Ж.Чинбүрэнгийн хуулийн ард 'ГАМШИГ' нуугдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 16 секунд
Ж.Чинбүрэнгийн хуулийн ард ’ГАМШИГ’ нуугдаж байна

Ж.Чинбүрэнгийн хуулийн ард ’ГАМШИГ’ нуугдаж байна

“Би бүх монголоо эмчилнэ” хэмээн алга ташуулан, олны дэмжлэг хүлээн гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль” хэмээх том нэртэй, бие чилээрхүү хуулийн төсөл санаачилсан дуулдана. Бие чилээрхүү гэхийн учир нь хэрвээ энэ хууль батлагдах аваас эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд эрх баригч МАН-ыг үзэн ядаад зогсохгүй, жигшин зэвүүцэх болно хэмээн салбарынхан шивэр авир хийж байна. “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ардын үг байдаг. Эрхэм гишүүн дээрх хуулиасаа болж муу нэр, луу данстай болох эрсдэл өндөр харагдана.

Учир юу вэ гэвэл “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажилгаатай холбогдсон харилцааг тусгайлан хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан Монгол Улсын иргэнийн баталгаат эрх буюу “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг төрийн байгууллага биш “Төрийн бус байгууллага” гүйцэтгэж ажиллахаар тусгасан байгаа нь “но-той, ноцтой” үйлдэл юм. Иргэн таны амьд явах баталгаа “Төрийн бус байгууллага”-д шилжиж байна гэсэн үг. Төрийн байгууллагын үүргийг “Төрийн бус байгууллагад” шилжүүлэн авах далд санаачлагын ард хувийн эрх ашиг нуугдаж байдаг нь нууц биш. Өөрийн хүнээр “Төрийн бус байгууллага”-ын удирдлагыг тавих, тэндээсээ ашиг орлого олох, өөрийн нөлөөг тогтоох зэргээр дарга нар давуу эрх эдэлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм танил технологи үнэртээд эхэлсэн байна.

Мөн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүй, сахилга, хариуцлага алдвал төрийн бус байгууллагын шийдвэрээс шалтгаалахаар байгаа учир төрөөс чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариуцлага тооцох замаар чанар, стандартыг сайжруулах боломж хязгаарлагдаж байна. Дээрээс нь “Төрийн бус байгууллага”-ын тухай хуулиар эмнэлгийн мэргэжилтний төрийн бус байгууллага байгуулах нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага эсхүл гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэдэг нь ойлгомжгүй байхаас гадна төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх ямар шаардлага байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тиймээс энэхүү хуулийг салбарын мэргэжилтнүүд дэмжихгүй байгаа бөгөөд УИХ-ын эрхэм гишүүд сайтар шүүн тунгаан үзнэ биз ээ.

Дараагийн нэг асуудал нь эмнэлэгийн мэргэжилтнүүдийг татвараар дарамтах заалт оржээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь заавал гишүүнчлэлтэй, сар бүр эмнэлгийн мэргэжилтнүүдэд гишүүний татвар суутгах талаар тусгагдсан байна. Заавал гишүүнчлэлтэй байгууллагын татвар учраас хууль батлагдвал бүх эмнэлгийн мэргэжилтэн сар бүр татвар төлөх буюу хүсээгүй татвар нэмэгдэх, татварын дарамт үүснэ. Ийм учраас заавал гишүүнчлэлээр элсэх ёстой, гишүүн бүр татвар төлөх ёстой, төлөөгүй тохиолдолд эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаажсан эрхийн дагуу ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх болон бусад эрхүүд зөрчигдөх эрсдэл үүсч байна.

Монгол Улсад одоогоор Эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Донорын тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэсэн багц хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Ж.Чинбүрэн гишүүний санаачилсан хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид аль хэдийнээ тусгалаа олсон, дахин зохицуулах шаардлагагүй зохицуулалтууд байгаа тул хоёр ажил хийж цаг үрэхийн хэрэг юун.

Маш их зөрчил дутагдалтай, гомдол дагуулж, гамшиг нуугдсан эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаран сандран батлах шаардлага огт байхгүй бөгөөд салбарт шаардлагатай эрх зүйн өөрчлөлтийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

Хүний их эмч Т.Буяннэмэх

Цахилгаан, дулааны үнийг нэмсэн С.Отгонбаярт иргэд дургүйцэж байна
Цахилгаан, дулааны үнийг нэмсэн С.Отгонбаярт иргэд дургүйцэж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.