Монгол киночдоор сонин сайхан юу байна?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
Монгол киночдоор сонин сайхан юу байна?

Монгол киночдоор сонин сайхан юу байна?

Цар тахал хүн төрөлхтнийг “хорионд оруулсан” ч зарим салбар, тэр дундаа кино урлаг зогсолтгүй урагшилсаар байна. Өнгөрсөн хугацаанд бүрэн нутагшуулж чадаагүй байсан техник технологийн шинэ үйлдлүүдтэй хүмүүс илүү өргөн хүрээнд танилцаж амьдрал, уран бүтээлдээ ашиглах боллоо. Ийм нэгэн эргүүлэг дунд манай улсын уран бүтээлчид орж, зарим нь урагш алхаж явна. Түүнчлэн хилийн чанадад ажиллаж байгаа уран бүтээлчид ч шинэ “аялал”-д гарчээ. Тэдгээрийн заримаас уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ.
 
Зургаан алхам
 
Монголын кино найруулагч Б.Чингүүний мэдээллээр сонин сайхнаа эхлүүлье. Тэрбээр “Зургаан алхам” нэртэй уран сайхны кинон дээр ажилласан бөгөөд үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон ч цар тахлын улмаас киноны нээлтээ хойшлуулаад байлаа. Америкт нээлтээ хийхээр төлөвлөөд байсан дээрх киноны уран бүтээлчид цаг үеийн байдлаас шалтгаалан хэсэг хугацаанд нам жим байсан юм. Харин тэд саяхнаас киноны нээлтээ хийхээр товлосноо мэдэгдлээ. Тодруулбал, найруулагч Б.Чингүүн “Зургаан алхам” киноны нээлтээ ирэх сард Америкт, тэр дундаа Виржиниа мужийн “Arlington Cinema Draft House”-д хийхээр болжээ. Арлын оронд суугаа америкчууд түүний найруулсан киног ирэх сарын 12,13,19, 20-нд үзэх боломжтой бөгөөд тасалбарыг www.arlingtondrafthouse.com руу орж захиалах аж. “Могул пикчерс” студи, АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Зургаан алхам” киноны гол дүрийг Б.Болдбаатар, Г.Сэлэнгэ нар бүтээсэн байна.
 
А.Баярцэцэг олон ангит кинонд тоглохоор болжээ
 
Жүжигчин, мисс А.Баярцэцэг ирэх онд гарах Амазоны олон ангит кинонд тоглохоор болжээ. Харин ямар дүр бүтээхээ тэрбээр нууцалж байгаа бололтой. Энэ талаар хэлэхдээ “Амазоны ирэх онд гарах олон ангит кинонд дүр авлаа. Ямар сериал гэдгийг нь таасан эхний хүнд намар кинотойгоо холбоотой гоё бэлэг бэлэглэнэ” гэжээ. Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан тэрбээр сүүлийн жилүүдэд суралцаж мэргэжлийн жүжигчин болсон. Мөн тэрбээр Их Британийн Мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн юм. А.Баярцэцэг хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлж, Лондоны их сургуулийн харьяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д анхны монгол оюутан болж, амжилттай суралцаж төгссөн билээ. Тэрбээр 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн дүр бүтээгээд амжсан. Англи, франц, испани хэлтэй А.Баярцэцэг сүүлийн үед хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарч, эхнээс нь үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байгаа билээ.
 
“Шилүүс” уралдаант хэсэгт шалгарлаа
 
Найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс” богино хэмжээний кино Америкийн Висконсин мужийн “Милвакий” кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан байна. Энэ хүрээнд Америкт байгаа монголчууд энэ сарын 20 хүртэл дээрх бүтээлийг цахимаар үзэх боломжтой аж. “Шилүүс” киноны гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон юм. Туслах дүрд Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, Сити их сургуулийн багш С. Сарангэрэл болон СУИС-ийн Театр урлагийн дээд сургуулийн багш П.Мөнх-Од нар оролцон тоглосон байна. Харин киноны зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалын Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг нь хийжээ.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
''Дарамын Төмөр-Очир: Амьдрал, үйл ажиллагаа'' сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
''Дарамын Төмөр-Очир: Амьдрал, үйл ажиллагаа'' сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.