Ц.Зэс-Эрдэнэ: Би тусгай сургуульд суралцсан бол ийм амжилтад хүрэхгүй байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 39 секунд
Ц.Зэс-Эрдэнэ: Би тусгай сургуульд суралцсан бол ийм амжилтад хүрэхгүй байсан

Ц.Зэс-Эрдэнэ: Би тусгай сургуульд суралцсан бол ийм амжилтад хүрэхгүй байсан

Манай нийгэмд хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй хүмүүс бусадтай тэгш эрхтэй байж чадаж байгаа эсэх, нийгмээрээ хэрхэн бусдыг ялгаварладаггүй болох талаар “Зэс брэнд”-ийн үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр “хөгжлийн бэрхшээл”-ийг даван туулж, нийгэмд аль хэдийн өөрийн байр суурийг бүрдүүлэн Олон улсын 5 дугаар зэргийн Про оюуны дасгалжуулагч, “Зэс Оюу” сан ТББ-ын тэргүүн, Ярих ур чадварын чиглүүлэгч лектор, ментор гэх алдрын эзэн болсон манлайлагч, хөдөлмөрч бүсгүй юм.

-Ялгаварлан гадуурхалт хэр байна вэ, хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй хүмүүс бусадтай эрх тэгш байх нөхцөл байна уу?

-Тэгш эрхтэй байж чадахгүй байгаа ч тийм болгох нөхцөл бол байгаа. Гэхдээ аль аль талын хүмүүс огт хичээхгүй, энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Хүнийг ялгаж харьцана гэдэг нь ухамсарын асар дорд түвшинд байна л гэж би үздэг. Сурч боловсроогүй, юм үзэж нүд тайлаагүй хүмүүсийн гаргадаг үйлдэл.

Ямар ч хүн суралцаад, мэдлэг боловсролтой, мундаг болоод оюун ухаанаа хөгжүүлэх юм бол хэнийг ч ялгаварлахгүй, эрх тэгш харьцаг болдог.

Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ таны оюун ухаан зүгээр бол та хөгжих боломжтой. Монголд ч , дэлхийд ч гарах боломж бий шүү дээ. Мэдээж айдас бий, тэр нь нийгэм намайг хүлээж авахгүй, доромжилно, шоолно гэж боддог. Нөгөө талд улс төр, УИХ, нийгэм өөрсдөө энэ хүмүүсийг хүлээж зөвшөөрөх, тэгш эрхтэй амьдрах талаар юу ч хийхгүй байна. Уг нь бол оюуны болон хөгжлийн бэрхшээл гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх цаг болчихсон.

-Танд ийм асуудал хэр тулгарч байв?

-Би бол маш их гадуурхагддаг байсан. 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, явж, ярьж чаддаггүй, хоёр гар муутай байсан. Бүгд л эвэртэй туулай харсан юм шиг болдог байсан. Одоо би 30 настай, энэ хүртэл өөрийгөө, оюун ухаанаа хөгжүүлээд, сурч мэдээд, бусаддаа үлгэрлээд явж байна. Тэгэхээр юм болгон боломжтой гэдгийг харуулах гээд хичээж явна. Ялгаварлал гэдгийг нийгэмдээ байхгүй болгохыг маш их мөрөөддөг.

Яагаад гэвэл олон жил шоолуулж, доромжлуулж, өрөөл татанхай, мэдрэл муутай, тэнэг, чааваас даа, хөөрхийдөө гэдэг үгнүүдийг их сонссон. Дээрээс нь хүний нүдний харц маш их мэдрэгдэж, сэтгэл санаанд нөлөөлдөг. Өөрөөсөө доор хүмүүс рүү дээрээс нь доош нь гүйлгэж сонжиж харах зэрэг нь муухай мэдрэмж төрүүлдэг. Ялгаварлаж байгаа нь үг болон үйл хөдлөлөөр илэрдэг гэсэн үг.

Намайг хүүхэд байхад үеийнхэн маань надтай хэвийн харьцдаг байсан. Гэвч ээж аав нь маш их ялгаварладаг. Миний хүү, охин наад хүүхэдтэйгээ битгий тогло, наадах чинь тэнэг, мэдрэл муутай, миний хүү битгий ойртоорой гэдэг байсан. Надад муухай санагддаг байсан. Ер нь нийгэмд нэгнээ ялгаварлахгүй байя гэдэг талаар мэдээлэл ч хомс байсан даа. Одоо ийм хандлагыг байхгүй болгохын тулд дор бүрнээ л хичээх хэрэгтэй.

-Хүүхдээс илүү эцэг эхчүүд ялгаварлаж ханддаг гэж байна. Тэгвэл багш нарын хандлага ямар байдаг вэ, яаж илүү эерэг болгох бол?

-Өөрийнхөө туршлагаас ярихад сургууль, цэцэрлэгүүд болон байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ажилтан авахгүй л гэдэг. Чи юу хийж чадах юм, юу ч чадахгүй ш дээ гэх хандлагаар харьцдаг. Мэдээж сайн багш, сурган хүмүүжүүлэгч нар байдаг ч ар гэрийн байдал, өмссөн хувцас, байгаа байдал зэргээс нь хамаарч ялгаварладаг багш маш олон.

-Таны хэлснээр ялгаварлахаа болих цаг болсон. Гэвч бодит нөхцөл байдал тийм биш байдаг. Яаж илүү нэгнээ хүлээн зөвшөөрдөг, ялгаатай байдлыг ойлгодог, ялгаварладаггүй болох вэ, нааштай нөхцөл байдал ажиглагдаж байна уу?

-Цаг нь болчихсон гэж байгаа ч өөрчлөгдөх үйлдэл хэн ч хийхгүй байна. Миний бодлоор хамгийн түрүүнд цэцэрлэг, сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад хүүхэдтэй хамт суралцуулах хэрэгтэй. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хэрэгтэй. Дээрээс нь амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй хүмүүсийн гадуур явах боломжийг хангах. Гудамж, зам, шат гэх мэт.

Бас хүмүүс нэг нэгэндээ хайртай, тусалдаг баймаар байна. Би 10-н жилд байхдаа заримдаа гудамжинд уначихдаг байсан. Тэр үед хэн ч тусалдаггүй, юу ч хараагүй, юу ч болоогүй юм шиг зөрцгөөдөг л байсан.

-Энгийн хүүхдүүдтэй хамт сургах ёстой гэж байна. Энгийн сургууль, тусгай сургуульд сурах хэр ялгаатай вэ?

-Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тусгай сургууль гэж байдаг. Манай аав намайг энгийн хүүхдүүдийн сургуульд оруулсан. Үүний үр дүнд л өнөөдөр би ингээд гайгүй явж байна. Түүнээс биш тусгай сургуульд суралцсан бол ингэж өөрийгөө хөгжүүлж, амжилттай байхгүй байсан.

Яагаад гэвэл сургууль, цэцэрлэг бол нийгэмших хамгийн том алхам. Хамт сурснаар энгийн хүүхдүүд ч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч аль аль нь илүү нийгэмшиж, нэгнээ ойлгодог, ийм хүмүүс байдаг гэж хүлээн зөвшөөрдөг болно.

Tumen.mn

Э.Амарбат Нийслэлийн прокуророор томилогдох уу
Э.Амарбат Нийслэлийн прокуророор томилогдох уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.