Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар Гутайн даваа орчмыг хамгаалах амлалтаа биелүүлсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 57 секунд
Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар Гутайн даваа орчмыг хамгаалах амлалтаа биелүүлсэнгүй

Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар Гутайн даваа орчмыг хамгаалах амлалтаа биелүүлсэнгүй

Сүүлийн саруудад цахим ертөнцөд  “ташуур барьсан буриадууд” нэртэй шинэ групп нээгдэж, тэнд  Хэнтий нуруунаас эх аван  урсаж, ОХУ-ын нутаг дахь Амар мөрөнд цутгадаг  Онон голыг  хариуцлагагүй  уурайн эзэд, хол ойрын шуналтуудын балагаар бохирдуулалгүй,  унаган төрхөөр нь авч үлдэх гэсэн  нутгийн буриад голцуу иргэдийн эсэргүүцлийн дуу хоолой хүч түрэх болов.  Байгалийн өвөрмөц эрдэст рашаан ус бүхий Онон голын ай сав нь Монголын түүх соёлыг өнө эртнээс  тээж яваа буянтай газар орон гэдгийг монголчууд  уг нь бүгдээрээ л мэдэх байх. Ялангуяа Хэнтий, Дорнод аймгийн зон олон Их Эзэн Чингисийнхээ хүй цөглөсөн өлгий нутаг, Онон голоо юу юунаас илүү хайрлах хамгаалах нь зүйн хэрэг. Харамсалтай нь  Монгол, Оросын ойролцоогоор дал гаруй сая хүнийг ундаалдаг Онон голын эх ундарга орчим буюу тус аймгийн Батширээт, Биндэр сумын нутгийн зааг дахь Гутайн давааны алтны төлөө улайрсан “Ю Энд Би”, “Айвуун тэс”, “Гутайн даваа” буюу “Пегматит манинг”  компаниуд  Ононгийн рашаан усыг юу ч үгүй болгохоор олон жил улайрч байна. 

Тэдгээр компаниудын хууль бус үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсээр ирсэн боловч  харамсалтай нь тэдний элдэв заль мэхэнд  хууртагдсан Гутайн даваа орчимд суурьшсан Батширээт сумын Онон багийн иргэдийн олонх нь алт олборлохыг  анх зөвшөөрсөн гэх  яриа бий. Гэхдээ энэ нь бас  ихээхэн эргэлзээтэй юм. Учир нь  тус сумын зарим  дарга нар нь  алтны компаниудын ятгалганд автан Онон багийн иргэдийн хурлыг албан ёсоор хийлгүйгээр “Зөвшөөрсөн” гэдэг агуулга бүхий албан бичиг гаргаж, улмаар сумын Иргэдийн хурлаасаа Гутайд алт олборлуулан төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой талаар аймгийхаа удирдлага болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хүртэл илгээж байсан байна. Тэр бүү хэл дээрх компаниуд  нэг тэрбум төгрөг өгнө гэсэн гэх цуурхал тарааж иргэдийнхээ тархийг зад угаасан байв.  

Уг нь Гутайн даваа орчмын газар нутаг нь Чингисийн үеийн түүхэн эх сурвалжаас гадна, нэн ховордсон ан амьтан, эмийн өвс ургамал зэргээрээ алдартай. Иймээс  аймгийн удирдлагууд нь баййгалийн нөөц газрын ангиллаар  тусгай хамгаалалт авах шийдвэр гаргажээ. Гэтэл  сайн юманд садаа мундахгүй гэгчээр  “Гутайн даваа” буюу “Пегматит манинг” компани /шүүхэд нэхэмжлэл өгсний дараа нэрээ “Пегматит манинг”  гэж өөрчилсөн/  эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд  зарга үүсгэсэн байлаа. Гэлээ ч гэсэн  Захиргааны хэргийн давж заалдах шатанд Хэнтий аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан нь ялсан юм билээ. 

Өнгөрсөн оны зун, намраас харин “Онон голоо хамгаалъя”, “Ташуур барьсан буриад” гэх мэт санаачлагын байгууллагуууд  үүсэн байгуулагдаж, нутгийн иргэдийн эсэргүүцэл улам ширүүссэн байна. Яагаад гэхээр “Пегматит манинг” зэрэг тэдгээр компаниуд нь Батширээт сумын нутаг буюу Онон голоос  дөрөв тавхан киломертийн зайд маш их сүйтгэл хийж, алт угаасан бохир ус нь Гутайн гол зэрэг жижиг гол горхиор дамжин тархаж эхэлсэн байв.  Тэнд жинхэнэ аюул нүүрлэх нь энэ.

Хэнтий аймгийн БОЯЖГ-ын дарга Д.Дархантөр өнгөрсөн зун нэгэн хэвлэлд өгсөн  ярилцлагдаа  “...тэдгээр гурван компанийн лицензийг цуцлуулах талаар бид холбогдох байгууллагад хандсан.  Эцсийн шийдвэр гараагүй учраас  дээрх компаниуд нь дутуу бичиг баримтаа бүрдүүлээд, үйл ажиллагаагаа үргэлжүүлэх  гээд явж байна. Онон голын сав газарт “Пегматит манинг”  компани  цианит ашигладаг...” гэжээ.  Урьд нь  бас Ю Энд Би компанид эрүүгийн хэрэг үүсгүүлэн  шалгуулж  байсан боловч нэг л өдөр гомдол гаргасан  иргэний байгууллагууга руу нь Хэнтий аймгийн Прокрорын газраас  “Эрүү хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэсэн хариу бичиг шидээд хэргийг хаасан байлаа.  Иймээс нутгийн иргэдийн хүсэлтээр  өнгөрсөн зун УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Юун-Эрдэнэ нар  газар дээр нь очиж үзээд “Гутай орчмын газрыг тусгай хамгаалалтанд авах асуудлыг удахгүй шийднэ” гэсэн юм.  Гэтэл тэдний энэ сайхан амлалт одоо болтол биелсэнгүй. Хамгийн сүүлд 2018 оны 8 дугааар сарын  10-нд Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд   “...Гутайн давааанд алтны ашиглалтын болон баяжуулах үйлдвэр ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох...” зэрэг маш тодорхой санал, хүсэлт илгээсэн ч өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.  Л.Оюун-Эрдэнэд Онон гол бохирдох нь түүний жагсаал цуглаан хийх зэргээр хөөцөлдөх  улс төрийн шоуны дэргэд бараг юу ч биш санагдсан хэрэг юм болов уу.

Саяхан нутгийн иргэний байгууллагуудаас нийслэл хотод  ажиллаж амьдардаг  Хэнтийгээс гаралтай эрдэмтэн мэргэд, уул уурхайн инженер, багш зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг цуглуулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр зарим нь “хотын төв талбайд нутгийнхаа хэдэн мянган иргэдийн оролцоотой жагсаал цуглаан зохион байгуулсан ч яадаг юм” гэж байв. Түүнчлэн “У.Хүрэлсүхийн Засгийн газраас Салхитын ордын лицензийг хураах тусгай ажиллагаа явуулсан шиг Гутайн даваа орчмын дээрх компаниудад тусгай ажиллагаа явуулахад ер нь болохгүй зүйл үгүй баймаар...” гэх мэт  харуусал, горьдлогын  үг унагах хүн ч цөөнгүй тааралдаж байлаа. Юутай ч “Ташуур барьсан буриадууд” тун ууртай байна. Энэ талаарх дараа дараагийн үйл явдлуудыг тусгайлан мэдээлэх болно.  

О.Баяр

Төрийн албаны тухай шинэчилсэн хууль улам муудсан уу ?
Төрийн албаны тухай шинэчилсэн хууль улам муудсан уу ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.