Шүүх сүр дуулиантай шийдсэн хэргүүдээ АТГ руу буцааж “шидээд” эхлэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 16 секунд
Шүүх сүр дуулиантай шийдсэн хэргүүдээ АТГ руу буцааж “шидээд” эхлэв үү?!

Шүүх сүр дуулиантай шийдсэн хэргүүдээ АТГ руу буцааж “шидээд” эхлэв үү?!

Монголын шүүх өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэс эхлээд “...Юу болчихов доо” гэмээр хурдтай ажиллаж эхэлсэн. Зун амраад, шүүх хурлуудаа намар хүртэл “амраадаг” байв. Тэр нь 2020 оны зун  алдагдсан. Амарч амжилгүй намартай золгоцгоосон.
Энэ хооронд шүүгчид маань улстөрчдийн холбогдсон хэргийг ёстой машиндсан даа.
Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг барьж хориод, удалгүй сонгуулийн дараа шүүн тасалж, ял оноож байлаа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гэхэд УИХ-ын гишүүн хэвээрээ шоронгоос өрсөлдөж, дахин ялсан ч тангарагаа өргөж амжилгүй ял уншуулсан. Бас Н.Номтойбаярыг нэр дэвшиж явахад нь баривчилж хориод, дараа нь ялласан.
 
УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд  асан М.Энхсайханыг, улмаар баяр наадмын дараа Ерөнхий сайд байсан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг шүүж ял оноосон. Тэднийг дагаж хэдэн арваар тоологдох өмнө нь төрд албан тушаал хашиж явсан хүмүүс ял авсан байдаг.
Тэгвэл саяхан Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Хурц нарыг ялласан анхан шатны шүүхийнхээ шийдвэрийг хүчингүй болгосон. Хэд хоноод анхан шатны шүүх нь Б.Хурц нарыг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэмээх хуулийн нэртэйгээр суллалаа.
Уржигдар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баярын гомдлыг хэлэлцсэн. Тэгээд ямар нэг шийд гаргасангүй. Түүний хэргийг Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэгтэй нэгтгэж хэлэлцэнэ гээд хойшлуулав.
Тэр хурал нь өнөөдөр болохоор товлогдсон.
Хоёр тусдаа мөрдөх ажиллагаа хийгдсэн, хоёр тусдаа яллах дүгнэлттэй С.Баяр, С.Баярцгот нарын хэрэгтэй Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хоёрхон хоногийн дотор танилцаад яаж шийдэх вэ. Мэдээж яаж ч шийдэж чадахгүй.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийг нэгтгэж шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаана. Нөхцөл байдал нь үүнийг ил хэлж байгаа юм.
За, ингээд “ямар нэг” байдлаар Б.Хурц нар суллагдсан. Өнөөдөр С.Баяр, С.Баярцогт нарын хэрэг мөрдөн байцаалтад буцвал, удахгүй суллагдах зам руугаа орно.
 
 
 
 
Яг үнэндээ шүүх өөрөө, хууль хяналтын бусад байгууллага нь өнөөдөр мөрдөн байцаалтад буцаагаад, бас ялыг нь хүчингүй болгоод байгаа хэргүүдээ нийгэмд дуулиан болгож хаяж өгсөн. “...Эд нар гэм буруутай” гээд зарлачихсан.
 
 
 
 
Тухайлбал, өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нэгтгэж хэлэлцэх С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг харъя.
2020 оны долдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас албан ёсоор өгсөн мэдээллээр “...С.Баяр Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020.07.22-23-нд шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
 
Шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,
 
Мөн Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2009 оны есдүгээр сарын 1-ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюутолгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд, С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэлд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгч С.Баяраас хууль бусаар олсон орлого болох 5,580,440,000 төгрөгийн хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв” гэж байв.
 
Бас С.Баярцогтын хэргийг анхан шатны шүүх 2020 оны долодугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэж, энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн нь албан ёсны тайлбар мэдээлэл өгсөн байдаг.
Тэнд “...Шүүгдэгч С.Баярцогтод Сангийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдын 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан байдаг. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150,000 ширхэг хувьцааг 1,393,321.38  ам.доллар буюу 2,016,749,098.26 төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзсэн.
 
Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010 оноос 2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43,225,152,952 төгрөгийн, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-аар 20,736,000,732 төгрөгийн бүгд 63,961,153,685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэрэгт яллагдаж, анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон.
 
 
 
 
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцаа буюу сая дурдсан 150,000 ширхэг хувьцааг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж,  гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 2,739,197.49  ам.доллар буюу 3,838,903,106.31 төгрөгөөр худалдаж, 1,345,876.11  ам.доллар буюу 1,886,204,991.88 төгрөгийн ашиг олсон.
 
 
 
 
Уг мөнгөнөөс 1,200,000  ам.доллар буюу 1,687,584,000 төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон.
С.Баярцогт нь 2004 оноос 2016 онд УИХ-ын гишүүн, 2004 оноос 2006 онд ЗГХЭГ-ын дарга, 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна, доторх тавилгын хамт 852.880.691 төгрөгийн үнэлгээтэймүл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Д гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хөрөнгө орлогоо нуусан. Мөн С.Баярцогтын нэр дээрх орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,468,885,290  төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүний хүүхдийн нэр дээр бүртгэлтэй орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,102,863,11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна” гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл бий.
Харин өнөөдөр тэдний хэргийг нийлүүлээд АТГ руу мөрдөн байцаалтад шилжих шүүхийн шийдвэр гарах магадлал өндөр.
Хэрвээ ингэсэн нөхцөлд араас нь өнгөрсөн зун сүр дуулиантайгаар шүүхээр шийтгэгдэж, улс даяар үйлдсэн хэрэг нь зарлагдаад байсан хүмүүсийн хэрэг ч ял хүчингүй болох, голдуу “...Мөрдөх ажиллагааг нэмж явуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр АТГ руу “шидэгдэж” мэднэ
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбаттай хамт шүүгдэж ял авсан “Азаргын гол чонот” компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, бас “Ариг” банкаа дээрэмдүүлж буй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хэрэг лав анхан шатны шүүхийн шийдвэрээс огт өөрөөр шийдэгдэхээр болж буй бололтой юм
Энэ бүхэн юу гэсэн үг вэ. Ийм асуулт зайлшгүй тавигдах ёстой.
Анхан шатны шүүх нь алдаатай шийдэж, тэр шийдвэр давж заалдах шатны шүүхээ давахгүй байна уу. Аль эсвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрт “гаднын нөлөө” ороод байна уу.
Эдгээр асуултын хариулт нь удахгүй тодрох биз ээ.
Дахин хэлэхэд, шүүхийнхэн өнгөрсөн зунжин сүр дуулиантай шүүсэн хэргүүдээ буцаагаад АТГ руу “шидээд” эхлэв үү гэж л харагдаад эхэллээ дээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Бямбасүрэн: Нэр дэвшигчдийг гурван зүйлээр л шүүх хэрэгтэй
Д.Бямбасүрэн: Нэр дэвшигчдийг гурван зүйлээр л шүүх хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.