Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж, МАН-аас тус аймгийн 16-р тойрогт нэр дэвшсэн С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа нарыг багаар нь дэмжихийг уриалж, иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтын эхэнд иргэдийн зүгээс Ерөнхий сайдад хандан, дэлхий даяар цар тахлын халдвар гарсан үед төр шиг төртэй байж ард иргэдээ хамгаалж байгаад талархал илэрхийлэв. Тэр дундаа гадаадад байгаа иргэдээ боломжоороо татан авч байгаад олон ястан үндэстний өлгий нутаг болсон Ховд аймгийнхан баярлаж, талархаж буй ажээ. Ерөнхий сайд харин ДЭМБ-ын захирлын хэлсэн үгнээс иш татаж, үндэсний төвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухлыг уламжлав. Монголчууд бид дотооддоо энэ аюулт өвчнийг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь нас эрсдээгүй байгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа ч хэлэв. Төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, ховдчууддаа Засгийн газар, Улсын онцгой коммисын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжиж байв.
Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Ховдод биелүүлж чаджээ.
Тухайлбал, Мөст сумын төв хүртэлх 20,3 км хатуу хучилттай авто зам, Цэцэг сумын төвийг Хөшөөт-Ярант чиглэлийн авто замтай холбох 4,9 км хатуу хучилттай авто замын ажил дуусах шатандаа оржээ. Мөн энэ онд Жаргалант сумын Наран багт 1,7 км хатуу хучилттай зам тавьж, уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээг хийж байгаа аж. Монгол, Белгийн Вант улсын Засгийн газрын хоорондын 6.4 сая евро буюу 18 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж 128 зүслэг бүхий томограф, Apelem брэндийн рентген аппарат, МRI, хүчилтөрөгчийн үйлдвэр зэрэг 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд суурилуулсан байна.
“Шинэ Ховд” төслийн хүрээнд 2030 он хүртэл нийт 69 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт 4-5 том төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ховд аймаг мах боловсруулах үйлдвэртэй болсон бөгөөд өдөрт 2-3 тонн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг 2019 онд нээжээ. Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн усан цахилгаан станц, цемэнтийн үйлдвэр зэргийг барьж, иргэдийг ажлын байртай болгосонд иргэд талархаж байна.
МАН 2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө Ховд аймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна.
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
- Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 900
- Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600
- Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-500
- Түрээсийн орон сууц- 200
2. Ховд аймгийг шинэ шатанд гарган хөгжүүлэх “Шинэ Ховд- хөтөлбөр хэрэгжүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн төв болгон хөгжүүлж, их сургуулийн дэргэд олон улсын чанар, стандартад нийцсэн байгуулна.
3. Баруун бүсийн барилгын материалын нэгдсэн лаборатори болон Ховд-Эко цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулна.
4. Дулааны станцыг өргөтгөж, цэвэр, бохир усны усны төв магистрал шугамуудыг шинэчилж, аймгийн төвийн гэр хорооллын 5200 айл өрхийн 50 хувийг дэд бүтцэд холбох “Хашаандаа сайхан амьдарцгаая”, сумдыг инженерийн нэгдсэн дэд бүтцэд холбох “Сумын хөгжил” хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
5. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна.
6. “Ховд агро парк” цогц төслийг хэрэгжүүлж, Эрдэнэбүрэн, Булган, Мянгад, Буянт сумдад 2000- 5000 га газарт услалтын систем байгуулна.
7. Жилд баруун бүсийн нэг сая толгой малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох “Ховд үйлдвэр, технологийн парк” байгуулж, 500 ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө.
8. “Ховд” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгож, Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий чиглэлийн авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний Ховд цогцолбор байгуулна.
9. Нийслэлээс 1000 км-ээс дээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бүсийн нэмэгдэл олгоно.
10. “Нефть боловсруулах үйлдвэр” байгуулж, шатахууны үнийг төвийн бүстэй адил болгон хямдруулна.