УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн бүрд төртэй харилцах и-мэйл хаяг нээх тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэдийн хувийн мэдээллийг агуулсан 12 оронтой дугаар дээр суурилан иргэн бүрд төртэй харилцдаг и-мэйл хаяг нээж, иргэний үнэмлэхнийх нь санах ойд суулгах, цаашлаад гар утсан дээр суулгах боломжийн нээх гэж байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр төр тухайн иргэнтэй холбоотой зарлах мэдээлэх үүргээ хүлээж байна гэсэн үг.
Тухайлбал, таны иргэний үнэмлэхний, гадаад паспортын хугацаа тэдэнд дуусаж байна. Та тэдэн сарын тэдний өдөр сонгууль өгөх ёстой гэх мэт мэдээллүүд тухайн иргэнд өдөр бүр очдог байх программ хангамжийн асуудлыг манай Улсын бүртгэлийн газар үндсэндээ шийдсэн. Энэхүү кампанчилсан ажил ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлнэ" гэлээ.