Эмгэн тэвштэйгээ, Н.Энхбаяр тамгатайгаа үлдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 16 секунд
Эмгэн тэвштэйгээ, Н.Энхбаяр тамгатайгаа үлдлээ

Эмгэн тэвштэйгээ, Н.Энхбаяр тамгатайгаа үлдлээ

Оросын алдарт зохиолч, яруу найрагч А.С.Пушкины "Алтан загасны үлгэр"-ийг мэдэхгүй хүн үгүй. Эцэс төгсгөлгүй шуналаа дарж, хазаарлаж чадаагүй эмгэн эцэстээ эвдэрхий муу тэвштэйгээ үлддэг. Харин орчин цагт энэхүү үлгэр МАХН-ын дарга Н.Энхбаярт яв цав тохирч, түүнийг тойрон хүрээлэгсэд нь нэг, нэгээрээ орхиж явсаар эцэстээ мань эр тамгатайгаа л үлдэх шив.
Хэдийгээр тэр ганц муу тамгатайгаа үлдсэн ч өнөөх "эмгэн"-ийнхээ шунал, хүслээ дарж чадахгүй дахин парламентын сонгуульд нэр дэвшихээр улайрч сууна. Үнэндээ түүнд намын даргаас авахуулаад парламентын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд хашиж үзээгүй албан тушаал гэж үгүй. Энэ ч утгаараа Н.Энхбаярыг тойрон хүрээлэгсэд нийгмийн бүхий л салбарт шургалан орж, зөвхөн түүний төлөө үгээ хэлж, ганцхан мань эрийн төлөө улайтлаа улстөрждөг байлаа. Гэвч цагийн эрхэнд түүний төлөө амиа өгөхөөс буцахгүй явсан нөхөд нь нэг, нэгээрээ холдож, орхиж явсаар өнөөдөр Н.Энхбаяр намын дарга гэх "жижигхэн" албан тушаалтай, түүнийгээ гэрчлэх ганцхан тамгатай л хоцорчээ.
Гэхдээ мань эр зүв зүгээр сууж байгаад тамгатайгаа үлдчихсэн юм биш. Түүний олныг биш өөрийгөө бодсон аминчхан улстөрийн тоглолт, хэчнээн дарсан ч оргилж ирээд болдоггүй тэр их шунал, хүсэл нь ганцаараа бууриа сахиж хоцрох шалтгаан болсон байхыг ч үгүйсгэхгүй. Харин мань нөхрийг өнөөдөр намын даргыг нь батлах ганц муу модон тамгатайгаа үлдэх эхлэл өнгөрсөн оноос улбаатай. Түүнээс хойш журмын нөхөд нь ганц, хоёроороо намаасаа гарч, Н.Энхбаярыг орхисон нь өөрийн эрхгүй өнөөх "Алтан загасны үлгэр"-ийн эмгэнтэй зүйрлэхэд хүргэсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, түүний зах хязгааргүй улс төрийн шунал нь намынхаа цагаан байранд тамгаа тэврээд ганцаараа үлдэх шалгаан болжээ. Тэгвэл тэрхүү "шалтгаан"-ыг хэдхэн жишээн дээр тайлбарлах гээд үзье.

Жишээ нэг: МАХН-ын дарга Н.Энбаярын улс төрийн шунал, ойр тойрныхоо хэнийг ч хөсөр хаяж чаддагийн тод жишээг олон нийт намынх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Шийдэгдамбын хутгалдсан хэргээс харсан. Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газраас Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэж цагдан хорьсон нь хэсэгтээ л дуулианы гол сэдэв байлаа.
Хамгийн сонирхолтой нь, Г.Шийлэгдамба батлан даалтад гарсан даруйдаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй ярилцлага" нэвтрүүлэгт оролцож, "Би Н.Энхбаяр даргатай уулзсан. Харамсалтай нь надад "Чиний улс төрийн карьер дууссан, намын байранд ирэх хэрэггүй" гэж хэлсэн" гэх утгатай зүйлийг хэлж, намынхаа санхүүжилтийн асуудлыг хөндсөн нь Н.Энхбаярын "эмгэн" шунал эргэж ирснийг сануулсан юм.
Жишээ хоёр: Эдийн засаг хийгээд улс төрийн амьдрал савлагаа, донсолгоо ихтэй дайвалзаж, улс төрийн том хүчнүүд улаан цагаандаа гартлаа улстөржиж байх зуур УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар намаасаа гарч, Намбарын хүүг орхисон нь түүнийг тамгатайгаа үлдэх хоёр дахь шалтгаан болов. Нэгэн цагт Н.Энхбаяр гэх хүний төлөө үг хэлж, түүнээс сайн улстөрч үгүй, түүн шиг сайн хүн байхгүй гэж орилж, тэмцэж явсан Г.Уянга, Л.Цог нар нэг л өдөр намаа орхисон нь цаанаа ямар нэгэн шалтгаантай байсан нь илт. Магадгүй Н.Энхбаярын улс төрийн ганцаарчилсан тоглолт хийгээд өнөөх "гай"-тай шуналаас нь болсныг үгүйсгэхгүй. Ямартай ч намынхаа хоёр нөхрийг алдсан Н.Энхбаяр тамгатайгаа үлдэх өдрөө нэг алхмаар урагшлуулав.

Жишээ гурав: Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэд намаасаа гарах болсон шалтгаанаа хэд, хэдэн зүйл дээр тайлбарласан ч хамгийн анхаарал татсан нь "МАХН-ыг шударга ёсоос ухарсан" гэх үг байлаа. Өөрөөр хэлбэл, намынх нь даргын өнөөх ганцаарчилсан улс төрийн "жүжиг" хийгээд шунал нь мань хоёрт таалагдаагүй гэж хэлж болохоор дүр зураг харагдаж байна. Нөгөөтэйгүүр МАХН-ын дарга Н.Энхбаярыг одоогоос хэдэн жилийн өмнө оймсоо гозолзуулаад баригдаж байх үед хажууд нь байсан, өнөөг хүртэл зовлон, жаргалыг нь хамтдаа хуваалцаж явсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ийнхүү намаасаа гарч, Н.Энхбаяр даргыг орхисон нь одоо ч улс төрийн халуун сэвдийн нэг хэвээр байна. Учир нь, үүний үр дүнд УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Засаг барилцах эрх зүйн чадамжгүй болж, түүнийг тамгатайгаа хоцрох хамгийн том шалтгааныг авч ирсэн юм.
Дээрх гурван жишээнээс үзэхэд л Н.Энхбаярыг ямар улс төрч байсан, ирээдүйд ямар улс төрийн өрнөлтэй "жүжиг" тавих нь сонирхолтой. Ганц модон тамгатайгаа үлдсэн, намын дарга гэх албан тушаалаас өөр зүйлгүй Н.Энхбаяр "Алтан загасны үлгэр"-ийн эмгэнийх шиг хүсэл, шуналаа хэрхэн үргэлжүүлэх нь бүр ч сонирхол татаж байна. Мань эр “эмгэн” шуналаа хазаарлаж чадах болов уу.

Эх сурвалж:

Муур устгах хүн олдохгүй байна
Муур устгах хүн олдохгүй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.