Төв халхын нутагт тэр чигтээ шарын шашин ноёлоод, ард түмэн шарын шашинг сүсэглэн бишрэх явдал нэгэнтээ газар авсан үе. Хэдийгээр Манжийн дарангуйллыг эсэргүүцэж, Монгол орны олон газар, өнцөг булан бүрээс босогчид гарч байсан ч нийт монголчуудын хувьд шүтлэг хэвээр л байлаа. Арга ч үгүй биз. Бүхэл бүтэн 100 гаруй жил энэхүү зүйлтэй холилдож, шүтэх нэг нь үнэн сэтгэлээсээ сүсэглэж, шүтэмгүй нэг нь сүсэглэж буй дүр үзүүлэн ирсэнээс хойш бүхэл бүтэн 4, 5 үе мултрах шахсан болохоор энэхүү шашин хүчээ авсан нь ойлгомжтой байлаа. Тэр үед Их хүжийн ам, Ивлэг голын хөндийд нутаглан Бүрэн ууландаа сөгдөн мөргөж, түшин тулж амьдарч ирсэн хөндийн хэдэн айлууд амьдардаг байв. Эдгээр айлуудын дунд Бавуу буурлынх гэж байх ажээ. Бавуу буюу авуу /саарал чонын улих дуун/ хочит энэ буурлыг нутаг усныхан нь ийн хочилж дуудах бөлгөө.
Бавуугийн эцэг 11 настай байхад нь өөд болж, ээж дүү хоёртойгоо үлджээ. Эцэг нь харын бөө байсан ба зэргэлдээх нутгийн нэгэн айлд үйл хийгээд буцаж явахдаа үйлэндээ дайрагдаж насан эцэслэсэн гэлцдэг. Бавууг бага балчраас нь удмаа залгамжлах хүү хэмээн сонгож, ийм ч учраас олон зүйлийг зааж сурган бэлддэг байжээ. Тухайн үед шарын шашин дэлгэрээд нэгэнт хүчээ авсан тул өмнөх үеийг бодвол бөө нарыг араас нь хөөцөлдөж, хяхаж хавчих, устгах явдлууд харьцангуй суларсан ч баригдсан тохиолдолд өчиггүй шийтгүүлдэг явдал оршсоор байсан гэнэ. Иймээс түүний эцэг нь Бавууг таван настай байх үед хийдэд шавилан суулгаж лам болгожээ.
Мөн өөрөө ч лам хүн байсан бөгөөд ингэж өөрийн үнэн дүр төрхөө халхлан далдалдаг байсан гэдэг. Бавуугийн аав нь хүүдээ болон эхнэртээ тэр нэгэн үйлд мордохоосоо өмнө ийн хэлжээ. “За, би буцаж ирэхгүй ч байж мэднэ. Хошуу түшмэл Мэгдэн хоёр хөгшний ганц хүүг алс хол цэрэгт явуулж цөлсөн, одоо бүр ахиад ганц үлдсэн нялзрай охинд нь санаархаж, ил тод булааж авч ардуудын дургүйцлийг хүргэхээс эмээж, атгаг муу санаа гарган хойд хязгаарын хар удгануудыг авчруулж хараал жатга гүйлгэж байгаа сурагтай. Төв халхууд биднийг ноорхой хувцастай, олонд дарлуулсан ноомой хэдэн халтар хүмүүнүүд байдаг гэж боддог бололтой. Бид ч мөн адил МӨНХ ТЭНГЭРЭЭ ТҮШИЖ, байгаль эхээ ШҮТДЭГ хөх толбот үрсүүд мөн юм шүү” гэжээ.
Бавуугийн ээж “Та заавал явах юм уу? Явахгүй байж болохгүй гэж үү? Ийм хүнд бэрхийг мэдсээр байж бид хэдийгээ яа гээ вэ?” гэхэд аав нь Бавууд хандаж “Хүү минь, чи үүнийг хэзээд санаж явах учиртай. Мөнх хөх тэнгэрт босно гэдэг их хувь заяа боловч маш том ачаа үүрэхийн нэр юм. Ганц ахан дүүс, ураг саднаа бөөцийлөөд тартаг болсон тэрлэгнийхээ хормойг тойруулаад байж болохгүй. Улаагч хүмүүн гэдэг аливааг ялгахгүй байх учиртай. Ахан дүүс байсан ч бурууг нь шийтгэж байх нь зөв. Бид нэгэн үндэстэй, нэгэн эхтэй, нэгэн цул ахан дүүс юм шүү” гэж хэлээд эхнэртээ хандан “Хүнд ачаа үүрүүлж байгаагаа мэдэж байгаа ч хүний тавилан болсон хойно чи үүнийг даван гарах учиртай. Өрөөлийн жаргалыг өндөрт үзээд өвөртөө оруулбал би чамайг буруутгахгүй. Өргөө гэрийнхээ өрхийг татахдаа, тулж боссон тулгандаа гал ноцоохдоо өөрийн минь биед үнэнчээр үлдээд өврөөсөө унагасан хоёр үрээ өндийлгөн босгож ирж чадвал тэр цагт над дээр ирнэ биз. Энэ замбуулинд тавтай тухлуулж чадаагүй ч дараахь замбуулинд тавлуулах буй за. Үүнд бүү гомд” хэмээгээд уртаар санаа алдаж, хэсэг дуугаа хураан аягатай цайгаа балгалж суув.
Тийнхүү тагшаа хоослон ширээн дээр тавиад “Арван гурван овоо минь харж, атаа таван тэнгэр түшиж, арга билэг минь хосолж, атгасан лус маань харвал эсэн мэнд ирэх буй. Ай даа, баргийн хүүгийн даваад гардаг даваа биш учир айх, эмээх зэрэг л оршино. Хүний замбуулин болсон хойно нэг нь мэрж мөлжиж, хэмлэсэн зайг нь өөр нэгэн дүүргэж явдаг хорвоо юм айх эмээх ч энүүхэнд байлтай” хэмээн инээгээд “За, алив хүүгээ нэг үнэрлээд хий” хэмээн Бавууг өвөр дээрээ суулгаад үнэрлэв. Ингээд замд мордсон гэдэг.
Гурвантаа хоногийн дараагаар эцгийгээ харин ирэх замдаа осолдсоныг дуулж, түүний хөрсөн биеийг шар тэргэнд дамнан авчирч хөдөөлүүлэв.
Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Бавуу аавынхаа захьсанаар удмаа залгахаар шийдэж зэхэн ууланд гарч мод бэлдэх нэрийдлээр Бүрэн ууландаа гарч гурван шөнө хоёр өдөр бөөлөн байж онгодтойгоо золгож авлаа. Өдөр нь хийддээ завилан сууж, шөнө нь сэм сэмхэн бөөлдөг болжээ. Нас бие нь эрийн цээнд хүрэх тусам Бавуу шашин номын эрдэмд ч тэр, мөнх тэнгэрийн үйлд ч тэр улам бүр шамдаж, эрдэм мэдлэг, хүч чадал нэмсээр л байлаа. Шашин номонд гүн гүнзгий нэвтрэх тусам энэ зүйлийн мөн чанар болоод хий зүйлсийг ухаж ойлгон номын хүчийг мэдрэх болов. Ингээд Бавууд нэгэн бодол төрж, энэ хоёр үйлийг нэгтгэн нэгэн цул болгож чадвал илүү хүчин төгөлдөр болох боломжтойг олж харжээ. Хожим нь Бавууг номын дуу гаргаж эхлэхэд саахалтын зайран удгадууд амнаасаа цагаан хөөс сахруулан ухаан алдаж унах тохиолдлууд ч гардаг байв. Тиймээс тэд Бавууг бөөлөх үед, номын дуу гаргах үеийг нь зөрүүлж үйлээ хийдэг болжээ. Бавуу 26-хан насандаа түүний үс нь тэр чигтээ буурал болсон байна.
Нутаг усныхан төдийгүй холын нутгаас хүртэл хүмүүс зорин очдог болж энэ л үеэс эхлэн хол ойроос ирсэн хүмүүс Бавуугийнхыг сураглахад нутгийнхан “Тэр айлд нэгэн буурал үстэй хүн бий” хэмээн зааж өгдөг болсон байна. Ингээд л нэг мэдэхнээ Буурлынх гэдэг нэртэй болсон байлаа. Бавууд чонон хүлэгт харын онгодууд голлох бөгөөд нэгэн онгод нь чонын улих дуу чимээг гарган бууж ирдэг байжээ. Нутагтаа хур бороо цөөтэй, гантай үед Бавуу арзгар толгой дээр гарч их бөөлөөнийг хийхэд хур бороо орж, хур бороо орж байхад Бавуугийн хувцас ерөөсөө нордоггүй, бүр уугуулсан модон толгой нь хүртэл унтардаггүй байсан гэдэг. Үүнийг нэгэн болсон явдлаар нутгийн ардууд ярьдаг байна. Хоёртой саахалт нутгийн цаана их ган гачиг болж, ууланд усгүй болсоноос болоод ан амьтад талд бууж, маш их царцаан нүүдэл болж, хангайн чоно талд орж айл хотлын хотонд довтлох нь ихэссэн байна. Ингээд боломгүй болоход тэр нутгаас хэсэг хүмүүс Бавууг зорин ирж энэ ганг арилгаж өгөхийг гуйжээ.
Бавуу “Миний хүч чадалд итгэж, хүндэлж ирсэн та бүхэнд гялайлаа. Би бээр хурмаст тэнгэрийг захирдаг хүмүүн биш бөгөөд өчүүхэн надад хэдэн дусал буулгах л чадал бий. Та бүгд их зүйлийг хүлээмгүй гэж үзвэл мөхөс би нутаг усанд тань очиж үзье. Болом бол чадлаараа зүтгэе, боломгүй бол төрхөмдөө тэр даруй буцъя” хэмээжээ. Ирсэн хүмүүс ч зөвшөөрч “Тэр холоос таныг л гэж зорьсон болохоор таныг залалгүй яахав. Бэрх үйл гэдгийг мэдэх билээ. Та бидэнд өөрийн чадлаар тус хүргэх сэтгэл буйг тань ч бид мэдэж ухсан тул та заларч хайрлана уу” гэв.
Ингээд Бавуу тэр хошуу нутгийг зорьжээ. Нутгийн уул, устай харьцаж эхний таван өдрийг барав. Түүний дараагаар найман өдөр дараалан бууж, ес дэх өдөр харуй бүрий болоход буух болов. Нар уулын цаагуур орж, хөндий тал харанхуйд хучигдаж эхэлмэгц Бавуу хуяг хувцсаа өмсөөд их хэнгэргээ аван алд зүүн гуяа лусын найман могойгоор ороож суун бөөлжээ. Бөөлөхийн өмнө цугласан олонд хандаж “Та хүмүүнүүд тэнгэр айхтар дуугарч, ширүүн салхи салхилахад бүү айж эмээгээрэй. Хоёр алгаа тосон хурайлж дуудах учиртай юм шүү” хэмээгээд бөөлж эхэлжээ.
Чонон хүлэгт онгод орж ирэн хөндий талд чонын улих дуун цуурайтаж, нэг л мэдэхнээ тас харанхуй нөмрөн авлаа. Тэнгэрт торойх нэг ч од үгүй, үүл ч үгүй ажээ. Гэнэт тэнгэр маш хүчтэй дуугарч, хүнгэнэх дуу нь давхар давхар цуурайтлаа. Цугласан хүмүүс дуу алдан гайхаж, юу болоод байгааг ойлгож төвдөхгүй л байв. Гэтэл олон дундаас нэг хүн “Зайрантан бидэнд ингэх үед хоёр алгаа дэлгээд хурайл гэсэн бус уу? Алив” гээд “Хурай, хурай, хурай” хэмээн хурайлж эхлэхэд бусад нь мөн дагаж эхэллээ. Төд удалгүй ганц нэг дусал дуслаж эхлэх нь тэр. Олон түмэн дуу дуугаа авалцан ам амандаа шаагиж, “Бороо орж, орж байна. Бороо хур, бороо орж эхэлж байна” хэмээн хөөрцөглөв.
Бөөлөх нь хүртэл улам ширүүсч үүнийг дагаад ч тэр үү хур бороо ширүүсч, хүчтэй салхи гарч ёстой л нөгөө хувин хувингаар цутгах адил орж эхэлжээ. Энэ үед бууж ирсэн онгодын уугиулах модон толгой нь уугисаар байх ба тэр орчим хэсэгт цоолсон юм шиг хур бороо дусахгүй байгааг ажигласан хүмүүс гайхах, гөлрөх зэрэгцсэн байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бөөлөх нь удааширсаар бөөлж дууслаа. Бороо ч намжив. Хүмүүс Бавуугаас “Дахиад бороо орох болов уу? Ингээд дуусчих болов уу, яах бол?” хэмээн асуусан нүдээр ширтэхэд Бавуу “Үүр цайх үед дахин хур бороо орно. Та бүгд бүү сандарцгаа. Ган гачиг тайлагдаж, хөрст дэлхий сэргэх болно. Хангайн эзэд тайвширч тайтгарсан. Хотонд тань дайрах чоно үгүй болно. Үгүй боллоо гээд нэг ч үгүй биш бөлгөө. Авахаа авч, үлдээхээ үлдээх жамаараа болно. Түүнд та бүгд бүү харамс” хэмээжээ.
Цугласан олны сэтгэл сая нэг уужирч, бүгд тайвширсан байдалтай налайв. Үйл ч үүгээр дуусаж, Бавуу өвгөн маргааш нь нутаг буцаж, түүнийг нутгийн зүг жолоо залахтай золгоод л тэр нутагт хур бороо орж эхэлсэн гэдэг. Тэр нутгийн ардууд түүнийг хүндлэн онгод нь заларч орж ирэх үеийн дуу буюу “Абуу”-г өөрийнх нь нэрний эхний үсэгтэй залгаж Бавуу болгон дуудах болжээ. Энэ л цагаас Бавуу буурал нэртэй болсон бөгөөд хожим нь үүнийгээ дурсан ярихдаа “Улаач хүмүүнд тэнгэр нэр өгдөггүй юм. Түүнийг ямар нэгэн онгод, тэнгэр өгөх бус харин олон түмэн өгдөг учиртай юм. Өнөө үеийн балчрууд та нар өөрсдөдөө олон нэр хайрлаж, түүнийгээ тэнгэрийн өгсөн нэр хэмээх юм. Мундаг баясгалантай алдрыг өгөх атлаа түүнийгээ даадаг улаач хүмүүн нэгээхэн ч алга. Алдар нэр гэдэг аялгуут сонсголонт сайхандаа бус юм. Түүнийг олон хүмүүн дуулж мэдэхдээ л мөн чанар нь оршин буй билээ. Иймийн учир “Муу нэрийг хусавч ариламгүй” гэдэг үг бий болсон. Хусая гэвэл өөрөөсөө бус дуулсан, мэдсэн олон хүмүүн бүрээс хусах үйл гарна. Үүнтэй агаар нэг адил хүү минь чи алдар нэрээ өргөж дийлнэ гэдэг олон түмэн чиний нэрийг мэддэг байхыг хэлэх юм шүү. Түүнээс хүү чи өөртөө өчнөөн алдар нэрийг өгөөд, солиод энэ үнэ цэнэгүй өчүүхэн юм” хэмээн хэлсэн байдаг.
Ийм нэгэн зайран өссөн, төрсөн нутагтаа аж төрөн амьдарч 64 насыг зооглон мөнх хөх тэнгэртээ хальж, халихдаа “Надаас хойш таван үеийн дараагаар удам залгах улаач үр мэндлэх учиртай. Тэр цагт би энэ нартдаа дахин тухлах буй за” хэмээсэн байдаг билээ. Өдгөө цагт өөрийн улаачдаа бууж суун тухалж байгаа бөлгөө.
Эх сурвалж www.wikimon.mn