо доо. Тэгэхгүй, майхны араар дагуулж аваачаад “танай босс иймхэн төгрөг өглөө, алт гараагүй юм уу, эсвэл илүү өгснийг нь чи нуучихсан уу,  аавдаа үнэнээ хэлчих. Эмээгийн бие өвдөөд хот яв гэсэн. 

Миний хүү сайн ажилладаг юм шүү. Аав нь тэгж байгаад унадаг дугуй авч өгнө өө” гэж хэлээд явчихдаг гээд боддоо гэж суусан. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох вэ. Нэгэн үе  хурдан морины хүүхдийн асуудал яригдаж, морьдын тоо ихэсэх   тусам унаач хүүхдүүд олдохоо больж байгаа талаар хэвлэлүүд байсхийгээд  сэдэв болгон бичиж байсан. Заримдаа бүр ядуу айлын хүүхдийг гэрээс хуурч төөрүүлсэн тохиолдлын талаар баримт дэлгэж, өнөө хүүхэд нь арван жилийн дараа аав ээжийгээ танихгүй байсан  тухай өнгөрсөн жил хэсэг шуугисан шүү дээ. Эл сэдвийн хүрээнд амьжиргааны төвшин доогуур айлууд хүүхдээ уяач нарт худалдан сар бүр  энэ данс руу цалинг нь хийж бай гэж дарамталж, хүссэн мөнгийг нь өгөхгүй бол давхиж ирээд хүүхдээ авч яваад өөр уяачид худалддаг  гэнэ билээ. 

Энэ бүхэн хүүхдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж буйн бодит жишээ биш гэж үү. Хүүхдийн   тэвчишгүй  хөдөлмөрийн талаар хүүхдийн байгууллагууд олон л зүйлийг ярьдаг.

Тэгвэл маргаашаас “нинжа” нарын гарын үзүүрт гүйн хүйтэн цэвдэгтэй нүхэнд амь нас эрүүл мэндээ үл хайхран өдрийн найман мянган төгрөгийн төлөө орж буй хөвгүүдийн араас санаа тавьж хөөцөлдөх хэрэгтэй болжээ.  Одоогийн байдлаар судалгаа энэ тэр байхгүй, тэдний араас санаа тавин хөөцөлдөх хүнгүй болохоор ийм замыг амьдралынхаа утга учир болгон сонгосон хүүхдийн тоо алга. Бас тэдний хэд нь нүхэнд дарагдаж, амь нас эрүүл мэндээрээ хохирч буйг тогтоосон байгууллага ч  өнөөдрийн тухайд байхгүй байна.  “Нинжа” нарын амьд робот болсон хөвгүүдийг тэдний гараас салгаж, хичээлд нь явуулъя бүгдээрээ. 

Эх сурвалж: Mminfo.mn

Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?
Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.