Авлигын гэмт хэрэгтнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллуулсаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Авлигын гэмт хэрэгтнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллуулсаар байна

Авлигын гэмт хэрэгтнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллуулсаар байна

Авлигатай тэмцэх газраас төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг томилохгүй байх, уг асуудлаар дотоод хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХК-д Зөвлөмж хүргүүлсэн.

Гэтэл одоог хүртэл энэ зөрчил давтагдан гарсаар байна. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон Н.Нарангэрэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн.

Шүүхийн тогтоолд дурдсанаар Н.Нарангэрэл нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа:

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу “Сургалтын семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан байна.

Төрийн албанд ажиллаж байхдаа гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдсэн этгээдийг “Эрдэнэс Монгол” ХХК-д удирдах албан тушаалд дэвшүүлэн томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланд цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг албан тушаалд томилохгүй байхыг анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн.

Гэсэн ч Н.Нарангэрэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласаар байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Мэндчилгээ
Мэндчилгээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.