Эрүүдэн шүүлтийн "автор" нь Ц.Нямдорж сайд өөрөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 57 секунд
Эрүүдэн шүүлтийн “автор“ нь Ц.Нямдорж сайд өөрөө

Эрүүдэн шүүлтийн “автор“ нь Ц.Нямдорж сайд өөрөө

Т.Чимгээг ямар нотлох баримтаар гэмт хэрэгт буруутгасан бэ гэдгийг С.Зоригийн хэргийг нууцаас гаргасны дараа нийтээрээ үзэх боломжтой болно. Угаасаа гүйцэтгэх ажиллагааныхаа нууцыг ч задалчихлаа, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулдаа ч бүгдийг нь илчлээд, нийгэмд гишгэх газаргүй болгочихлоо. Одоо энэ хэрэгт нууцлаад байх юм ч үлдсэнгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр С.Зоригийн хэргийн нууц материалуудыг ил болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж буй Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 хүний 13 өмгөөлөгч уг асуудлаар Ерөнхийлөгчид хандсан юм байна.

Мөн үүний өмнөх өдөр /ням гаригт/ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн зүсээ буруулаад талбай дээр өлсгөлөн зарласан Т.Чимгээгийн ахыг эргэж яваа зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Нуугдах гэж нуугдаагүй байх л даа. Зүгээр өнгөрсөн 20 жилийн хатуу чанд дүр төрхөө тайлж хаяад жирийн нэг тэтгэврийн, ядарсан өвгөний дүрд хувирсан түүнийг баргийн хүн тааварлахааргүй байсных.

Үйл явдлыг дахиад хэд хоногоор ухраавал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хорих ангид ял эдэлж байсан Т.Чимгээг Төрийн ордонд авчирч, гүйцэтгэх ажлын бичлэгийг үзүүлэн сэтгүүлчдийн өмнө баахан уйлуулсан байдаг юм. Тэгээд эрүүдэн шүүсэн баримтаар С.Зоригийн хэргийг дахиан шалгана гэж мэдэгдсэн. Тэр дагуу нь Т.Чимгээгийн ах хотын төв талбайд өлсгөлөн зарлаад хэвтэж байгаа. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдтан түүнийг сэтгэл санаагаар дэмжихээр очсон нь хэрэг. Зорилго нь ямар хамаагүй аргаар шүүх хурлыг хийлгэж, Б.Хурц нарт ял өгүүлэх. Тэрний дараа “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж нэрлээд С.Зоригийн хэргийг задлах, сэргээн шалгах нэрээр эзэн холбогдогчгүй болгох зорилготой гэдгээ ч ичиж нэрэлхэлгүй зарлаж яваа.  

Яг үнэндээ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн дотоод хэргийн хуучин, шинэ сайд нарын өмнөө барьж гүйгээд, хүний эрх яриад байгаа “эрүүдэн шүүлт” гэдэг зүйлийг авч үлдсэн хүн нь Б.Хурц ч биш, Ц.Нямдорж өөрөө. Тэр нь “гүйцэтгэх ажил” нэрийн дор нууц далд явагддаг. 2017 он хүртэл тийм байсан, одоо ч тийм байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Гүйцэтгэх ажил нэрээр иргэнээ тагнаж чагнадаг, хуульгүйгээр мөрдөж мөшгөдөг, хувийн мэдээллийг нь цуглуулдаг, тэрийг нь өөрийнх нь эсрэг ашигладаг, айлгаж дарамталдаг зүйлээ больё оо” гээд хууль бичээд оруулаад ирэхэд хамгийн их сандарч бухимдаж, хамгийн их эсэргүүцэж тэмцсэн хүн Ц.Нямдорж сайд өөрөө. Бас нөгөө Ж.Батзандан... “Хуулийн байгууллагын араа шүдийг мухарлах гэлээ” гэж эсэргүүцсээр байгаад хуулийн өөрчлөлтийг зогсоосон хүмүүс. 

Тийм болохоор нууц мөрдөн шалгах ажиллагаа буюу “гүйцэтгэх ажил” нэрийн дор хүний эрх зөрчих явдал одоо ч гэсэн байсаар байгаа. Ганц Т.Чимгээгийн ч асуудал биш. Яагаад гэвэл гүйцэтгэх ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийг зөвхөн тухайн хүнийг сэжигтнээр тогтоож, яллагдагчаар татсаны дараа авдаг. Түүнээс өмнөх ажиллагаанууд буюу хэрэг бүртгэлийн явцад прокурорын зөвшөөрөл шаарддаггүй гэсэн үг.

Уг нь бол Х.Тэмүүжиний оруулж ирсэн хууль хэрвээ батлагдсан бол хэрэг бүртгэл нээхээс эхлээд эхлээд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны бүх шатанд “нууц мөрдөн шалгах ажиллагаа” гэж нэрлэдэг гүйцэтгэх ажлыг явуулахдаа прокуророос зөвшөөрөл авч, прокурорын хяналт дор явуулах ёстой байлаа. Харин манай хуулийн байгууллагын системд тэр нь хэтэрхий хохиролтой буюу “гар хөлийг нь мухарласнаас өөрцгүй" гэж үзсэн учраас Ц.Нямдорж сайд уг хуулийн өөрчлөлтийг цээжээрээ хаагаад үлдсэн.

“Тэрэлжийн ажиллагаа” гэж нэрлэгдээд байгаа, Л.Оюун-Эрдэнэ сайдын сэтгүүлчдэд үзүүлсэн, сүүлд нууцаас гаргаад олон нийтийн сүлжээнд тавьсан тэр бичлэг бол сэжигтний биеийн өгөгдөл буюу хурууны хээ, бие махбодийн содон тэмдэг энэ тэрийг баримтжуулж авч буй гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг. Бичлэг хийсэн үйлдэл нь тухайн хүнийг доромжилж буй ч хэрэг биш, гүйцэтгэх ажлын протокол үйлдэж буй л хэрэг. Манай тагнуулынхан угаасаа л ингэж ажилладаг. Тухайн үеийнхээ хууль, тогтоомжийн хүрээнд л ажилласан. Найм, есөн жилийн дараа нөгөөх нь "эрүүдэн шүүлт" болж хувираад, өөрсдөө ял тулгуулна гэж хэн мэдэх вэ дээ.

Харин тэр бичлэгийг олон нийтэд цацсан нь өөрөө жинхэнээсээ уг хүний эрхийг зөрчсөн буюу нэр төрд нь халдсан хэрэг болсныг Л.Оюун-Эрдэнэ сайдаас хариу нэхэх учиртай. Л.Оюун-Эрдэнэ сайд тухайн үед “Гүйцэтгэх ажлын бичлэгийг устгасан байсныг бид дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн. Гэтэл тэр нь ч худлаа байсан. Учир нь уг бичлэг хэргийн материалд авагдсан, шүүх хурал дээр “гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчөөгүй байна” гэдэг нотлох баримт болсон тухай Б.Хурц сүүлд өгсөн ярилцлагадаа ч хэлсэн байна лээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдад ч гэсэн эрүүдэн шүүсэн хэрэг дээр өөрийн гэсэн сонирхол байна уу, эсвэл зүгээр нүдээ аниад Ц.Нямдоржийг дагаад явна уу? гэдгийг бас асуух, шалгах ёстой байх.

Харин эрүүдэн шүүсэн нөхөд ялаа авчихвал Т.Чимгээг суллачихна, С.Зоригийн хэргийг дахин шалгана гэдэг бол худлаа гэдгийг маш олон жил, олон ч удаа хэлж, ярьж байна даа. Дээр өгүүлсэн ганц баримт дээр хэлэхэд Т.Чимгээг С.Зоригийн хэрэгт яллахад түүнээс авсан хурууны хээг нотлох баримт болгоогүй. Учир нь хэргийн газраас олдсон хурууны хээтэй Т.Чимгээгийн хурууны хээ таараагүй. Тийм учраас хурууны хээг авсан үйлдлийг “хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан” гэж үзэх боломжгүй болчихож байгаа юм. Шүүх ч тэгж үзээгүй.

Тийм болохоор Т.Чимгээг ямар нотлох баримтаар гэмт хэрэгт буруутгасан бэ гэдгийг С.Зоригийн хэргийг нууцаас гаргасны дараа нийтээрээ үзэх боломжтой болно. Угаасаа гүйцэтгэх ажиллагааныхаа нууцыг ч задалчихлаа, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулдаа ч бүгдийг нь илчлээд, нийгэмд гишгэх газаргүй болгочихлоо.

Б.Хурц хэлсэн дээ. Ц.Нямдорж гэдэг хүн хуулийн байгууллагын нэрээр хорин жил төрийн өндөр албанд заларчихаад эцэст нь мөрдэстэй эрчүүдийг нулимаад явсан хүн гэж. Одоо энэ хэрэгт нууцлаад байх зүйл нэг ч үлдсэнгүй. Тийм болохоор хавтаст хэргийг бүхэлд нь ил болгоод буруу, зөвөө шүүлцэх цаг нэгэнт болсон байна. 

inews.mn

Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар Гутайн даваа орчмыг хамгаалах амлалтаа биелүүлсэнгүй
Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар Гутайн даваа орчмыг хамгаалах амлалтаа биелүүлсэнгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.