МАН 100 жилийн ойгоосоо урьтаж бүх шатны сонгуульд ялалт байгуулсан. Харин ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэх бол. Ямар тактикаар оролцох вэ гэдэг нь өдгөө тус намынхны хувьд “шүдний өвчин” болоод байгаа.
Тэгвэл Зам тээвэр, хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл намынхандаа зориулж гэнэтийн бэлэг барьсан нь “Шилэн данс”-ны нэгжлэг.
Тэрбээр өнөөгийн Засгийн газрын сайд нарын булхай, агентлагийн дарга нар байгууллагын хөрөнгөө хэрхэн зарцуулж байгаа талаар олон нийтэд ил болгосон. Мэдээж энэ нь ч нийтэд ихээхэн таалагдаж, нөгөө хэсэг буюу албаныханд аюулын харанга мэт айдсыг нь төрүүлж буй бололтой. Үндсэндээ Төсвийн захирагч нар төсөв, төрийн хөрөнгөөр яаж аархаж, үр ашиггүй зарцуулж байгааг илчилж, хариуцлага тооцуулж эхэлсэн нь тэдний хувьд айдас байхаас аргагүй.
Бүгд төрийн мөнгө гэж үгүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий гэдгийг сайн мэднэ. Гэвч албан тушаалд очмогцоо үр хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс эхлээд орон сууцны дэмжлэг, иогийн төлбөр зэргээ төлүүлж, халаасандаа аж ахуйн нэр дээр өндөр үнийн дүнтэй кредит карт хийн тансаглаж, энгийн иргэдээс хэт “дээгүүр” зиндаархах болсон.
“Шилэн” Цогоо зарим хүн албан тушаалгүй хорссондоо “ах нартаа уураа гаргаж байна” хэмээн хардсан ч мань хүн өөрөө Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө барьж буй бэлэг гэдгээ илэрхийлсэн. Аль нь байсан ч эцэст нь ард олны өмч зөв зарцуулагдах ёстой. Үнэхээр ч Цогоо эсвэл сөрөг хүчин болон АН-ынхан нь ирэх он гармагц шилэн дансыг ухсан болон МАН-ынхан хичнээн “ширэн нүүр” гаргаад ч нэмэргүй. Нэр хүнд нь навс унах байлаа. Харин өнөөдөр “шилэн” Цогоо намынх нь нэрээр албан тушаал авсан нөхдийн жинхэнэ төрхийг илчилсэн нь бэлэг гэхээс аргагүй.
Уг нь шилэн данс ухах нь “шилэн” Цогоогийн хийх ажил бус бүхэл бүтэн Монгол Улсын Аудитын газрын үүрэг.
Тус байгууллагад 300 гаруй албан хаагч байдаг гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Байнгын хорооны хуралдааны үеэр хэлж, бүр “шилэн” Цогоо ганцаараа тэдний ажлыг хийж байгаа тухай харьцуулан дүгнэсэн.
Энэ нь аудитынхан хийж чадахгүйдээ бус хийх сэтгэлгүйдээ ийн хойш сууж, аливаа алдаа эндэгдлийг “өршөөн хэлтрүүлсээр” ирсний баталгаа гэлтэй.
“Шилэн” Цогоогийн шилэн дансны нэгжлэг дөнгөж эхэлж байна. Уг нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийж байсан бол өнөөдөр төсвийн захирагч нар айх зүйлгүй, амар тайван байж болох байсан. Тиймгүйдээ тэвдэн сандарч, “шилэн” Цогоог зүхэж, албан тушаал өгөөгүйд хорссон хэмээж буй. Хэнийх нь ч зөв байлаа гээд МАН-ынхан өнөөдрийн шилэн дансаар ил болсон цаашид ч илчлэгдэх албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож чадвал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шилдэг бэлэг гэдэг нь гарцаагүй мөн болж таарах биз ээ.
Эх сурвалж : ERENNEWS.MN