Чекист Бүргитбай Сейлхан: "...Байдгаас энд нэг хутга, аз байвал энд нэг буу л байлаа"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 43 секунд
Чекист Бүргитбай Сейлхан: “...Байдгаас энд нэг хутга, аз байвал энд нэг буу л байлаа“

Чекист Бүргитбай Сейлхан: “...Байдгаас энд нэг хутга, аз байвал энд нэг буу л байлаа“

1941 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд БНМАУ-ын төр, засгаас мэдэгдэл гаргаж, ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж,Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг эхлүүлж, дайн эхэлсний маргааш өдрөөс "Бүхнийг ялалтын төлөө", "Бүхнийг фронтод" гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсан түүхтэй.

Тэр үед Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлсэн гэдэг төдийгүй улаан цэрэгт бэлэглэх, танкийн анхны цуваа байгуулахад хөрөнгө цуглуулах ажлыг Засгийн газраас зохион байгуулж, эхний ээлжинд тухайн үеийн ханшаар 4.5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд байршуулж байсан гэх баримт бий.

Түүнээс хойш "Хувьсгалт Монгол" нэртэй 53 танкийн цуваа, 12 онгоцноос бүрдсэн "Монгол ард" нисэх онгоцны эскадриль, 32 мянга 538 шилдэг хүлгийн цувааг ЗХУ-руу илгээж, 485 мянган морьд худалдаж, хандивласан гээд Монголчуудын оруулсан гавьяаг тоочоод барамгүй.

Тэгвэл, тухайн үед тагнуулын үүрэг гүйцэтгэж хоёр дайнд оролцсон ахмад дайчин, Монгол ардын баатар Бүритбай Сейлхантай ярилцсан юм.


Юуны өмнө танд Агуа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын мэнд хүргье.

Баярлалаа хүү минь.

Өнөөдөр Агуа их эх орны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байгаа ч энхийн цагт төрсөн хүүхдүүд нь үнэндээ дайны тухай тэр бүр сайн мэдэхгүй юм. Тэгвэл, дэлхийн хоёрдугаар дайн анх дэгдэхэд монгол орон, тэр дундаа монголчууд хэрхэн хүлээж авч байсан бэ?

Дэлхийн хоёрдугаар дайн бол бүх дэлхийг нөмөрсөн дайн шүү дээ. Тэгвэл, энэ дайнд хүн төрөлхтний эсрэг дэгдээсэн Германы фашизм, Японы имперлизмийн эсрэг тэмцсэн улс түмнүүдийн тэмцлийг дэмжихээр монголын ард түмэн, төр засаг анх оролцсон байдаг юм.

Бид байлдахын зэрэгцээ, Оросын улаан армид туслах хөдөлгөөнд бас их идэвхитэй оролцож байсан. Миний хувьд тухайн үеийн ханшаар 10 төгрөгний үнэтэй 30 ширхэг хувьцааг Оросын танкийн цувааг байгуулахад дэмжлэг болгон өгч байлаа.

Тэр үед ард түмэн ёстой байгаа бүх юм аа, зарим хүмүүс бол гарт байгаа бөгжөө, чихэнд байгаа ээмгээ хүртэл өгч байсан. Тэр дунд манай отрядын нэг намын гишүүн н.Норов хоёр гартаа байсан алтан бөгжөө мулт татаад өгч байсныг одоо ч би тодхон санаж байна.

Таны хувьд хоёр ч дайнд оролцсон гэж байна. Тэгвэл, хамгийн анх дайнд яаж татагдав?

Анх дайнд тусгай даалгавар аваад татагдан орсон хүн. Тэр үед биднийг орос нөхдүүд удирдаж, тагнуулаар бэлддэг байсан юм. Тухайн үед тагнуулаар настай хүн ч явдаг, эмэгтэй хүн ч явдаг, өвчтэй хүн ч явдаг байлаа. Намайг өнчин хүүхэд гэдэг халхавчаар хилийн чанадад илгээж байсан. Тэр үед би 16-хан настай байж дээ.

Яахав, тэр үед өвөө нь бас бичиг үсэгтэй, хэл мэддэг, эвлэлийн гишүүн, комсомол гээд явлаа шүү дээ.

Тэр үед ямар даалгавар авсан бэ?

Тэр дөчин хэдэн он бол Монгол Улсын гадаад харилцаа, хөгжил дэвшил, ард түмний амьдралын нөхцөл, боловсрол соёл иргэншил болбол их муу байсан. Тэгвэл, бидний овоот тэр орны нөхцөл байдал ямар байна, стратегийн юу байна тэрийг мэдээллэх үүрэгтэй байлаа. Тэр мэдээллүүдээр л дамжиж дайны задлан шинжилгээг хийнэ шүү дээ. Ер нь мэдээлэлгүйгээр, тагнуулгүйгээр дайны ялалт гэж байдаггүй юм.

Ингэхэд таны цолыг асуугаагүй юм байна?

Тагнуул хүнд чинь ямар юмных нь цол байх вэ. Бид чинь хий гэснийг нь хийгээд л, хувир гэсэн дүрд нь хувираад л явдаг байв. Байдгаас энд нэг хутга (цамцны дотор талын хармаагаа үзүүлэв), аз байвал энд нэг буу(бөөрөө заав) л байлаа. Өөр ч юм байсангүй ээ. Тэгж яваад хөөрхий 19 настайдаа нүдээ алдсан даа.

Үр хойч бид чинь энхийн цагт төрсөн болохоор ёстой дайны утаа үнэрлэж үзээгүй гэдэг шиг л байх юм. Ер нь тэр үед дайн хэрхэн өрнөж байв?

Одоо та нар минь 21 дүгээр зууныг эзэгнэх хувь тавилантай хойч үе маань шүү дээ. Манай ахмад үеийнхэн газар шороо, эх орон, Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж явлаа. Одоо тэдний маань олонх нь орчлонгийн жамаар хорвоог орхиж дээ.

Тэгвэл, манай XX зууны гуч, дөч, тавиад оныгодоогийн хойч үе маань мэдэхгүй гэж хэлж болохгүй. Харин бид буруутай. Бид тэдэндээ үзсэн, мэдсэн, өөрт дурсагдах дурсамжаа дэлгэж, тэр үеийн нөхцөл байдлаа ярих хэрэгтэй. Бид тэр мэдсэн зүйлсүүдээ хойч үедээ хэлэхгүй бол нүгэлтэн болж хорвоог орхино.

Би бол 1928 онд төрсөн Казак хүн. Эх орны даалгавраар хилийн чанадад харь газар, харь элэгтний дунд өдөр шөнийг ялгалгүй үргэлж айдас дагуулам хутганы ирэн дээр явсан хүн. 1942 оноос эхлэн 1952 он хүртэл энэ гадаад цэргийн албанд, тэр үед тагнуулын дотоод явдлын яам гэж байлаа, тэнд гадаад тагнуулын ажилтан явсан.

Оросын 17 дугаар армийн гуравдугаар газарт ажиллаж байсан. Оросын гуравдугаар газар нь хоёр тасагтай. Нэг нь зүүн хязгаар Өвөрмонголын Баргын нутагт Япончуудтай, хоёрдугаар тасаг нь Алтай, Шиньжаны Хятадын Гоминданы Хятадын чиглэл дээр ажилладаг байлаа. Тэр Оросын гуравдугаар газарт олон монгол, казакчууд байсан. Одоо тэндээс хүн үлдсэнгүй.

Би ер нь Цэргийн гадаад тагнуулынхан мартагдах ёсгүй гэж үздэг. Өнөөдөр бид дайны 70 жилийн ялалт гээд л ярьж байна. Гэтэл тагнуул гэдэг чинь дайны ялалтын гол тулгуур. Тагнуулгүйгээр дайны амжилт үгүй байдаг юм.

Гэтэл тэдний хийсэн, бүтээсэн, дайнд гүйцэтгэсэн үүргийг бүдэгрүүлээд байгаад манай тагнуулынхан их харамсч явдаг. Зарим нь гомдож явсаар өөд болж дээ. Гэхдээ яах вэ, өнөөдөр ялалтынхаа ойд оролцоод сэтгэл тэнүүн баярлаж байна.Хойч үедээ амьд хүн алтан аяганаас рашаан хүртэнэ гээд явж байгаа өвөө нь би байгаа юм.

Дайны хүнд хэцүү цагт хамт даалгавар гүйцэтгэж явсан нөхрөө, аав ээжийгээ алдах тохиолдол бишгүй байсан байх. Танд сүүлийн захиас биелүүлэх хүсэлт ирж байв уу?

Яах вэ, дайн гэдэг чинь бид үргэлж бууны хараанд, сэлмийн ирэн дээр явсан шүү дээ. Тэгэхдээ л хилийн чанадад явж байхдаа наад эх орон, эцэг эх, элгэн садан дандаа үгүйлэгдээд, үргэлж л хар дарж явдаг байсан. Харийн орны тэр газар шороо, агаарт хөвж байгаа үүлс, салхи нь хүртэл зэврүүн байдаг юм.

Хилийн чанадад, харь газар гүйцэтгэх эх орны даалгаврыг хүлээж аваад хилийн дээс алхахад өөрийн эрхгүй л эргэж ирэх үү, үгүй юу гэдэг муухай бодол үргэлж хуралдаад, ардахаа хэд дахин хардаг юм. Иймэрхүү байдалд л бид явлаа даа.

Чингисийн одон гэдгийг би анх удаагаа таны энгэрээс л харж байна. Танд ер нь дутуу медаль байна уу?

Дутуу медаль байхгүй ээ. Өгөөд л байна, аваад л байгаа. Би чинь хоёр дайнд орсон байхгүй юу. Бүтээн байгуулалтанд оролцоод л, тэр үед яв гэсэн газар нь явсан, хий гэсэн ажилийг хийсэн. Аль ч үед бид нар чинь нэг сэтгэл зүрхтэй явлаа шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Иракд “Исламын Улс”-ын эсрэг ажиллагаа эхэллээ
Иракд “Исламын Улс”-ын эсрэг ажиллагаа эхэллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.