Р.ЭМҮЖИН : Сайд нар дээрээ тоглож, СААД болоод үлдэнэ гэнэ ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 7 секунд
Р.ЭМҮЖИН : Сайд нар дээрээ тоглож, СААД болоод үлдэнэ гэнэ ээ

Р.ЭМҮЖИН : Сайд нар дээрээ тоглож, СААД болоод үлдэнэ гэнэ ээ

Нийтлэлч, Яруу найрагч Р.Эмүжин өөрийн нүүр хуудаснаа өнөөдрийн Засгийн газрын шийдвэрийг шүүмжлэн нийтэлжээ.

За яг л шоу шүү дээ. Байгал орчны сайд гуайг утаанаас болж огцруулна гэдэгт итгэсээр л байна уу? Яндан зуух байгаа цагт яндашгүй их утаа чинь уугисаар байх болно. Нэг байтугай нэг мянган сайд солиод ч нэмэргүй. Тэгээд ч тэр утааг чинь Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар хариуцах учиртай.

Юу гээч, ямар ч Ерөнхий сайд багаа авч үлдэх гэж хичээдэг, сайд нарыг нь нэг нэгээр сугалахаас болгоомжилдог. Гэтэл яасан байх нь уу? Манай энхрий хайрт, ирээдүйн Назарбаев Оюун-Эрдэнэ сайд нар дээрээ бүжиг эргэж, сайн арга хэмжээ авдаг дүрд тоглоод, өөрөө төрийн саад, түмний саалт болж үлдэнэ гэнэ ээ.

Тэр дрон нисгэдэг эмэгтэй чинь дархан цаазат Богд уулыг тойрсон, хууль зөрчсөн 230 газрын зөвшөөрлийг цуцалсан. Энэ нь газрын наймаачдын галзуурлыг хөдөлгөсөн. Одоо энэ суудалд Дундговийн Наранхүүгийн эгч, М.Энхболдын фракцын газрын наймаачдын нэг гэх Саранчимэг очих тухай яригдаж байна. Ордны брэнд Оюунчимэгийн нэр сонсогдож байна.

Бас нэг овоо поп залуу ч дуулдлаа. Ёстой чононд хонь хадгалуулна гэдэг нь тэр болох биз. Болоогүй ээ, багийнхнаасаа урвадаг энэ шоу үүгээр дуусахгүй. Манай нялх сайд хэдэн муу сайд нараараа туг тахиад, адаг сүүлд нь намаа бараад Женкотойгоо Андлалын хөшөө, Майдар энэ тэрээ тэврээд үлдэнэ дээ. Засгийн газрын 17 сайдаа сар бүр ээлжлэн огцруулаад арьсаа хамгаалаад ард нь нуугдаад байхад мань эр жил гаруй суудал дээрээ сулхан жороолно шүү дээ. Хэдэн муу яамаа хонгилын эздэд өргөл болгон өглөө гээд өөрөө Женког давж шинэ хонгилтой болж чадахгүй гэдгээ л ойлгочихмоор байгаа юм.

Монголын төр Хүрэлсүх, Баттулга, Энхболд, Энхбаяр дөрвийн дунд жороолдог ийм нэг шарваачтай болсны гайг газарт ойрхноороо ард түмэн л үүрнэ дээ. За одоо үргэлжлүүлээд бусад сайд нараараа туг тахь, суудлаа бэхжүүл. Тэр болгонд нь бид алгаа хорстол таших ёстой бол ташаад өгье. Арга хэмжээ авч чаддаг аймаар мундаг Ерөнхий сайд гээд хашгиръя. Хамаа алга, нүцгэн гараад ирэхэд нь нүүрээ нууж байгаад магтъя, ха ха. Хавар газар тариалангийн бужигнааны үеэр ХХААЯ-аараа тогло, Дарханы дордохын долоо болсон замаараа шалтаглаад ЗТЯ-аараа наад, элсэлтийн шалгалтын үеэр Боловсролын сайдаа бас онхолдуул, Цагаан сарын дараах өвчлөлийг далимдуулаад ЭМ-ийн сайдаа ч жийгээд хая за...МАН-ын хувьд, манай мангар бацааны хувьд энэ хэдэн яам суудлыг нь бэхжүүлэх өргөлийн хадаг, эгэл энэ улс сугалааны тохироотой өврийн тоглоом уу? Тийм бол тэгээд МАН-аа тэврээд, АН-аа оршуулаад, толгойгоороо тонгорч унатал нь, тонтгороороо шагайж хартал нь тоглуулаад байж дээ.

Ганц нэг сайдаараа гараа угааж байхын оронд чадваргүй Ерөнхий сайд чадлаа мэдээд өөрөө явах нь өлзийтэй л дээ. Чадал чацга хоёрыг нь хангалттай танилаа, өгсөх биш уруудаад, урагшлах биш ухраад байгаа юмыг яахын?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.