Эрхэм хүндэт ойн салбарын ажилтан, албан хаагчид нараа!
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 103 дугаар тогтоолын дагуу “Ой модны салбарын ажилчдын өдрийг жил бүрийн 9–р сарын гурав дахь Ням гарагт тэмдэглэдэг уламжлал тогтоод байгаа билээ. Монгол эх орны үнэт баялаг болсон ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж ойн салбарт ажиллаж ирсэн үе үеийн Ойчиддоо “Ой модны салбарын ажилчдын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.
Өнгөрсөн жил бид Ой, модны салбарын түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж 2015 онд "Төрөөс ойн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг УИХ-аар батлуулан "Ойн тухай" хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Байгалийн нөөцийн хамтын менежментийн үндэсний анхдугаар чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, эко системийн тулгуур зүйл болсон ойн бодлогыг цоо шинээр авч үзэж байгаа амжилтаар Ой модны салбарын 91 жил, Монголын Ой модны салбарын ажилчдын өдрийг угтаж байна.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хүлэмжийн хийн шингээлт, хүчил төрөгчийн ялгарлыг тооцох, ойн иж бүрэн олон зорилтод тооллогыг 2014 онд эхлүүлснээс гадна ойн хортон шавьж устгалын ажилд химийн бодис хэрэглэхээс татгалзах зэрэг ойн ногоон бодлогыг явуулж эхэлсэн.
Засгийн газраас Монгол орны ойн нөөцийг хадгалан үлдэх зорилгоор импортын мод, модон материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, төмөр замын дэрний зориулалтаар мод бэлтгэхийг хориглосон.
Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эдгээр ажлын үнэлэмжийг 2-3 дахин нэмэгдүүлсний зэрэгцээ таримал ойг өмчлөх, улсаас худалдан авах журмыг тогтоосон нь ойг хамгаалах, ойжуулах ажлыг урамшуулан дэмжсэн бодитой ажил боллоо. Ойжуулалт, ойн аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас мөн чөлөөлөөд байна.
Цаашид ч ой модны салбарыг төрөөс дэмжсэн бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэн Ой, модны салбарын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна. Тухайлбал хувийн хэвшилд суурилсан ойн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх замаар Засгийн газрын "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг үр ашигтайгаар зохион байгуулах, говь, тал, хээрийг ойжуулах, ойжуулалтын ажлын хугацааг уртасгасан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ойн үлдэгдэл, хаягдлыг иж бүрэн боловсруулж, иргэдийнхээ мод, модон материалын хэрэгцээг хангах, шилмэл ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт аргаар модны үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх, агро ойн аж ахуйг эрхлэх зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Энэ үйл хэрэгт Монголын Ойчидын оруулах хувь нэмэр, идэвхи зүтгэл урьд урьдынхаас илүү чухал, онцгой үүрэгтэй.
Эрхэм хүндэт Ойчид та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.БАТЦЭРЭГ