Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ. Хуралдаан дуусч Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдөр Засгийн газар хуралдаж зарим нэг шийдвэрийг гаргаж байна. Энэ нь өмнө нь манай улсын түүхэнд гарч байгаа шийдвэрүүд. Ингээд дараах шийдвэрүүдийг танилцуулъя. Үүнд:
2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл:
Нэгд:
-Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк болон ББСБ, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт болон үүрэн холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхины тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металь үйлдвэрлэгч 9 төрлийн ААН-ээс бусад бүх ААН-үүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцна.
Хоёрт:
-Гэр хорооллын болон орон сууцны бүх айл өрхийн цахилгааныг төрөөс хариуцна. Дээр нь 100 мкв хүртэл орон сууцанд амьдардаг айл өрхийн дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна.
Гуравт:
-Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна. Ингэснээр 1 тн нүүрсний үнийг 75 хувиар бууруулж байна. Нэг шуудай шахмал түлшний үнийг 937 төгрөг болж байна гэсэн үг. Ийм хөнгөлөлтийг ард иргэддээ үзүүлэх шийдвэрийг гаргаж байна.
Энэ хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцна. 2019 онд тус үйлдвэр улсын үйлдвэрийн газар болсон. 2019 онд 2002 онд ашигтай ажилласан. Өнгөрсөн жил 1 их наяд төгрөгийн татварыг улсдаа төлсөн. Энэ жил ч адил. Дээрх хөнгөлөлтөөр бол Эрдэнэт үйлдвэр 650 орчим тэрбум төгрөгийг гаргаж санхүүжилт хийнэ. Эрдэнэт бол ард түмний үйлдвэр. Ийм санхүүжилтийг хийж хэрэгжүүлнэ.
Шахмал түлшнээс гарч байгаа үнийн санхүүжилтийг Эрдэнэт Тавантолгой компани хийнэ. Энэ компани бас ард түмний өмч. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард иргэд хүртэж байна гэсэн үг. Ингэснээр аж ахуйн нэгжүүд талхны үнэ өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх учиргүй” гэлээ.