Ерөнхий сайд аа, Л.Халтар чинь шившгээ тарьж байна даа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 24 секунд
Ерөнхий сайд аа, Л.Халтар чинь шившгээ тарьж байна даа

Ерөнхий сайд аа, Л.Халтар чинь шившгээ тарьж байна даа

Ингэж хэлэхийн учир нь томилогдсон цагаасаа хэл ам таталсан Л.Халтар сайдыг Засгийн газрын тэргүүн өнөөг болтол хаацайлсаар байгаад буй юм.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Л.Халтар сайдтай холбоотой маш олон ноцтой үйлдлийг салбарынх нь хүмүүс олонтаа ил болгосон ч Л.Оюун-Эрдэнэ сайд түүнтэй ганц удаа ч болов хариуцлагын асуудал яриагүй. Харин ч толгойг нь илж өмнөөс нь Замын-Үүдийн ачаа тээврийг зохицуулахаар өөрөө явж байв.

Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр тус салбарын олон мянган жолооч өчигдрөөс эхэлж энд, тэндгүй хэвлэлийн хурал хийж, Зам тээврийн хөгжлийн яамны гадна жагсаж, шаардлага хүргүүлсэн. Гэсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас л тоосонгүй. Болж буй эдгээр үйл явдлыг Л.Халтар сайд тайлбарлахдаа "Миний ажлыг авах гэсэн хэсэг бүлэг хүн над руу захиалгатайгаар дайрч, гүтгэж элдэв янзын мэдээлэл явуулж байна" гэдэг.

Тэгвэл түүнийг худал хэлж буйг өчигдөр жолооч нар тал, талд хийсэн хэвлэлийн хурлаараа олон нийтэд ил болгож Л.Халтар сайдын NO-той бүхнийг илчилсэн.

Тэрбээр монгол жолооч нарын амьдралыг самрах гэж буй юм шиг Тавантолгойн орд газраас Ханги-Мандал чиглэлийн шороон зам, Хулд, Мааньт чиглэлийн хатуу хучилттай замын нүүрс тээвэрлэлтийг өчигдөр өглөөний 09:00 цагаас эхэлж зогсоосон нь анхаарал татаж байна. Адилхан шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа Ханги, Хулд чиглэлийн Хятад компаниудын нүүрсний тээвэрлэлтийг зогсоогоогүй хэрнээ Чойр чиглэлийн шороон замыг яагаад ад үзэх болов.

Энэ үйл явц нь монгол жолооч нараа ад үзсэн Л.Халтар сайд Хятад компаниудаас авлига авчихсан уу гэх хардлага төрж буйг нуух юун. Адилхан шороон замаар тээвэрлэлт хийж буй Хятад, Монгол жолооч нарыг ийнхүү алагчилж ялгавартай хандаж байгаа учраас хардах эрхээ эдлэхээс аргагүйд хүрч байна.

Түүгээр ч зогсохгүй тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй "Л.Халтар экспортын тээврээ ХЯТАДУУДАД ЗАРЧИХСАН. Эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй бол үхэцгээе" хэмээн бухимдаж байгааг олон нийт харлаа, үзлээ, сонслоо. Одоо юу юугүй босох нь.

Тиймээс Ерөнхий сайд "Зам тээврийн салбарыг утгаар нь самарч буй Л.Халтарыгаа хэдий болтол хайрлаж, энэ олон хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх вэ". "Засгийн газрын төдийгүй зам тээврийн салбарын шүдний өвчин болсон Л.Халтарыг хэдий болтол хайрлаж, түүнийг хаацайлсаар байх вэ" гэж асуумаар байна.

Яг үнэндээ зам тээврийн өмнөх сайд нарын үед ийм асуудал гарах нь бүү хэл өвөрмонголчуудаар улсынхаа импорт, ачаа тээврийн үнийг тодорхойлуулж байсан түүх байгаагүй гэдгийг танд хэлчихье.

“Чанарын Сар”-ын Шилдгүүд тодорлоо
“Чанарын Сар”-ын Шилдгүүд тодорлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.