Сайд асан Д.Зоригтын 17 тэрбумын мөрөөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 46 секунд
Сайд асан Д.Зоригтын 17 тэрбумын мөрөөр

Сайд асан Д.Зоригтын 17 тэрбумын мөрөөр

Сайд асан Д.Зоригтын  17  тэрбумын мөрөөр  

-Сэжиг бүхий, шийдэгдээгүй хэргийн сэжүүр- 

Цуврал-1

Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахаар  өнгөрсөн жилүүдэд  100 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. “Утаагүй” зуух  хэмээн өндөр өртөгтэй зуухыг Туркээс оруулж ирээд гэр хорооллын айлуудад тарааж, Америкийн мянганы сорилтын сан болон төсвөөс ихэнх мөнгийг төлсөн юм. Хорт утаа харьцангуй бага ялгаруулах шахмал түлш  үйлдвэрлэн  нийлүүлж эхэлсэн боловч зарим аж хауйн нэгжүүд  мөнгийг нь аван “бултаж”  айлуудаа бүрэн хангаж чадахгүйд хүрэв. Ядахад яр гэгчээр эдгээр ажлыг зохицуулж байсан Цэвэр агаар сангийн захирал асан  Н.Хүрэлсүх гэдэг нөхөр  нягтлан бодогч нартайгаа хуйвалдан замаас нь их хэмжээний мөнгө  завшиж  шоронд орлоо. Тэдний энэ хэрэг дээр дахиад юм нэмэгдэх төлөвтэй.  Цагдаагийнхан  одоо мөрдөн шалгасаар л байна.  Чоно борооноор гэгчээр утааг бууруулах томоохон төсөл хөтөлбөрүүдээс  ахиухан  мөнгө саах  шунал тачаалдаа хөтлөгдсөн дарга нар ер мундахгүй аж. 

Дөрвөн жил гаруйн  өмнөөс хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэнэ гэж сүржигнэцгээв. ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн байгуулах  төсөл харамсалтай нь өнөөдөр тун эргэлзээтэй болжээ. Хоёр жил гаруйн өмнө уг нь хийх юмаа хийсэн л гэдэг.  Дулаан дамжуулах зуух, коксжих түлшний үйлдвэр, түлшээ хадгалах агуулах зэргийг  бариад дууссан. Нийтдээ төсвөөс  17 тэрбум төгрөг тийшээ урсав. Урсахдаа харин хэд нь дарга нарын халаас руу оров гэдгийг таах аргагүй. Хамгийн тодорхой  зүйл гэвэл тэнд үйлдвэрлэл огт явагдаагүй.  2012 оны намар ашиглалтанд өгнө гэж байхдаа дарга нар нь “Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 300 мянган тонн нүүрсэнд боловсруулалт хийгээд 135 мянган тонн кокс гарган, 210 мянган тонн шахмал түлш нийлүүлнэ” хэмээн сайрхаж байсныг яана.

Энэхүү коксжих түлшний үйлдвэрийг “Намир” инвест компанийн охин компани гэх “Аморе интернэшнл”-тэй ОХУ-ын “Сибтермо” компани хамтран барьж ашиглалтанд оруулах ёстой байлаа.  Оросын энэ компани ч яахав, голцуу зөвлөх, технолог нийлүүлэх, туслах чиглэлд  ажилласан гэх.  Тэдний хувьд мөнгө суйлж л байвал юу ч хамаагүй байсан биз. Харин энд зориуд онцлоход,  анх  тендер шалгаруулалтанд “торойж” гарч ирсэн гэх “Аморе интернэшл” урьд нь ийм томоохон бүтээн байгуулалтын ажил хийж  байгаагүй . Байгуулагдаад ч нэг их удаагүй компани гэнэт ялагч болж гарч ирсэн байдаг.  Энэ нь тус компанийн ерөнхий захирал Ж.Баатарсүрэнгийн овсгоо самбаатайнх  уу, эсвэл ийм нэгэн гар хөлийг ашиглан сайд асан Д.Зоригт  тухайн үед  тэндээс мөнгө тонших санаархлаар ийнхүү ялагч болгосон уу гэдэг нь  оньсого хэвээр байгаа юм. Гэхдээ тааж ядах ч юмгүй болж дээ, одоо. Д.Зоригт  Оросын луйварчидтай үгсэн тохирч энэ  төслийг будаа болгож хаяад зайлсан байна.

Цэвэр агаар сангийн захирал асан Н.Хүрэлсүх тэр жил гэмт хэргийн  сэжигтнээр татагдахаасаа өмнө “Коксжих түлшний үйлдвэрт төсвөөс нэмж 2,5 тэрбумыг өгсөн нь хэний лобби байв.   Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хийсэн ажил юм шүү. Тэнд ийм их мөнгө шингээж яах гэсэн юм. Үйлдвэрийн төсөв анхнаасаа хангалттай байсан” хэмээн асуудал хөндөж байжээ.  Хэдийгээр  хэрэгтэн болсон хүний үг ч гэсэн  түүний  энэ эмзэглэл хэзээ нэгэн өдөр үнэний эрэлд мордогсдод тус болох ч юм билүү, хэн мэдлээ. Хэрэгтэн, хэрэгтэнээ гэрчлэх тохиолдол хаана ч байж л байдаг. 

Коксжих түлшний үйлдвэр байгуулах  тендерт  уг нь арваад компани орсон. Гэтэл яахаараа ямар ч туршлагагүй “Аморе интернэшнл”  компани шалгарсан нэр зүүж төсвийн 17 тэрбум төгрөгийг ямар ч  үр ашиггүй, зүгээр л  салхинд хийсгэснээс ер ялгаагүй явдал болгов гэдгийг өнөөдөр  хэн  ч тооцсонгүй.  Тэдний бүтэлгүйтлийг технологийн талаас гэхээсээ хариуцлага тулгах үүднээс авч ярих цаг болжээ. Тус компанийн хамтрагчаар ажилласан Оросын “Сибтермо” нь Сибирь хавийн нэгэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дуурайлган хийхдээ алдаа гаргасан гэнэ. Мөн зарим тоног төхөөрөмжийг Хятадад хийлгэжээ. Ингээд урд, хойд хоёр хөршөөс авчирсан төхөөрөмжүүдээ эвлүүлэх гээд болж өгөөгүй тул Ж.Баатарсүрэн захирал хэлэх үггүй сууж байна. Түүний компанийг  тендерийн ялагч болгоход ихээхэн нөлөөлсөн сайд асан Д.Зоригт нь одоо Монголдоо байхгүй байгаа.

Сүүлийн үед Агаарын бохирдолыг буруулах үндэсний  хороог татан буулгах сураг дуулдаж байна.  Хэрвээ энэ хороо байхгүй болчихвол  Засгийн газар  чиг үүргийг нь үргэлжлүүлж таарна.  Агаарын бохирдол гамшиг дагуулсан хэвээр тул  зохион байгуулалтын  олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулдгарч байна. Хариуцлагагүй  ажилласан нөхдөд хуулийн хариуцлага оногдуулах нь ч зүйн хэрэг.   Тус хороог толгойлж  ажилласан П.Цагаан тэргүүтэй албан тушаалтнууд  ““Аморе интернэшнл”-ийг тендерт шалгаруулсан хүмүүсийг хууль хяналтынхан шалгах л ёстой” гэж том дуугарч байсан нь саяхан.  Гэвч тэдний хэнийг нь ч шалгалгүй өдий хүрсэн нь бас сонин. Харин тэрхүү Үндэсний хороо гэгч нь алга болвол энэ бүхнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, түүний танхим хариуцаж, хэргийн эзэдтэй тооцоо бодохоос аргагүй биз ээ.

                                                                                                                                                  Үргэлжлэл бий

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Орчлон ертөнц дээр муу л юм байвал Алдармаа гэдгээ болих хэрэгтэй
Орчлон ертөнц дээр муу л юм байвал Алдармаа гэдгээ болих хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.