5 сая ам.доллараар хөдөлгүүр авч хийсэн “Боинг 737”-оо өнөө шөнө Ховдоос авчрах уу, Ерөнхий сайд аа?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 34 секунд
5 сая ам.доллараар хөдөлгүүр авч хийсэн “Боинг 737”-оо өнөө шөнө Ховдоос авчрах уу, Ерөнхий сайд аа?

5 сая ам.доллараар хөдөлгүүр авч хийсэн “Боинг 737”-оо өнөө шөнө Ховдоос авчрах уу, Ерөнхий сайд аа?

1

Улстөр хийж болохгүй салбар гэж байх ёстой. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг агаарын тээврийн салбарыг улстөржүүлсний харгайгаар 60 гаруй хүний эрдэнэт амь сүйд болохоо шахсан хэрэг явдал энэ сарын 3-нд Ховдод болсныг албаны нөхдүүд эвтэйхнээр хөнгөхөн маягаар хэлж ярьж аргалаад өнөөдрийг хүрч байна. Ч.Сайханбилэг “Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээлээ” л гээд байсан. Яахав, шинэ хуудас нээнэ гэдэг, нээсэн хүн болж харагдаж, яригдана гэдэг сайхан хэрэг байж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа онцлогийг ойлгож, мэдрэх ёстой. Ховд аймаг хэдийгээр баруун бүсийн тулгуур төв ч гэлээ, өнөөдрийн бодит нөхцөл байдлаа харахад том Боинг онгоц нислэг үйлдэх хэмжээний стандартыг яв цав хангасан онгоцны буудалтай бил үү гэдэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод салбарын сайд М.Зоригт нар анхаарал хандуулсан эсэх нь эргэлзээтэй байна.

Уг нь орон нутаг руу “Боинг 737” онгоцоор нислэг үйлдэх боломжтой эсэхийг шалгаж нягтлуулахаар олон улсын шинжээчийг авчирж нягтлуулсан байдаг. Харин олон улсын шинжээчид нөхцөл байдлыг хянаж үзээд Улаанбаатараас Ховд руу “Боинг 737” онгоцоор  нислэг үйлдэх боломжгүй, стандарт шаардлага хангасан нөхцөл бүрдээгүй байна гэж үзжээ. Олон улсын шинжээчийн дүгнэлтийг ИНЕГ-ч гэсэн хүлээн зөвшөөрч, орон нутаг руу том онгоц нислэг үйлдэхийг зөвшөөрөөгүй аж. Гэвч Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа Монгол Улсын Засгийн газраас чиглэл өгсний дагуу МИАТ  “Боинг” онгоцоороо нислэг үйлдэж эхэлсэн юм. Харамсалтай нь, Ерөнхий сайдын чухал санаачлага 1 ч сар хүрэхгүй хугацааны дотор Монгол Улсыг 5 сая 438 мянган ам.долларын төлбөр мөнгөнд унагахын чинээ хэн санах билээ.  Ч.Сайханбилэгийн үгэнд итгээд, баярлаж байсан хүмүүс цөөнгүй л байгаа байх. Асуудалд бодитой ханддаг талууд бол “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдагчлан эхнээсээ том онгоц нисэх, буух орчин нөхцлийг бүрдүүлээгүй байж том зүйл яриад байгаад нь Ч.Сайханбилэгийг гайхаж л хүлээж авч байсан байх.

d811341467a71c5985987fa01e8847fe

Тэрээр “Боинг”  онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцох үеэрээ “Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэж байсан юм. Уг нь онгоцоо нисгэж эхлэхээсээ өмнө Ховдын нисэх буудлыг шаардлага хангасан түвшинд аваачих ёстой байсан нь хэний хийх ажил байсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Зайлшгүй хийх ёстой зүйлийг хийгээгүйн улмаас нислэг үйлдсэнээс хойш арваадхан хонож байхад Ховдоос Улаанбаатарыг зорих гээд нислэгийн зурвасаас 180 километр цагийн хурдтайгаар өндөр авч хөөрөх гэж  байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэг саатсан юм. Онгоцонд сууж явсан зорчигч хэлэхдээ “МИАТ ХК-ийн Боинг онгоц Ховдын нисэх буудлаас хөөрөхөөр хурдаа авах явцдаа дугуй нь салж, нислэгийн зурвасаас гарсан. Энэ үед онгоц эрчээрээ шороон зам руу орж, онгоцонд тоосжилт үүссэнээс юу ч харагдахгүй болсон. Зорчигчид хашгиралдан, маш их сандарцгаасан. Азаар ямар нэгэн юм мөргөөгүй, зогсч зорчигчдыг нэн даруй буулгаад байна. Хурдаа авах явцад нэг талынх нь дугуй мултарчихсан юм билээ.” гэж хэлсэн байдаг. Зорчигчийн хувьд ийм мэдрэмж төрүүлсэн хэрэг явдал угтаа бол том хэмжээний осол болж болох байсныг, харин ч туршлагатай нисгэгч онгоцыг жолоодож байсны үрээр нөхцөл байдлыг эвтэйхэн давж туулсныг хэлэх хүмүүс байгаа юм.

boing

За харин МИАТ компанийн зүгээс мэдээлэхдээ  “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбар хийгээд өнгөрсөн юм.

Тэгвэл Зам тээврийн сайд өчигдөр  “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэг хэзээ хэвийн үргэлжлэх вэ. МИАТ-ийн Бойнг-737 онгоц нислэгээ үргэлжүүлэх үү?” гэсэн асуултад хариулахдаа -“Аэро Монголиа”, “Хүннү эйр” компани Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байна. Баруун гурван аймаг руу том оврын онгоцоор үйлдэх ажил удахгүй хэвийн үргэлжилнэ. МИАТ-ийн “Бойнг-737” онгоц зурвасаас гарсантай холбоотойгоор нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцны хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээ хийх ажил дуусаагүй  байна.” гэсэн зүйлийг хэлжээ.

Тэгэхээр албаны нөхдүүдийн хэлээд байгаагаар бол энэ сарын 3-нд болсон МИАТ-ийн онгоцны саатал жирийн л зүйл юм шиг ойлголтыг хэн хүнд төрүүлэхээр байгаа юм. Гэтэл хэрэг дээрээ бол үгүй аж. Боинг 737 онгоцны хөдөлгүүр эвдэрсэн учраас гаднаас өндөр зардал мөнгө гарган шинжээчид авчран ажиллуулсан байна, өнгөрсөн хугацаанд. 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 22 хоногийн дотор Шинжээчийн зардал, Сэлбэгийн зардал, Инженер, Ажиллах хүчний зардал сэлтэд 438 мянган ам.долларыг Монгол Улсын Засгийн газар зарцуулжээ. Зардал мөнгө ингээд дууссан бол бас яамай гэхсэн. Гэтэл тэгсэнгүй ээ. Нэгэнтээ онгоцны хөдөлгүүр дахин ажиллах боломжгүй болсон тул 5 сая ам.доллараар хөдөлгүүр захиж авчруулсан байна.

Хэдхэн өдрийн дотор 5 сая 438 мянган ам.долларын засвараар сая нэг өндийж байгаа Боинг 737 онгоцыг өнөө шөнө Ховдоос Улаанбаатарт авчрах гэж байгаа юм байна. 5 сая ам.долларын хөдөлгүүрийг  өчигдөр шөнө угсарсан гэх мэдээлэл байна. Гэхдээ хөдөлгүүрийг нь угсарсан ч бас нэг асуудал байгаа нь онгоцны дугуйтай холбоотой гэж байна. Боинг 737 онгоцыг Улаанбаатар руу авчрахын тулд дугуйг нь эвхэхгүй нисч ирэхгүй бол эрсдэл өндөр байгаа гэнэ. Дугуйг нь эвхээд нисч ирлээ гэхэд Улаанбаатарт газардахад дугуй нь гацах эрсдэл бас байгаа юм байна. Гэтэл агаарт дугуйгаа эвхэхгүй ниснэ гэдэг бас эрсдэлтэй гэхчлэн олон асуудлууд байгааг эх сурвалжууд хэлээд байна. Ховдоос нэг цэнэглэсэн онгоц Улаанбаатарт бууж чадахгүй, дугуй нь дахин гацлаа гэхэд дахиад хаачих вэ, өөр газар буух боломжтой юу гэхчлэн олон асуудал байгааг эх сурвалж хэлж байна.

 dgrgr

Тэгэхээр энэ бол яах аргагүй томоос том асуудал болж байна. Монголын Засгийн газар  5 сая 438 мянган ам.долларыг Монголчуудаас нууж хааж байгаад нэг удаадаа шийдсэн байж болно. Харин хожим үүсч болзошгүй асуудлуудаас яаж л бултах гээд байгаа юм бол доо. Орон нутаг руу том онгоц нисгэх нөхцөл  бүрдээгүй байсаар байтал, заавал нислэг үйлдүүлнэ гээд, тэгээд бас болоогүй Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниудтай хамтраад орон нутагт нислэг хийх ёстой гээд байсан. “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниуд жижиг онгоцуудаа Ховдод байршуулж, Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан,  Говь-Алтай, Увсад хүрнэ гээд байсны цаана ер нь ямар эрх ашиг нуугдаж ирэв ээ. Засгийн газраас  “АэроМонголиа”, “Хүнү Эйр”-ийг харж үзсэнийхээ үр дүнд 5 сая 438 мянган ам.долларын төлбөрт унасан юм биш биз дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

Х.Батжаргал: Үндсэн хуулиараа хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг баталгаажуулсан нь ирээдүйн баталгаа болно гэдэгт итгэж байна
Х.Батжаргал: Үндсэн хуулиараа хөгжлийн бодлогын тогтвортой байдлыг баталгаажуулсан нь ирээдүйн баталгаа болно гэдэгт итгэж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.